Хэвлэх DOC Татаж авах
СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан үндэслэлээр гаргасан шийдвэрийн дагуу сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх нөхцөл, журмыг тодорхойлох, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль тогтоомж

2.1. Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

З дугаар зүйл.Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх зарчим

3.1.Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэхэд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтална.

3.2.Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд эрүү шүүлт тулгах, эсхүл бусад арга хэрэглэн түүний бие махбодийг тарчлаан зовоох буюу сэтгэл санааны дарамтад оруулахыг хориглоно.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үндэслэл

4.1. Гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захирамж, тогтоол нь баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үндэслэл болно.

/Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

5 дугаар зүйл.Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн эрх зүйн байдал

5.1.Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд /цаашид “хоригдсон этгээд” гэх/ нь энэ хуулиар хязгаарласнаас бусад Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ.

5.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт баривчлагдсан, цагдан хоригдсон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль,1 энэ хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэний адил эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ.

5.3.Хоригдсон этгээдийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран энэ хууль нэгэн адил үйлчилнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, ЦАГДАН ХОРИХ НӨХЦӨЛ, ЖУРАМ

6 дугаар зүйл.Баривчлах, цагдан хорих байрны тогтолцоо

6.1.Нийслэлд цагдан хорих төв, баривчлах байр, аймгуудад цагдан хорих, баривчлах байр /цаашид “хорих байр” гэх/ байна.

6.2.Нийслэл дэх цагдан хорих төв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын, аймаг, сум, дүүргийн хорих байр нь тухайн нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяанд тус тус ажиллана.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.3.Нийслэл дэх цагдан хорих төв нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

6.4. Төв, суурин газраас алслагдсан нутаг дэвсгэрт байгаа цэргийн анги, салбарын сахилгын хорих байранд сэжигтнээр 14 хоног хүртэл хугацаагаар цагдан хорьж болно. Цэргийн анги, салбарын сахилгын хорих байранд мөрдөх журмыг цэргийн дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

7 дугаар зүйл.Хорих байр байгуулах, өөрчлөх, татан буулгах

7.1.Хорих байр байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

8 дугаар зүйл.Хорих байрны санхүүжилт

8.1.Цагдан хорих төв, цагдан хорих байр болон баривчлах байрны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хорих байрны захиргааны нийтлэг үүрэг

9.1.Хорих байрны захиргаа нь дараахь нийтлэг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.хоригдсон этгээдэд түүний эрх, үүрэг, хорих нөхцөл, журмын талаар тайлбарлах;

9.1.2.хоригдсон этгээд болон бусад хүмүүсээс хорих байрны талаар гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөх;

9.1.3.хоригдсон этгээд нэг бүрт хувийн хэрэг нээх;

9.1.4.хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх.

Хэвлэх

10 дугаар зүйл.Хорих байрны ажилтан, түүний эрх, үүрэг

10.1.Хорих байрны ажилтнууд нь хамгаалалтын болон үйлчилгээний ажилтнаас бүрдэнэ.

10.2.Хорих байрны офицер, ахлагч, түрүүч, байлдагчийг хамгаалалтын ажилтан гэх бөгөөд тэдгээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3, 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/

10.3.Хорих байрны ажилтнуудад дараахь зүйл хийхийг хориглоно:

10.3.1.хорих байранд энэ хуульд зааснаас бусад гадны хүмүүсийг нэвтрүүлэх;

10.3.2.хоригдсон этгээдтэй албаны бус зүйл ярих, уулзах, зохих зөвшөөрөл, хяналтгүйгээр хоол хүнс, хувцас, захидал болон бусад зүйл дамжуулах;

10.3.3.галт зэвсэг, тусгай хэрэгсэл, хорих өрөөний түлхүүрийг бусдад шилжүүлэх;

10.3.4. тухайн хэргийг шалган шийдвэрлэх үүрэг хүлээсэн мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгчээс бусад албан тушаалтан болон байгууллага, иргэнд хоригдсон этгээдийн талаар лавлагаа өгөх;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.5.хоригдсон этгээдтэй хүнлэг бус харьцах;

10.3.6.ганцаараа байх үедээ хорих өрөөг онгойлгох, хорих өрөөнд орох.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хорих байранд нэвтрэх

11.1.Гадны хүмүүс хорих байранд нэвтрэх, ажил байдалтай нь танилцах, засвар үйлчилгээ, ариутгал, эмчилгээ хийх зөвшөөрлийг цагдан хорих төвийн болон аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга олгоно.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.2. Хоригдсон этгээдийн хэргийг шалгаж байгаа буюу хянан шийдвэрлэх гэж байгаа мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч түүнтэй уулзахаар хорих байранд үнэмлэхээ үзүүлж нэвтрэх эрхтэй.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.3.Биеийн байцаалтгүй, галт болон хүйтэн зэвсэг, тусгай хэрэгсэл бүхий хүнийг хорих байранд нэвтрүүлэхийг хориглоно.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хорих байрны хамгаалалт

12.1.Нийслэл дэх цагдан хорих төвийн гадуур болон дотуур харуул хамгаалалтыг хорих байгууллагын ажилтны хүчээр хариуцан гүйцэтгэнэ. Бусад хорих байрыг хорих байгууллагын албан хаагчид хамгаална.

/Энэ хэсгийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.2.Хорих байрны хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, теле хяналтын хэрэгсэл болон нохой ашиглаж болно.

12.3.Хамгаалалтын ажилтан галт зэвсэг, бусад тусгай хэрэгслээр хангагдах ба тэдгээрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.4.Харуул хамгаалалтын ээлж солигдох бүрт хоригдсон этгээд нэг бүрийг тогтоол, захирамжтай нь тулгаж бүртгэн хүлээлцэнэ.

Хэвлэх

13 дугаар зүйл.Хорих өрөөнд тавигдах шаардлага

13.1.Хоригдсон этгээдийн байрлах өрөө нь төмөр хаалгатай, онгойлгох хязгаарлагчтай, хяналтын шагайвартай, гадна талдаа цоожтой, цонх нь төмөр сараалжин хамгаалалттай, агааржуулах салхивчтай, модон шалтай, эсхүл модон наартай байх бөгөөд хорих өрөөний чийглэг 55-60 хувь, өвлийн улиралд 18 хэмээс багагүй дулаантай байна.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хорих хугацаа

14.1.Хоригдох этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт заасан хугацаагаар хорино.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

15 дугаар зүйл.Хоригдсон этгээдийн хувийн хэрэг

15.1.Хоригдох этгээдийг хорих байранд хүлээн авахдаа хорих байрны захиргаа энэ хуулийн 9.1.3-т зааснаар хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг хавсаргана:

15.1.1.тухайн этгээдийг хорих тухай шийдвэр;

15.1.2.хоригдох этгээдийн гэрэл зураг;

15.1.3.хоригдох этгээдийн хурууны хээний дарц (дактокарт);

15.1.4.эргэлт, уулзалт, хувцас сольсон талаархи тэмдэглэл;

15.1.5.хорих байранд ороход түр хураалгасан бичиг баримт, эд зүйлс, мөнгө, үнэт зүйл;

15.1.6.хоригдох этгээдийн хувийн байдлын талаархи мэдээлэл;

15.1.7.эрүүл мэндийн байдал, биеийн жингийн талаархи мэдээлэл;

15.1.8. өлсгөлөн зарласан, эмчид үзүүлсэн, мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчийг дуудуулсан зэрэг үйл явдлын талаархи тэмдэглэл;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.9.хорих байранд ирсэн болон суллагдсан он, сар, өдөр, цагийн талаархи тэмдэглэл.

15.2.Хорих ял шийтгүүлсэн этгээдийн хувийн хэргийг хорих ял эдлүүлэх байгууллагад шилжүүлнэ.Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн бол хувийн хэргийг хорих байрны захиргаа гурван жилээс багагүй хугацаагаар хадгална.

Хэвлэх

16 дугаар зүйл.Хорих байрны дотоод журам

16.1.Хорих байранд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн баталсан “Хорих байрны дотоод журам”-ыг дагаж мөрдөнө.

16.2.Хорих байрны дотоод журмаар дараахь асуудал зохицуулна:

16.2.1.хоригдох этгээдийг хүлээн авах, хорих өрөөнд байрлуулах;

16.2.2.хоригдсон этгээдэд хориглох зүйл;

16.2.3.хоригдсон этгээдэд өгөх цай, хоолны хэмжээ, хоригдол тус бүр хоолоо идэж байгаа эсэхэд хяналт тавих;

16.2.4.хоригдсон этгээдийн бие, эд зүйлд үзлэг хийх;

16.2.5.хоригдсон этгээдийг эргэх, түүнтэй уулзах;

16.2.6.хоригдсон этгээд захидал, цахилгаанаар харилцах;

16.2.7.хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглах;

16.2.8.хоригдсон этгээд шашны зан үйл үйлдэх;

16.2.9.хоригдсон этгээдийн эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээ;

16.2.10.хоригдсон этгээдийг салхилуулах;

16.2.11.хоригдсон этгээдийг мөрдөн байцаах ажиллагаа, шүүх хуралдаанд оруулах, буцаан авчрах;

16.2.12.хорих өрөөнд гаднаас хүн ороход түүний аюулгүй байдлыг хангах.

16.3. Хорих байрны дотоод журамд хоригдсон этгээд хорих өрөөнд авч орж болох гутал, хувцас, бусад хэрэгцээтэй зүйл, түүнчлэн төлбөртэй үйлчилгээний төрлүүдийг тодорхой тусгана.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОРИГДСОН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

17 дугаар зүйл.Хоригдсон этгээдийн эрх

17.1.Хоригдсон этгээд дараахь эрх эдэлнэ:

17.1.1.өөрийн эрх, үүрэг, хорих байрны дотоод журам, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах эрхийн талаар мэдээлэл, тайлбар авах;

17.1.2.өөрийн хувийн аюулгүй байдлыг хангуулах;

17.1.3.хорих байрны дарга болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтантай хорих байранд ажиллах үеэр нь хувиараа уулзах;

17.1.4.өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах;

17.1.5.энэ хуулийн 19-д заасан хүмүүстэй уулзах;

17.1.6.улсын нууцтай холбоотой болон гэмт үйлдэлд холбогдолтой урвуулан ашиглаж болзошгүйгээс бусад, өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах баримт бичиг, бичлэгийг биедээ хадгалах;

17.1.7.ном, сонин, сэтгүүл, ариун цэврийн хэрэгсэл өрөөндөө байлгах;

17.1.8.энэ хуулиар тогтоосон хэмжээний илчлэгтэй хоол, түүнчлэн унтах байр, дэвсгэр, хучлагаар хангагдах;

17.1.9.шөнийн цагт 8 цагаас багагүй хугацаагаар унтаж амрах;

17.1.10.эмнэлгийн тусламжийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд1 заасан журмын дагуу авах;

17.1.11.хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах;

17.1.12.хорих байрны дотоод журам зөрчихгүйгээр шашны зан үйл үйлдэх;

17.1.13.хорих байрны дотоод журамд заасан хугацаагаар салхинд гарах;

17.1.14.боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх, шаардлагатай сурах бичиг, ном ашиглах;

17.1.15.эргэлт авах;

17.1.16.иргэний эрх зүйн хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;

17.1.17.өөрт холбогдох асуудлаар болон хорих байрны нөхцөл, журам, үйл ажиллагааны талаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргах.

Хэвлэх

18 дугаар зүйл. Хоригдсон этгээдийн үүрэг

18.1.Хоригдсон этгээд дараахь үүрэгтэй:

18.1.1.хорих байрны дотоод журмыг чанд сахиж, хорих байрны ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

18.1.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сахих;

18.1.3.хорих байрны ажилтныг ажил, үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байх;

18.1.4.хуурамчаар өвчилсөн, эрүүл мэнд болон бие эрхтэндээ санаатайгаар хохирол, гэмтэл учруулсан бол эмчилгээний зардлыг хувиасаа төлөх;

18.5.хорих байрны эд зүйлийг эвдэж гэмтээх, нууцаар худалдаа, наймаа хийх зэрэг зөрчил гаргахгүй байх.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Хоригдсон этгээд өмгөөлөгч болон төрөл садан, бусад хүмүүстэй уулзах

19.1. Хоригдсон этгээд нь хорих байранд өөрийн өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзаж болно. Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах нөхцөлөөр хангагдсан байна.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

19.2.Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно.

19.3.Хоригдсон гадаад улсын иргэн нь энэ хуулийн 19.2-т заасан албан тушаалтны зөвшөөрлөөр хорих байрны захиргаагаар дамжуулан өөрийн улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтантай уулзаж болно.

19.4.Хоригдсон этгээд төрөл садан болон бусад хүмүүстэй уулзахад хорих байрны харуул хамгаалалтын ажилтан байлцана. Хориглосон хүнсний болон бусад зүйл, эсхүл гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах буюу гэмт хэрэг үйлдэхэд хүргэх мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд уулзалтыг нэн даруй таслан зогсооно.

/Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.5.Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзахад энэ зүйлийн 19.2, 19.4 дэх хэсэг хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

20 дугаар зүйл.Хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангах

20.1.Хоригдсон этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан, хоригдсон бусад этгээдийн зүгээс түүнд заналхийлсэн, довтолсон тохиолдолд хорих байрны ажилтан хоригдсон этгээдийн хувийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ цаг алдалгүй авах үүрэгтэй.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Захидал, харилцаа

21.1.Хоригдсон этгээд төрөл садан болон бусад хүмүүстэй зохих журмын дагуу захидал, цахилгаанаар харилцах бөгөөд зардлыг өөрөө хариуцна.

21.2.Хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана. Гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад болохуйц утгатай нууц үг хэллэг, шифртэй, төрийн болон хуулиар хамгаалагдсан бусад нууцтай холбоотой захидал, цахилгааныг хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд шилжүүлнэ.

21.3.Хоригдсон этгээд нь ял эдэлж байгаа хүмүүстэй захидал, цахилгаанаар харилцахад зөвхөн хорих шийдвэр гаргасан албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэнэ.

21.4.Хоригдсон этгээдийн нэр дээр ирсэн захидал, цахилгааныг хорих байрны захиргаа хүлээн авснаас хойш ажлын гурав хоногийн дотор хүлээлгэн өгөх ба гадаад хэл дээрх захидал, цахилгааныг монгол хэлэнд орчуулахад шаардлагатай хугацааг энэ хугацаан дээр нэмж тооцож болно.

21.5.Хоригдсон этгээдийн ойрын төрөл, садангийн хүн хүнд өвчтэй байгаа, эсхүл нас барсан тухай мэдээг түүнд нэн даруй хүргэнэ.

21.6.Хорих байрнаас суллагдсан этгээдийн нэр дээр ирсэн захидал, цахилгааныг хорих байрны захиргаа хүлээн авснаас хойш ажлын гурав хоногийн дотор хаягаар нь илгээнэ.

Хэвлэх

22 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргах

22.1.Хоригдсон этгээд нь төрийн болон нутгийн захиргаа, бусад байгууллага, албан тушаалтанд явуулах өргөдөл, санал, гомдлоо хорих байрны захиргаагаар дамжуулан илгээнэ.

22.2.Шүүх, прокурор болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төрийн бусад байгууллагад явуулах өргөдөл, санал, гомдлыг хорих байрны захиргаа хянаж шалгаж болохгүй бөгөөд өргөдөл, санал, гомдлыг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс хэтрүүлэхгүйгээр битүүмжилсэн дугтуйгаар зохих байгууллагад илгээнэ.

22.3.Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтанд хаягласан өргөдөл, санал гомдлыг хорих байрны захиргаа хянаж, хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор илгээнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

22.4.Гэмт хэргийн бодит үнэн тогтооход саад болохуйц утгатай, нууц үг хэллэг, шифртэй төрийн болон хуулиар хамгаалагдсан бусад нууцтай холбоотой өргөдөл, санал, гомдлыг энэ хуулийн 21.2-т заасан журмаар шийдвэрлэнэ.

22.5.Мөрдөгч, прокурорын үйл ажиллагаатай холбогдолтой гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш гурав  хоногийн дотор холбогдох байгууллагад нь илгээнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.6.Өргөдөл, санал, гомдлын хариуг хоригдсон этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт нь хавсаргана.

22.7.Өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өргөдөл, санал, гомдол гаргасан хоригдож буй этгээдийг хавчин хяхах, мөрдөн мөшгөхийг хориглоно. Ийнхүү хавчин хяхсан, мөрдөн мөшгөсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

23 дугаар зүйл.Хоол хүнс болон нэн хэрэгцээтэй зүйлээр хангах

23.1.Хоригдсон этгээд нь өдөрт 3400 килокалори (ккал)-аас дээш хэмжээний илчлэгтэй хоолоор үнэ төлбөргүй хангагдана.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23.2.Хоригдсон этгээд нь хүнсний болон нэн хэрэгцээтэй зүйлээ бэлнээр худалдан авч хэрэглэх эрхтэй.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Ахуйн хангамж

24.1.Хоригдсон этгээд нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдана.

24.2.Хорих байрны өрөө нь нэг хүнд 2, 5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор байна.

24.3.Хорих байр нь агааржуулах төхөөрөмжтэй байна.

24.4.Хоригдсон этгээдэд хорих байрны захиргаанаас хучлага, дэвсгэр, аяга, халбага тавьж олгоно.

24.5.Хоригдсон этгээд нь аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүлийг хорих өрөөндөө байлгаж болно.

Хэвлэх

25 дугаар зүйл.Эмнэлэг, эрүүл ахуйн хангамж

25.1.Хорих байранд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг эрүүл мэндийг хамгаалах холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулна. Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийн эрүүл мэндийг хамгаалахуйц ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах үүрэгтэй.

25.2. Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж, үйлчлэх журмыг эрүүл мэнд, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд  хамтран батална.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3. Хоригдсон этгээд биедээ гэмтэл авсан тохиолдолд хорих байрны эмнэлгийн ажилтан эмнэлгийн үзлэг хийж, үзлэгийн дүнг гэмтэл авсан этгээдэд танилцуулж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ. Хорих байрны даргын болон мөрдөгч, прокурорын санаачилгаар, эсхүл гэмтэл авсан этгээд, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр үзлэгийг эмнэлгийн ердийн байгууллагаар хийлгэж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.4.Хоригдсон этгээд хүндээр өвчилсөн, эсхүл нас барсан тохиолдолд хорих байрны захиргаа нь түүний ойрын төрөл садан болон хорих шийдвэр гаргасан албан тушаалтан, прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

25.5.Хоригдсон этгээд нас барсан тохиолдолд цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсний дараа ар гэр, төрөл садны хүмүүст шилжүүлнэ. Цогцсыг ирж авах хүнгүй бол тухайн хорих байрны зардлаар оршуулна.

Хэвлэх

26 дугаар зүйл.Мөнгө гуйвуулах, эд зүйл хүлээн авах

26.1.Хорих байрны захиргаа хоригдсон этгээдээс хураан авсан мөнгийг сери, дугаар, дэвсгэртээр нь бүртгэж, өөрийн санхүүд хадгалж, түүний зөвшөөрлөөр садан төрөл, бусад хүмүүст гуйвуулж болно. 

26.2.Эмчийн зөвшөөрсөн эм, тариаг хорих байрны захиргаа өөрөө бүрэн хэмжээгээр хангаж чадахгүй бол тухайн хоригдсон этгээдийн ар гэрээс зохих хэмжээгээр авч хэрэглэж болно.

26.3.Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болох хүнсний зүйл, зэвсгийн чанартай эд зүйлийг хоригдсон этгээдэд дамжуулахыг хориглоно.

26.4.Үзлэгээс нуусан, эсхүл хадгалах, ашиглахыг хориглосон хүнсний болон бусад зүйлсийг нэвтрүүлсэн буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

27 дугаар зүйл.Төлбөрт үйлчилгээ

27.1.Хорих байрны захиргаа нь зохих нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хорих байрны дотоод журмаар зөвшөөрсөн ахуйн болон эмнэлэг, ариун цэврийн төлбөртэй үйлчилгээ явуулж болно.

Хэвлэх

28 дугаар зүйл.Шүүх хуралдаан, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцуулах

28.1.Хоригдсон этгээдийг цагдаагийн алба шүүхийн шийдвэрээр шүүх хуралдаанд, хорих байрны захиргаа мөрдөгч, прокурорын шийдвэрээр мөрдөн байцаалтын явцад мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд оролцуулахаар хуяглан хүргэх, хорих байранд буцаан авчрах ажиллагааг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

29 дүгээр зүйл.Иргэний эрх зүйн хэлцэлд оролцох

29.1.Хоригдсон этгээд нь түүний хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа, хянаж, танилцаж байгаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр иргэний эрх зүйн хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болно.

Хэвлэх

30 дугаар зүйл.Жирэмсэн эмэгтэйчүүдийг хорих

30.1.Хоригдож байгаа жирэмсэн эмэгтэйг ахуйн нөхцөлийн хувьд сайжруулсан байранд байрлуулж, эмчийн хяналтад байлгаж, түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

30.2.Жирэмсэн эмэгтэйн өдөр тутмын салхинд гарах хугацаа нэг цаг ба түүнээс дээш байна.

30.3.Жирэмсэн эмэгтэйг сахилгын байранд хорьж болохгүй.

Хэвлэх

З1 дүгээр зүйл. Өсвөр насны хүнийг хорих

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.1. Хоригдож байгаа өсвөр насны хүнийг ахуй нөхцөлийн хувьд сайжруулсан байранд байлгаж, түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.2. Өсвөр насны хүний өдөр тутмын салхинд гарах хугацаа нэг цаг ба түүнээс дээш байна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх байгууллага нь хоригдож байгаа өсвөр насны хүнд зориулсан сургалт зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХОРИГДСОН ЭТГЭЭДИЙГ ХОРИХ ӨРӨӨНҮҮДЭД ХУВААРИЛАХ, ГАНЦААРЧЛАН ХОРИХ, ХОРИХ БАЙРАНД ГАРСАН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ

32 дугаар зүйл.Сэжигтэн, яллагдагч нарыг хорих өрөөнүүдэд хуваарилах

32.1.Баривчлагдсан буюу цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч нарыг тэдгээрийн үйлдсэн хэргийн болон хувийн байдлыг харгалзан хорих өрөөнүүдэд хуваарилна.

32.2.Дараахь этгээдийг бусад сэжигтэн, яллагдагчаас тусгаарлан хорино: 

32.2.1. өсвөр насны хүн;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.2.2.эмэгтэйчүүд;

32.2.3.онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд;

32.2.4.шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийг сэжигтэн, яллагдагчаас;

32.2.5.дархлалын олдмол хам шинж, идэвхтэй хэлбэрийн уушигны сүрьеэ, бусад гоц халдварт өвчтэй болон тэдгээрийн нян тээгч этгээд;

32.2.6.нэг хэргийн сэжигтэн, яллагдагч.

З2.З. Сэжигтэн, яллагдагчийн үйлдсэн хэргийн болон хувийн  байдлыг харгалзан мөрдөгч, прокурорын саналын дагуу ганцаарчилсан өрөөнд хорьж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.4.Ганцаарчлан хоригдсон этгээдийг бусад өрөөнүүдэд хоригдож байгаа этгээдтэй харилцах, ярилцах, ямар нэг эд зүйл дамжуулахыг хориглоно.

Хэвлэх

33 дугаар зүйл.Хоригдсон этгээдийг хянах

33.1.Хоригдсон этгээдийг байнгын хяналтад байлгах бөгөөд хорих өрөөнөөс гаргах, авч явахад хорих байрны хамгаалалтын ажилтан хуяглан дагалдана. Хорих байрны хяналтад аудио болон видео техник ашиглаж болно.

33.2.Хоригдсон этгээдийн бие болон эргэлтийн эд зүйлд үзлэг хийж, хорих өрөөнд нь өдөрт нэг ба түүнээс дээш удаа нэгжлэг хийнэ.

33.3. Үзлэг, нэгжлэгээр илэрсэн мөнгө, үнэт цаас, дотоод журмаар зөвшөөрснөөс бусад эд зүйлийг зохих албан тушаалтны шийдвэр гартал хувийн хэрэгт нь тэмдэглэж хадгална. Ингэж хадгалахдаа мөнгийг сери, дугаар, дэвсгэртээр нь бүртгэнэ.

33.4.Хураасан хориотой хүнсний болон бусад эд зүйлийг хорих байрны даргын үндэслэл бүхий тогтоолоор зохих акт үйлдэж устгана.

33.5.Хоригдсон этгээдийн биед хийх үзлэгийг түүнтэй ижил хүйсний хамгаалалтын ажилтан хийх бөгөөд үзлэгээр илэрсэн гэмтэл, шарх сорви болон биеийн жин, өндөр, онцлог, содон тэмдгийг бүртгэж, хувийн хэрэгт нь бүрэн тэмдэглэнэ.

33.6.Эмийн зүйлийг хоригдсон этгээдэд байлгах эсэхийг хорих байрны эмчийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

33.7.Хорих байранд нэвтэрч байгаа хорих байрны хамгаалалтын ба үйлчилгээний ажилтан болон бусад этгээд нь хорих байранд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл авч яваа гэж үзэх тодорхой үндэслэл байвал тэдний бие, хувцас, эд зүйл, унаанд үзлэг хийж болно. Харин хорих шийдвэр гаргасан албан тушаалтан, өмгөөлөгч, прокурор, шүүгчийн бие, хувцас, эд зүйлд үзлэг хийхийг хориглоно.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Сахилгын шийтгэл ногдуулах, эдлүүлэх, чөлөөлөх

34.1. Дараахь зөрчил гаргасан сэжигтэн, яллагдагчийг сахилгын өрөөнд 15 хоног хүртэл, өсвөр насны хүн бол 7 хоног хүртэл хугацаагаар хорино:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.1.1.хорих байрны ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;

34.1.2.хорих байрны ажилтныг доромжилсон, түүн рүү дайрч довтолсон;

34.1.3.хоригдсон бусад этгээдийг дарамталсан, доромжилсон;

34.1.4.согтууруулах болон мансууруулах ундааны зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн;

34.1.5.хориглосон хүнсний болон бусад эд зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн;

34.1.6.мөрийтэй тоглосон;

34.1.7.жижгээр танхайрсан.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан зөрчил гаргасан этгээдийг хорих байрны даргын тогтоолыг үндэслэн сахилгын өрөөнд хорино.

34.3.Хоригдсон этгээдийн гаргасан нэг зөрчилд нэгээс илүү сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

34.4.Сахилгын шийтгэлийг зөрчил илрүүлсэн өдрөөс, хэрэв зөрчлийн талаар шалгаж тогтоох шаардлагатай бол шалгалтыг дууссан өдрөөс гурав хоногийн дотор, гэхдээ зөрчил гарснаас хойш нэг сарын дотор ногдуулна.

34.5.Сахилгын шийтгэл ногдуулахад зөрчил гаргасан этгээдээс бичгээр тайлбар гаргуулах бөгөөд тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэнэ.

34.6.Хоригдсон этгээд сахилгын шийтгэлийн талаар эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ийнхүү гомдол гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийн хэрэгжилтийг гурав хүртэл хоног түдгэлзүүлж болно.

34.7.Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг даруй хэрэгжүүлэх бөгөөд тухайн нөхцөл байдалд тийм бололцоогүй бол шийтгэл ногдуулсан өдрөөс хойш арав хоногийн дотор хэрэгжүүлнэ.

34.8.Хорих байрны дарга нь эмчийн магадлагаа болон бусад үндэслэлээр сахилгын өрөөнд хорих шийтгэлийг биелүүлэхийг хойшлуулах, эсхүл сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллах, хугацааг нь багасгаж болно. Хэрэв ийнхүү хойшлуулсан хугацаанд хоригдсон этгээд нь дахин зөрчил гаргаагүй бол шийтгэлийг нөхөж эдлүүлэхгүй.

34.9.Зөрчил гаргасан этгээдийг сахилгын өрөөнд ганцаарчлан хорино. Сахилгын өрөөнд шөнийн цагаар хучлага, дэвсгэр тавьж олгоно. Сахилгын өрөөнд хоригдсон этгээдэд сахилгын шийтгэлийг эдэлж дуустал захидал, цахилгаанаар харилцах, мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчөөс бусад хүмүүстэй уулзах, хүнсний болон нэн хэрэгцээтэй зүйлийг худалдан авах, эргэлт авах, ном, сонин, сэтгүүл унших эрхийг нь хязгаарлана. Сахилгын өрөөнд хоригдож байхад нь ирүүлсэн эргэлтийг сахилгын өрөөнөөс суллагдсаны дараа олгоно. Сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг өдөрт 15 минут, өсвөр насны хүнийг өдөрт 30 минут салхинд гаргана.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

34.10.Сахилгын өрөөнд хоригдсон этгээдийн эрхийг энэ хуульд зааснаас өөрөөр хязгаарлахыг хориглоно. Сахилгын өрөөнд хоригдсон этгээдээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг энэ хуулийн 22-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

35 дугаар зүйл.Хоригдсон этгээд учруулсан хохирлоо хариуцах

35.1.Хоригдсон этгээд нь хорих байрны эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг иргэний хууль тогтоомжид заасан журмаар төлнө.

35.2.Учруулсан хохирлын хэмжээг хорих байрны даргын тогтоолоор тогтооно. Тогтоолыг уг этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулах бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гомдол гаргаж болно.

35.3.Хоригдсон этгээд учруулсан хохирлоо сайн дураараа төлөхөөс татгалзвал хорих байрны захиргаа шүүхэд нэхэмжлэл гаргана.

35.4.Хохирлыг хоригдсон этгээдийн садан төрөл, бусад хүмүүс барагдуулж болно.

35.5.Хохирол учруулсан этгээд хохирлыг барагдуулалгүйгээр ял эдлүүлэх байгууллагад шилжсэн тохиолдолд хорих байрны захиргаа нь энэ тухай тухайн байгууллагад мэдэгдэж, ялтны хөдөлмөрийн хөлс болон бусад орлогоос хохирлыг төлүүлнэ.

35.6.Хохирол учруулсан этгээд хохирлыг барагдуулалгүйгээр хорих байрнаас суллагдсан тохиолдолд хорих байрны захиргаа нь ердийн журмаар нэхэмжлэл гаргана.

35.7.Хохирогдсон этгээдэд хорих байрны захиргааны буруугаар эд материалын хохирол учирсан бол хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана.

Хэвлэх

36 дугаар зүйл.Өлсгөлөн зарлах

36.1.Хоригдсон этгээд өлсгөлөн зарласнаа мэдэгдвэл хорих байрны дарга хэргийг нь шалгаж байгаа албан тушаалтан, прокурор, өмгөөлөгчид гурван цагийн дотор мэдэгдэж, бусад этгээдээс тусгаарлан эмчийн хяналтад авна.

36.2.Өлсгөлөн зарласан этгээдийн биеийн байдал, жин, өгсөн хоол, цай идэж уухыг татгалзсан тухай өдөр бүр тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт нь хавсаргана.

36.3.Өлсгөлөн зарласан этгээдийн амь насанд аюул учирч болох тохиолдолд эмчийн бичгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн түүний эрүүл мэндийг сайжруулах албадлагын арга хэмжээ авч болно.

36.4.Өлсгөлөн зарласан нь өөр хорих байранд шилжүүлэх болон мөрдөн байцаах ажиллагаа, шүүх хуралдаанд оролцуулахаар хуяглан авч явахад саад болохгүй. Шаардлагатай тохиолдолд ийнхүү хуяглан авч явахад эмнэлгийн ажилтанг байлцуулна.

36.5.Өлсгөлөн зарласан этгээдийн тавьсан шаардлага үндэслэлтэй бол хорих байрны захиргаа шаардлагыг биелүүлэх боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

36.6.Хоол, цай идэж уусан үеэс эхлэн өлсгөлөнг зогссонд тооцно.

36.7.Өлсгөлөн зарлахад харшлах өвчний жагсаалт, өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зааврыг эрүүл мэндийн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2017 оны 9 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

37 дугаар зүйл.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх

37.1.Хорих байрны хамгаалалтын болон дэг журам сахиулах үүрэг бүхий ажилтан энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж болно.

Хэвлэх

38 дугаар зүйл.Мэх хэрэглэх

38.1.Хоригдсон этгээдийн гаргасан зөрчлийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй бол хамгаалалтын ажилтан зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэж болно.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Тусгай хэрэгсэл хэрэглэх

39.1.Дараахь тохиолдолд хоригдсон этгээдэд тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

39.1.1.хоригдсон этгээд хорих байрны хамгаалалтын болон дэг журам сахиулах үүрэг бүхий ажилтан, бусад хүмүүс рүү хүч хэрэглэн довтолсон;

39.1.2.хорих байрны дотоод журмыг бүлэглэн зөрчсөн, олныг хамарсан үймээн гаргасан;

39.1.3.хүн, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл барьцаалсан;

39.1.4.хоригдсон этгээд оргох, өөртөө гэмтэл учруулахыг завдсан.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх журам

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

40.1.Тусгай хэрэгсэлд дараахь төрлийн хэрэгсэл хамаарна:

40.1.1.резинэн бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

40.1.2.гав;

40.1.3.албаны нохой;

40.1.4.усан хөөрөг болон хуягт машин.

40.2. Дараахь тусгай хэрэгслийг дор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

40.2.1.резинэн бороохой, албаны нохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүрийг энэ хуулийн З9-д заасан зөрчлийн үед;

40.2.2.гавыг энэ хуулийн 39.1.1, 39.1.4-д заасан зөрчлийн үед;

40.2.3.усан хөөрөг болон хуягт машиныг энэ хуулийн 39.1.2, 39.1.3-т заасан зөрчлийн үед хэрэглэнэ.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Галт зэвсэг хэрэглэх

41.1.Хорих байрны ажилтан дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

41.1.1.хоригдсон этгээдээс хорих байрны ажилтан болон хоригдсон этгээд, бусад хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар довтолсон;

/Энэ заалтад 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

41.1.2.хорих байрны ажилтны зэвсгийг булаахаар довтолсон;

41.1.3.барьцаалагдсан хүн, барилга байгууламж, тээврийн хэрэгслийг чөлөөлөх;

41.1.4.хорих байрны барилга байгууламж, тээврийн хэрэгслийг эзлэхээр бүлэглэн довтолсон;

41.1.5.хорих байгууллагын ажилтан болон бусдын эсрэг хүч хэрэглэн довтолж, зэвсэг хэрэглэн эсэргүүцэж байгаа этгээдийг баривчлахад;

/Энэ заалтыг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

41.1.6.хорих байрнаас оргосон этгээдийг баривчлах болон онц хүнд, хүнд гэмт хэрэгт мөрдөгдөж байгаа этгээдийг хуяглан хүргэх үед оргохоор завдсан;

41.1.7.хорих байрны ажилтнаас зэвсгээ хураалгахыг шаардсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн;

41.1.8.хоригдсон этгээдийг хүч хэрэглэн суллахыг оролдсон.

Хэвлэх

42 дугаар зүйл.Хорих байранд онцгой дэглэм тогтоох

42.1.Дараахь тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн ЗО хүртэл хоногийн хугацаагаар хорих байранд онцгой дэглэм тогтоож болно:

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

42.1.1. гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.1.2.тахал, гоц халдварт бусад өвчин болон их хэмжээний түймэр гарсан;

42.1.3.нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон;

42.1.4.хорих байранд зэвсэглэн халдсан;

42.1.5.бусад. 

42.2.Онцгой дэглэм тогтоосон үед хоригдсон этгээдийн оролцоотой зохион байгуулагддаг бүх ажиллагааг зогсоох бөгөөд хорих байранд хүч нэмэгдүүлсэн хамгаалалт тогтоож, эргэлт, уулзалт, захидал харилцааг хориглон хуульд заасан бусад шаардлагатай арга хэмжээ авна.

42.3.Хоригдсон этгээд болон бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул тулгарсан онцгой тохиолдолд хорих байрны дарга энэ хуулийн 42.2-т заасан арга хэмжээг шуурхай авч, энэ тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад нэн даруй мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

42.4.Хорих байранд тогтоосон онцгой дэглэмийг түүнийг тогтоосон албан тушаалтан, эсхүл эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан цуцална.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

43 дугаар зүйл.Хоригдсон этгээдийг суллах үндэслэл

43.1.Дараахь байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хоригдсон этгээдийг суллах үндэслэл болно:

43.1.1.хуульд заасан журмын дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж;

43.1.2. прокурорын болон прокуророор батлуулсан мөрдөгчийн тогтоол;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.1.3.хуульд заасан хорих хугацаа нь дууссан этгээдийг суллах тухай хорих байрны даргын, эсхүл прокурорын тогтоол.

Хэвлэх

44 дүгээр зүйл.Хоригдсон этгээдийг суллах журам

44.1.Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийг суллах тухай энэ хуулийн 43-т заасан тогтоол, захирамжийг хүлээн авмагц холбогдох этгээдийг нэн даруй суллана.

44.2.Хорих байрны дарга нь хоригдсон этгээдийг хуульд заасан хорих хугацаа дуусах болсон тухай 24 цагаас доошгүй хугацааны өмнө хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд болон харьяалах прокурорт бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

44.3.Энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалтанд мэдэгдсэн боловч хоригдсон этгээдийг цааш нь үргэлжлүүлэн хорих, эсхүл суллах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр хорих байрны захиргаанд ирээгүй бол хорих байрны дарга өөрийн тогтоолоор хуульд заасан хорих хугацаа дуусмагц хоригдсон этгээдийг нэн даруй суллана.

44.4.Хорих байрнаас суллагдсан этгээдэд түүнийг хорих үед хураасан эд зүйл, мөнгө, бичиг баримтыг хувийн хэрэгт байгаа бүртгэлийн дагуу хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

Хэвлэх

45 дугаар зүйл.Прокурорын хяналт

45.1.Хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл, журам нь энэ хуульд хэрхэн нийцэж байгаад Улсын ерөнхий прокурор болон түүний харьяа прокурорууд хяналт тавина.

45.2.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурор болон хэрэг хянаж байгаа прокурор нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

45.2.1.хорих байранд ямар ч цагт саадгүй нэвтрэх;

45.2.2.хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзах;

45.2.3.хоригдсон этгээдийн хувийн хэрэг болон шаардлагатай бусад материалтай танилцах;

45.2.4.өргөдөл, санал, гомдол, хэрэг зөрчлийг хянах, шалган шийдвэрлэх.

45.3.Энэ хуулийн 45.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хорих байрны захиргаа, ажилтан биелүүлэх үүрэгтэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх