Хэвлэх DOC Татаж авах
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/  
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр                                                                                                        Улаанбаатар хот

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ                                    



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ   Нийтлэг үндэслэл  

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь соёлын өвийг эрэн сурвалжлах,  бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалж, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, өвлүүлэн уламжлуулах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж

           

2.1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

            3 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйл

3.1. Түүхэн тодорхой орон зай, цаг үеийн төлөөлж чадах түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь эд өлгийн зүйлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын дурсгалт зүйлд хамааруулна:

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

                        3.1.1. эртний хүний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, ашигт малтмал олборлож, боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж байсан газар, булш хиргисүүр, бунхан, оршуулга, тахилгын газар, хөшөө чулуу, хадны сүг зураг, бичээс зэрэг археологийн дурсгал;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

                        3.1.2. эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон уран барилгын цогцолбор, сүм дуган, хийд, гудамж, талбай, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал;

                        3.1.3. угсаатны хувцас, чимэглэл, гэр болон аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг, хөгжмийн зэмсэг, түүнчлэн уламжлалт тоглоом наадам, шашин шүтлэгтэй холбогдолтой эд өлгийн зүйл;

3.1.4. сурвалж  бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино, дүрс бичлэг;

3.1.5. уран зураг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон вааран эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;

3.1.6. түүхэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой байшин барилга, эд өлгийн зүйл, баримт бичиг;

                        3.1.7. түүх, соёлын дурсгалт цогцолбор газар;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                        3.1.8.эртний хүн, амьтан, бичил биетэн, ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан олдворт газар;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        3.1.9. эрдэс, үнэт чулууны ховор олдвор;

                        3.1.10. эд өлгийн бусад зүйл.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Соёлын биет бус өв

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

            4.1. Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна:

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.1.1. эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;

                        4.1.2. аман зохиол;

                        4.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах  арга барил;

4.1.4. хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;

            4.1.5. хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг  илэрхийлэх  арга  барил;

            4.1.6. үндэсний хөгжмийн зэмсгийг урлах,хөгжимдөх, аялгуу  тэмдэглэх арга барил;

4.1.7. ардын уламжлалт бүжиг, бий, биелгээ;

                        4.1.8. уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц  авъяастны ур чадварын арга барил;

4.1.9. ардын гар урлалын дэг сургууль;

4.1.10. ардын ёс заншил, зан үйлийн уламжлал;

4.1.11. эрдэм ухааны уламжлал;

4.1.12. ардын бэлгэдэх ёсны уламжлал.

Хэвлэх

            5 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт  зүйлийн зэрэглэл, үнэлгээ

                                 

            5.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлоор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэж зэрэглэнэ.

            5.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг холбогдох музей эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тодорхойлно.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

            5.3. Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёл, шинжлэх ухааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            5.4. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар батална.

            5.5. Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн болон соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор, соёл, шинжлэх ухааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.6. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зарим зүйлийг “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д хамааруулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх үүргийг соёл, шинжлэх ухааны  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ  
Соёлын өвийн улсын бүртгэл-мэдээллийн сан

6 дугаар зүйл. Соёлын өвийн улсын нэгдсэн  бүртгэл-мэдээллийн сангийн тогтолцоо

            6.1. Соёлын өвийн улсын нэгдсэн  бүртгэл-мэдээллийн сан /цаашид “бүртгэл-мэдээллийн сан” гэх/ нь дараахь тогтолцоотой байна:

                        6.1.1. соёлын өвийг хадгалж байгаа байгууллага дахь бүртгэл-мэдээллийн сан;

                        6.1.2. сум, аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн сан;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                        6.1.3. улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан.

            6.2. Аймаг, нийслэлийн соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сан нь Засаг даргын тамгын газарт, улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан нь соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байна.

Хэвлэх

            7 дугаар зүйл. Бүртгэл-мэдээллийн сангийн бүрдэл

7.1.Бүртгэл-мэдээллийн сан нь соёлын өвийн тодорхойлолт, судалгаа шинжилгээний ажлын товч тайлан, гэрэл зураг, слайд, дуу болон дүрс бичлэгтэй хальс ба цахим зээрэнцэг, сэргээн засварлах ажлын товч тайлан зэргээс бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7.2. Бүртгэл-мэдээллийн сан нь тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг тодорхойлох, хадгалж хамгаалах, өвлүүлэх, түүнчлэн түүх, соёлын дурсгалт зүйл эвдэрч гэмтсэн, соёлын биет бус өв  нь устсан, мартагдсан, тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардагдах бүрэн мэдээллийг агуулсан байвал зохино.

/Энэ хэсэгт 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

8 дугаар зүйл. Соёлын өвийг бүртгэх

           

8.1. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэл-мэдээллийн санд заавал бүртгэнэ.

8.2. Хувийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэнэ.

            8.3. Түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэлийг өмчлөгчийн хүсэлтээр нууцлан хадгалж болно.

            8.4. Соёлын өвийг бүртгэл-мэдээллийн санд бүртгэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.

8.5. Бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, соёлын өвийг уг санд бүртгэх журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

8.6. Түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн гэрчилгээг энэ хуулийн 5.4-т, соёлын биет бус өвийг өвлөсөн билэг авъяастны гэрчилгээг энэ хуулийн 5.5-д заасан жагсаалтыг батлагдсан  өдрөөс хойш 30 хоногийн дотор өмчлөгч, эзэмшигч болон авъяастанд олгоно.

/Энэ хэсэгт 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

            8.7. Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллогыг 4 жил тутам соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. Тооллого явуулах журмыг Засгийн газар тогтооно.

            8.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутгийн түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж байгаа байгууллага дахь бүртгэл-мэдээллийн сангийн баяжуулалт, бүрдэлтэд хяналт тавьж судалгаа, тайлан, мэдээллийг зохих журмын дагуу улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд гаргана.

            8.9. Хуульд өөрөөр заагаагүй бол түүх, соёлын дурсгалт зүйлийг олж илрүүлсэн этгээд энэ тухай холбогдох сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

8.10. Монгол Улсын түүх, соёлтой холбогдох зүйлийг гадаадын байгууллага, иргэн, харъяалалгүй хүн  өөрийн санаачилгаар  өгсөн тохиолдолд түүнийг бүртгэх, үнэлэх журмыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

8.11. Сум, дүүргийн Засаг дарга 8.9-д заасан болон тухайн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй малтлага, хайгуул хийж байгаа мэдээллийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  7 хоногийн дотор мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


                 ГУРАВДУГААР БҮЛЭГ  
                        Соёлын өвийг сурвалжлан олох, судалж   шинжлэх,

сурталчлах, ашиглах

            9 дүгээр зүйл. Соёлын өвийг сурвалжлан  олох, судалж шинжлэх

9.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.

9.2. Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, иргэн эрхлэн явуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

            9.3. Соёлын өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх журмыг соёл, шинжлэх ухааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

            9.4. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр холбогдох мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага гэрээний үндсэн дээр судалгаа, шинжилгээ хийж болно.

            9.5. Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага хайгуул, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх явцдаа олж илрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлээ цаашид нарийвчлан судлах тохиолдолд давуу эрх эдэлнэ.

            9.6.Соёлын өвийн судалгаа, шинжилгээний ажлын товч тайланг аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд хадгалуулна.

9.7. Соёлын өвийн  судалгаа, шинжилгээний ажлын нэгдсэн мэдээллийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  жил бүр гаргаж улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгална.

Хэвлэх

            10 дугаар зүйл. Соёлын өвийг сурталчлах, ашиглах

            10.1. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана.

            10.2. Музей, номын сан хадгалагдаж байгаа  соёлын өвийг сурталчлах, судалгаа шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээх, үрэгдүүлэхийг хориглоно.

 /Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

            10.3. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг язгуур зориулалтаар ашиглахыг хориглоно. Энэ заалт түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах барилга байшинд хамаарахгүй.

            10.4. Сүм хийд шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад нь шаардлагатай музей, номын сан дахь түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг Төр, сүм хийдийн харилцааны тухай1 хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэх асуудлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.

            10.5. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журмыг Засгийн газар тогтооно.

            10.6. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний зөвшөөрснөөр эрх бүхий соёлын байгууллага бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийг өмчлөгч, эзэмшигчтэй нь гэрээ байгуулсны үндсэн дээр түр хугацаагаар дотоод, гадаадын үзэсгэлэнд тавьж, тоглолтод хамруулж болно. Гэрээнд уг зүйлийг ашиглах нөхцөл, хугацаа, үнэ, даатгалын хэмжээ, өмчлөгч буюу эзэмшигчид төлөх хөлс, ашиглагч этгээдийн хүлээх хариуцлага, хамгаалалтын баталгаа зэрэг үндсэн болзлыг тусгана.  

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ  
Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгаа

11 дүгээр зүйл. Хайгуул, малтлага, судалгааны ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг эрхлэн явуулах байгууллага

11.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгааны ажил нь эрдэм шинжилгээний болон авран хамгаалах үндсэн чиглэлтэй байна.

            11.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгааг зөвхөн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.

            11.3.Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг  соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            11.4. Түүх, соёлын дурсгалт зүйлийн малтлага, судалгаа хийх байгууллага ажлаа эхлэхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргад заавал мэдэгдэх,  малтлага, судалгааныхаа зорилго, ач холбогдлын талаар танилцуулах үүрэг хүлээнэ.

            11.5. Газар өмчлөгч, эзэмшигч нь энэ хуулийн 11.3 -т заасан зөвшөөрлийг үндэслэн түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллагад зориулалт бүхий газар олгоно.

            11.6.Түүх, соёлын дурсгалт зүйлийн судалгаа шинжилгээний ажлын дэлгэрэнгүй тайланг 2 хувь үйлдэж, шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сан болон малтлага явуулсан байгууллагад тус тус хадгална. Тайлан бүрэн эхээрээ хэвлэлд нийтлэгдээгүй тохиолдолд түүнийг ашиглах асуудлыг Зохиогчийн эрхийн тухай хууль1-ийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.7. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглоогүй бол түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгааг гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж болно.

                                   

Хэвлэх

12 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага

12.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлагыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон журмын дагуу хийнэ.

            12.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага хийхэд геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээхийг хориглоно.

                       

            12.3. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлагын ажил дууссаны дараа малтлага явуулсан газрыг аюул осолгүй болгон засаж, хамгаалалтад авна. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага явуулсан тухай товч мэдээллийн хамт уг газрыг тухайн сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

Хэвлэх

            13 дугаар зүйл. Түүх, соёлын  олдвор

13.1. Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.

            13.2. Эрдэм шинжилгээний хайгуул, малтлага, судалгааны ажлын явцад илрүүлсэн түүх, соёлын олдворыг илэрсэн өдрөөс хойш 1 жилийн  дотор тухайн аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд  бүртгүүлнэ.

            13.3.Түүх, соёлын олдворыг цаашид судлах шаардлагатай бол судалгааг дуусгах, олдворын зэрэглэлийг тогтоолгох, холбогдох байгууллагад шилжүүлэх  талаар зөвшөөрөл олгосон байгууллагатай гэрээ хийж зохицуулна.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            13.4. Судалгаа, шинжилгээ хийсэн олдвор нь:

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

                        13.4.1. түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд тодорхойлогдвол уг олдворыг эрдэнэсийн сан, улсын музейд;

           

                        13.4.2. түүх, соёлын үнэт болон ердийн дурсгалт зүйлд тодорхойлогдвол уг олдворыг судалгаа шинжилгээ хийсэн эрдэм шинжилгээний байгууллагын сан хөмрөг, улсын болон аймгийн музейд тус тус шилжүүлнэ.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ  
Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч,

эзэмшигчийн эрх, үүрэг

            14 дүгээр зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчийн эрх, үүрэг

14.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч иргэн нь дараахь эрх эдэлнэ:

                        14.1.1. түүх, соёлын дурсгалт зүйлийг язгуур зориулалтаар ашиглах;

                        14.1.2. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлээ нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогоос авах;

                        14.1.3. түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах, зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай тохиолдолд тогтоосон журмын дагуу улсаас санхүүгийн дэмжлэг авах.

14.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч иргэн нь дараахь үүрэг хүлээнэ:

                        14.2.1. түүх, соёлын дурсгалт зүйлийг аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлэх;

                        14.2.2. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын  үнэт дурсгалт зүйлийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд энэ тухайгаа  аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд мэдэгдэх;

                        14.2.3. түүх, соёлын дурсгалт зүйлийг хил нэвтрүүлэхэд энэ хуулийн 20.2, 20.3-т заасны дагуу зөвшөөрөл авах;

                        14.2.4. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйл нь алдагдсан, үрэгдсэн тохиолдолд нэн даруй, боломжгүй бол энэ тухай мэдсэнээс хойш 7 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

Хэвлэх

15 дугаар зүйл. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг                                                                        эзэмшигчийн эрх, үүрэг

15.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмшигч нь дараахь  эрх эдэлнэ:

                        15.1.1. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах;

                        15.1.2. түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг харгалзан холбогдох журмын дагуу тэдгээрийг түр солилцох, худалдаж авах;

                        15.1.3. түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олж цуглуулах, шинэчлэн судлах.

15.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмшигч нь дараахь  үүрэг хүлээнэ:

15.2.1. энэ хуулийн 14.2.1, 14.2.3, 14.2.4.-т заасан үүрэг;

                        15.2.2. түүх, соёлын дурсгалт зүйлийг даатгалд хамруулан бүрэн бүтэн хадгалж, хамгаалах;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                        15.2.3. өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүх, соёлын дурсгалт зүйлийг эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжүүлэхгүй байх.

Хэвлэх

16 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг  худалдах

            16.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдах, түр солилцох журмыг соёл, шинжлэх ухааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

            16.2. Хувийн өмчид байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг бусдад худалдах нөхцөлд өмчлөгчтэй тохиролцсоноор төр худалдан авна. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн үнийг харилцан тохиролцсоноор тогтоож төлөх бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.

16.3.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ гадаадын иргэн, харъяалалгүй хүнд шилжүүлэхийг хориглоно.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ  
Соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах тогтолцоо  

            17 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах

17.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэл, баг, сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

            17.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална. Тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор  соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр улсын музейд шилжүүлэн хадгалж болно.

            17.3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

            17.4. Төрийн өмчид байгаа үнэт металл, эрдэнийн үнэт чулуугаар хийсэн хосгүй үнэт дурсгалт  зүйлийн жинхэнэ эхийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр эрдэнэсийн санд хадгална.

            17.5. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийн хуулбарыг улсын болон тухайн аймаг, нийслэл, сумын музейд, бусад хосгүй үнэт дурсгалт зүйлийн жинхэнэ эхийг улсын музейд тус тус хадгална. 

            17.6. Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, археологи, палеонтологи болон уран барилгын цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын болон  түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

17.7. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

17.8. Энэ хуулийн 17.6-д зааснаас бусад түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн дурсгал хадгалагдаж байгаа газар түүний хэвлийг хамгаалалтын бүсэд хамааруулж болно.

           

17.9. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нь устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улсын буюу орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийн үндсэн дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр саырн 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

           

17.10. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл авна. Урьдчилан хайгуул хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг барилга байгууламжийн захиалагч хариуцна.

17.11. Иргэн түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй байдал олж илрүүлсэн бол энэ  тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх, боломжтой  бол хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.

17.12. Газрын хэвлийг ашиглах явцад түүх, соёлын дүрсгалт зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагч нь ажлаа зогсоож энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

17.13. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөхийг хориглоно.

17.14. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлийг хадгалж, хамгаалах хэвийн нөхцөлийг хангана. Уг нөхцөлийг хангах боломжгүй бол эрдэнэсийн сан, улсын музейд хадгалуулж болно. Энэ тохиолдолд тэдгээрийг өмчлөгчтэй хийсэн гэрээний дагуу улсын даатгалд авна.

17.15. Сум, дүүргийн Засаг дарга түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

18 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

                             

            18.1. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн шатны Засаг дарга нь энэ хуулийн 5.5-д заасан жагсаалтад бүртгэгдсэн авъяастны өвлөсөн өвийг  тухайн үндэстэн угсаатны түүх, уламжлал, ёс заншил, ахуй нөхцөлтэй нь уялдаатайгаар судалж, сурталчлах, өвлүүлэх, хамгаалах асуудлыг зохицуулна.

18.2. Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын биет бус өвийг өвлөн тээгчдийн авъяас билгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, билэг авъяастныг тодруулах зорилгоор 5 жил тутам улсын хэмжээнд  ардын урлагийн их наадмыг зохион байгуулна.

/Энэ хэсэгт  2005 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

19 дүгээр зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх

19.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судлах, хамгаалах зорилгоор хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний  үндсэн дээр зөөж тээвэрлэнэ.

19.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх журмыг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

20 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг  нэвтрүүлэх

20.1.Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын хосгүй үнэт болон үнэт дурсгалт зүйлийг гагцхүү судалж шинжлэх, сурталчлах, сэргээн засварлах зорилгоор түүний хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр 2 жилээс дээшгүй хугацаагаар улсын хилээр нэвтрүүлж болно. Шаардлагатай бол хугацааг сунгаж болно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            20.2. Хувийн өмчид байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгээр судалж шинжлэх, сурталчлах, сэргээн засварлах, өмчлөгч өөрөө язгуур ахуйн хэрэглээний зориулалтаар ашиглахаар соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж болно.

                      

20.З.Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгээр, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр 2 жилээс дээшгүй хугацаатайгаар гадаадад гаргаж болно.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.4. Хууль бусаар гадаадад гаргасан түүх, соёлын дурсгалт зүйл, түүнчлэн энэ хуулийн 20.2, 20.3 -т заасны дагуу улсын хил гаргасан түүх, соёлын дурсгалт зүйл алдагдсан, үрэгдсэн тохиолдолд тэдгээрийг Монгол Улсын өмч болгон зарлах бөгөөд эргүүлж авчрах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон цагдаагийн байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулна.

20.5. Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн болон хил нэвтрэх үед гаалийн байгууллагад хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрөл зүйлээр нь ялгаж зохих байгууллагын сан хөмрөгт шилжүүлнэ.

           

Хэвлэх

21 дүгээр зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг  сэргээн засварлах

21.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төсөл, төсвийн дагуу гэрээгээр гүйцэтгэнэ.

21.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь улсын болон орон нутгийн  төсөв, сан, байгууллага, иргэдээс оруулсан хандив, хөрөнгө оруулалт, түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчийн үйл ажиллагааны орлого байна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр саырн 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх


                                                ДОЛДУГААР БҮЛЭГ
                                                       Бусад зүйл  

22 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалахад идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж,байгууллагыг                                     алдаршуулах, урамшуулах

22.1. Соёлын өвийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, музей, архив, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, алдагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

            22.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

221 дугаар зүйл.Соёлын өвийн хяналт

            221.1.Соёлын өвийн хяналтыг мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ.

            221.2.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага нь соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм, журам, түүнтэй холбогдсон норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавина.

            221.3.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.8 -д дурдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад байгаль орчны байцаагч хяналт тавина.

/Дээрх 221 дугаар зүйлийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            23 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид  хүлээлгэх хариуцлага

23.1.Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол шүүгч, соёлын болон байгаль орчны хяналтын улсын байцаагч, сум, дүүргийн Засаг дарга гэм буруутай этгээдэд дараахь шийтгэл ногдуулна:

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        23.1.1. энэ хуулийн 8.1; 8.9; 11.4; 12.2; 12.3; 14.2; 15.2; 17.13, 21.1 дэх заалтыг зөрчсөн бол иргэнийг 10000-20000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгож, энэ хуулийн 12.2; 12.3; 17.13-т заасан зөрчлийг арилгуулах;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                        23.1.2. энэ хуулийн 9.4; 9.6; 10.3, 13.2; 13.4 дэх заалтыг зөрчсөн бол  иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000 , байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-100000  төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                        23.1.3. түүх, соёлын дурсгалт зүйлийг ашиглах, сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хувилан олшруулах, хуулбар хийх, хадгалж хамгаалах, зөөж тээвэрлэх, тооллого хийх журмыг зөрчсөн бол иргэнийг 20000-50000 , албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-150000  төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                        23.1.4. энэ хуулийн 17.7; 17.10-ыг зөрчсөн бол 200000-250000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох, хууль бусаар олсон орлогыг хураах;

                        23.1.5. энэ хуулийн 20.3-ын дагуу түүх, соёлын үнэт, ердийн дурсгалт зүйлийг түр хугацаагаар улсын  гаргаад тогтоосон хугацаандаа оруулж ирээгүй иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг  200000-250000 төгрөгөөр торгож, уг дурсгалт зүйлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд заавал авч ирүүлэх;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                        23.1.6. энэ хуулийн 16.3 дахь хэсгийг зөрчсөн бол тухайн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг нь хурааж, иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр торгох.

23.1.7.энэ хуулийн 8.6, 9.7-г зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.1.8. шүүгч энэ хуулийн  8.11, 20.1-ийг зөрчсөн албан тушаалтныг  30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.2.Энэ хуулийн 8.11, 20.1-ийг зөрчсөн зөрчлийг шүүгч,  11.4, 12.2, 12.3, 17.7, 17.10, 17.13-г зөрчсөн зөрчлийг байгаль орчны улсын байцаагч ,    8.1, 8.9, 9.4, 9.6, 11.4, 12.3, 13.2, 13.4, 14.2, 15.2, 16.3, 17.7, 17.10, 17.13,  20.1, 21.1, 23.1.1, 23.1.3 -г зөрчсөн зөрчлийг сум, дүүргийн Засаг дарга,  соёлын хяналтын улсын байцаагч, 23.1.7-д заасан зөрчлийг соёлын хяналтын улсын байцаагч тус тус харьяалан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

             

                        МОНГОЛ УЛСЫН                                                 ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                     Л.ЭНЭБИШ


1 Тєр, сїм хийдийн харилцааны тухай-"Тєрийн мэдээлэл" сэтгїїлийн 1993 оны № 6-7 дугаарт нийтлэгдсэн.

1 Зохиогчийн эрхийн тухай “Тєрийн мэдээлэл” сэтгїїлийн 1993 оны №4-5 дугаарт нийтлэгдсэн.

Хэвлэх