Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 20



Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7.1, 7.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:


“1. Сумын хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 11, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 13, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 14, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 16, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 19, 20001-ээс дээш хүн амтай суманд 21 байхаар тус тус тогтоосугай.”


2. ”Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:


“4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 40 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 43 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 40 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 32 хүртэл, Багахангай дүүрэгт 23 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоосугай.”


3. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн “-Улсын бүртгэлийн хэлтэс”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн “Нийслэлийн бүртгэлийн газар” гэсэн 15 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сум, дүүрэг, хороонд ажиллаж байсан бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжид энэ оны I улиралд багтаан цалингийн сангийн хамт шилжүүлэх арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


5. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж, сум, хорооны улсын бүртгэгчийн үйл ажиллагааны зардлыг Тэргүүн шадар сайдын төсвийн багцад шилжүүлэн санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай. 


                       Монгол Улсын Ерөнхий сайд                    С.БАТБОЛД 


                     Монгол Улсын Тэргүүн 


                            шадар сайд                                               Н.АЛТАНХУЯГ