Хэвлэх DOC Татаж авах
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль тогтоомж

2.1.Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын зорилго

3.1.Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“хүүхдийн цэцэрлэг” гэж /цаашид “цэцэрлэг” гэх/ хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.2.”тусгай цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хөгжлийн б‎эрхшээлтэй хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;

4.1.3.“сувиллын цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны биеийн өсөлт, оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;

4.1.4.“асрамжийн цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны эцэг, эх, асран хамгаалагчгүй болох нь албан ёсоор тогтоогдсон өнчин, хагас өнчин хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;

4.1.5.“уртасгасан цагийн бүлэг” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр нэг өдөрт үргэлжлэх үйл ажиллагааны хугацааг 1-3 цагаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа бүлгийг;

4.1.6.“богиносгосон цагийн бүлэг” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр нэг өдөрт үргэлжлэх үйл ажиллагааны хугацааг 1-3 цагаар хорогдуулан ажиллаж байгаа бүлгийг;

4.1.7. “24 цагийн ажиллагаатай” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллагын хамтарсан шийдвэрээр ажлын таван өдөр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг болон бүлгийг;

4.1.8.“үндсэн сургалт” гэж цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших сургалт болон хөгжүүлэх үйл ажиллагааны цогцыг;

/Энэ заалтыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.9.“хувилбарт сургалт” гэж үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “ээлжийн бүлгийн”, “явуулын багшийн”, “нүүдлийн бүлгийн” сургалтын үйл ажиллагааг;

4.1.10.“ээлжийн бүлгийн сургалт” гэж боловсролын стандартыг баримтлан танхимын хэлбэрээр хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг;

4.1.11.”явуулын багшийн сургалт” гэж боловсролын стандартыг баримтлан гэр бүлд түшиглэж, хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг;

4.1.12.“нүүдлийн бүлгийн сургалт” гэж боловсролын стандартыг баримтлан гэр бүл, хүүхдэд үйлчлэх сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг;

4.1.13.“туслах багш” гэж хүүхэд бүрд сургуулийн өмнөх боловсрол олгох, асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцдог, багшид туслах үүрэгтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.14.“халамжийн цэцэрлэг” гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.15.“гэр цэцэрлэг” гэж алслагдсан сум, баг, хорооны цэцэрлэгт хамрагдаагүй хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх цэцэрлэгт түшиглэсэн асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.16.“салбар бүлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт түшиглэн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр эрүүл, аюулгүй, хамгаалагдсан, стандартад нийцсэн сургалтын орчин бүхий хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагааг.

/Энэ заалтыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сургуулийн өмнөх боловсролын агуулга, стандарт

5 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын агуулга, стандарт

5.1.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

5.1.1.бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болгох;

5.1.2.хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох;

5.1.3.хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд туслах;

 5.1.4.хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж, мэдээлэх чадвартай болох, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах.

/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.2.Цэцэрлэг нь Боловсролын тухай хуулийн 11.3-т заасан боловсролын стандартыг хэрэгжүүлнэ. 

5.3.Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хэвлэх

6 дугаар зүйл. Сургалтын хэрэглэгдэхүүн

6.1.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах ном, гарын авлага, сургалтын үзүүлэн болон тоглоом, бусад хэрэглэгдэхүүн нь сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

6.2.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах ном, гарын авлага, сургалтын үзүүлэн зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна.

Хэвлэх

 7 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын үнэлгээ

7.1.Хүүхдийн чадвар, чадамж, хөгжлийн ахицыг үнэлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 /Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.2.Цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу үнэлж, дүгнэнэ.

Хэвлэх

71 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсрол олгох хэлбэр

71.1.Сургуулийн өмнөх боловсролыг үндсэн болон хувилбарт сургалтаар олгоно.

71.2.Сургуулийн өмнөх боловсролд хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны бүх хүүхдийг хамруулна.

/Энэ зүйлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Цэцэрлэг, түүний зохион байгуулалт

8 дугаар зүйл. Цэцэрлэг

8.1.Цэцэрлэг нь ердийн, тусгай, сувиллын, асрамжийн, халамжийн гэсэн хэв шинжтэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандартын дагуу асаргаа, сувилгаа, сургалтын үйлчилгээг дагнасан болон хосолсон хэлбэрээр явуулж болно.

8.3.Цэцэрлэг нь сургуульд элсэхийн өмнөх насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.

8.4.Цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт зохион байгуулж, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

8.5.Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм болон аюулгүй байдлын дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

8.6.Тусгай, гэр цэцэрлэг болон сувиллын цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм, эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг эрүүл мэнд, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, асрамжийн болон халамжийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын болон нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.7.Цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө.

8.8.Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмч, тогооч болон үйлчилгээний бусад ажилтан ажиллана.

8.9.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллана.Бүлэгт хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллаж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчллөт оруулсан/

8.10.Уртасгасан болон 24 цагийн ажиллагаатай нэг бүлэгт хоёр багш, гурван туслах багш ажиллаж болно.

8.11.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санхүүжилтээр төлбөртэй цэцэрлэг ажиллуулж болно.

8.12.Цэцэрлэг нь хүүхдийн эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулна.

8.13.Цэцэрлэг нь баг, хорооны нутаг дэвсгэрт салбар бүлэг ажиллуулж болно.

8.14.Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, эмч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

 8.15.Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагын нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.16.Цэцэрлэгт бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн сургууль төгссөн хөгжмийн болон биеийн тамирын багш ажиллаж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

9 дүгээр зүйл. Цэцэрлэгийн үйл ажиллагааны зохион байгуулалт

9.1.Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн ажиллах цагийг уян хатан тогтоож, уртасгасан, богиносгосон, 24 цагийн ажиллагаатай бүлэг ажиллуулж болно.

9.2.Цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

9.3.Байгаль, цаг уурын болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан тогтоосон онцгой дэглэм, хорио цээрийг харгалзан цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүрд нь өөрчилж болно.

9.4.Цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг энэ хуулийн 9.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хугацаагаар хаахыг хориглоно.

9.5.Цэцэрлэгийн сургалтын цагийн жилийн доод хэмжээ, хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагааны харьцаа, үндсэн болон хувилбарт сургалтын цаг, бүлэг дүүргэлт, багш, хүүхдийн харьцааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

9.6.Цэцэрлэгийн сургалтыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулах бөгөөд нэг бүлэгт байх хүүхдийн тоо хангалтгүй байгаа тохиолдолд холимог бүлгийн хэлбэрээр сургалт зохион байгуулж болно.

9.7.Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.7, 8.8, 8.9, 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.8.Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн багш ажиллуулна.

9.9.Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж болох бөгөөд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд нэг бүлэгт байж болно.

9.10.Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.11.Сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэг нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

 9.12.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга барилыг эзэмшсэн байна.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.13.Тусгай цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.14.Тусгай цэцэрлэгт ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.15.Цэцэрлэгийн багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан нэмэгдэл цалин олгоно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

 9.16.Энэ хуулийн 9.15-д заасан нэмэгдэл цалингийн хэмжээ, түүнийг олгох журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Цэцэрлэгийн удирдлага

10 дугаар зүйл. Цэцэрлэгийн удирдлага

10.1.Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно.

10.2.Цэцэрлэгийн өөрийн удирдлага нь цэцэрлэгийн зөвлөл байх бөгөөд түүнийг Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу байгуулна.

10.3.Цэцэрлэгийн мэргэжил, арга зүйн удирдлагыг заах аргын нэгдэл хэрэгжүүлнэ.

10.4.Цэцэрлэгийн зөвлөлийн болон багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

10.5.Заах аргын нэгдлийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгч батална.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Эрхлэгчийн нийтлэг эрх, үүрэг

11.1 Эрхлэгч нь дараахь эрхтэй:

11.1.1.холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

 11.1.2.багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх;

 11.1.3.сургалтын болон сургуулийн өмнөх боловсролын бусад үйлчилгээтэй холбогдсон асуудлаар эцэг, эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх;

11.1.4.дотоод, гадаадын цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах;

11.1.5.хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах;

11.1.6.сургалтын үйл ажиллагааны дэвшилтэт арга, хэлбэрийг турших, нэвтрүүлэх.

11.2.Эрхлэгч дараахь үүрэгтэй:

 11.2.1.боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах;

11.2.2.цэцэрлэгийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

11.2.3.цэцэрлэгийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх;

11.2.4.цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

11.2.5.цэцэрлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь гаргах ажлыг зохион байгуулах;

11.2.6.хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

11.2.7.багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох;

11.2.8.хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх;

11.2.9.хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх;

11.2.10.цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах;

11.2.11.сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.

11.2.12.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, судалгаа гаргах.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Сургуулийн өмнөх боловсролын харилцаанд оролцогчид

12 дугаар зүйл. Багш, түүний эрх, үүрэг

12.1.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.Багш нь багшлах эрхтэй байна.

12.3.Багшид Боловсролын тухай хуулийн 28.1.22-т заасан журмын дагуу заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.4.Багшийн заах арга, мэргэжлийн ур чадвар, мэргэшил дээшлүүлэх сургалтыг төвлөрсөн, бүсчилсэн болон зайны хэлбэрээр зохион байгуулахад Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

 12.5.Багш Боловсролын тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасан нийгмийн баталгаагаар хангагдана.

12.6.Эцэг, эх, асран хамгаалагчаас шалтгаалан багш илүү цагаар ажилласан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчаас төлбөр авах асуудлыг цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэр, эцэг, эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээний дагуу зохицуулна.

12.7.Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д заасан эрхээс гадна хүүхдийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ.

12.8.Багш Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

12.8.1.багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж биелүүлэх;

12.8.2.холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах;

12.8.3.сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;

12.8.4.хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчтай заавал зөвшилцөх;

12.8.5.хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

 12.8.6.сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах;

12.8.7.хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар цэцэрлэгийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх;

12.8.8.эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт тогтмол хамрагдах.

12.8.9.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

13 дугаар зүйл. Туслах багшийн эрх, үүрэг

 13.1.Туслах багш нь дараахь эрх, үүрэгтэй:

13.1.1.бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативыг хангах;

13.1.2.хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход туслах;

13.1.3.хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх;

13.1.4.хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах;

13.1.5.эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хамрагдах;

13.1.6.мэргэжлийн сургалтад хамрагдах нөхцөлөөр хангагдах.

13.1.7.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

14 дүгээр зүйл. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

14.1.Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:

14.1.1.хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг сонгох;

14.1.2.цэцэрлэгийн сургалтын орчин, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт, гомдол гаргах, хяналт тавих;

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.3.хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжил, боловсролын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа авах;

14.1.4.сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах ;

14.1.5.хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;

14.1.6.цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм, журам боловсруулах, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах, шийдвэр гаргахад оролцох.

14.2.Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:

14.2.1.сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах;

14.2.2.хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд заавал хамруулах, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах;

14.2.3.хүүхдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахын өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, заавал хийх дархлаажуулалтад хамруулах;

14.2.4.сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах;

14.2.5.өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах;

14.2.6.хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах.

 14.2.7.хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

14.2.8.хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцах.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Сургуулийн өмнөх боловсролын санхүүжилт

15 дугаар зүйл. Санхүүжилт

15.1.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 15.2.Явуулын багш, ээлжийн болон нүүдлийн бүлгийн сургалтын зардлыг нэг хүүхдэд ногдох зардлаар тооцон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

15.3.Уртасгасан цагийн бүлэг, зуны улиралд ажиллах салбар бүлгийн үйл ажиллагаанд шаардагдах нийт зардлыг хүсэлт гаргагч эцэг, эх, асран хамгаалагч хариуцна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

15.4.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2-т заасан хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

15.5.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын улсын төсвөөс санхүүжүүлэх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх