A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Архивын тухай хуулийн 9.2.3-ыг үндэслэн архивын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, хөтөлбөрийн эхний үе шатыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг (2006-2008 он) 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын 2-р хавсралтад ЗГ-ын 2013-9-6-ны 313-р тогтоолоор нэмэлт, ЗГ-ын 2017 оны 4-р тогтоолоор 1-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт тус тус орсон/

2. Архивын салбарт мэдээллийн технологи ашиглах, үүнтэй холбогдуулан судалгаа, төсөл хэрэгжүүлэн, архивын мэдээллийн сан бүрдүүлэх, төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг автоматжуулахад шаардагдах зардлын эх үүсвэрийг жил бүрийн төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. Архивын салбарт мөрдөгдөж байгаа журам, заавар, стандартыг төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрт нийцүүлэн 2006-2007 онд багтаан шинэчлэн боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт тус тус даалгасугай.

4. Архивын автоматжуулалт, цахим бичлэгийн чиглэлээр олон улсын архивын арга туршлагыг судалж, олон улсын архивын байгууллагатай хамтран ажиллах, техникийн зөвлөгөө, туслалцаа авах арга хэмжээг 2006 онд багтаан шуурхай зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР