A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

ЭХИЙН СҮҮ ОРЛУУЛАГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмжиж, түүнийг аюулгүй, зохистой хоол тэжээлээр ханган эрүүл мэндийг нь хамгаалах, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, борлуулалт, хэрэглээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж нь Эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн" гэж нэг хүртэлх насны хүүхдэд эхийн сүүний оронд өгөх зориулалтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг;

3.1.2."нэмэлт хоол" гэж хүүхдийн хоолонд дутагдаж байгаа эрдэс бодис, аминдэмийг нөхөх зорилгоор өгч байгаа бүтээгдэхүүнийг;

3.1.3."нэмэгдэл хоол" гэж эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ хүүхдэд зориулан үйлдвэрийн болон гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоол, хүнсийг.

4 дүгээр зүйл.Эхийн сүүгээр хооллохыг дэмжих

Хэвлэх

4.1.Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан, хоёр нас хүртэл эхийн сүүнээс гадна шаардлагатай нэмэлт болон нэмэгдэл хоолоор хооллоно.

4.2.Эх нь нас барсан, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхэд эхийн сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг эмчийн заавраар хэрэглэж болно.

5 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

5.1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох, бие бялдар, сэтгэхүйн хөгжилд нь тохирсон хоол хүнс, тэжээлийн асуудлаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаархи мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах;

5.1.3.эхийн сүүгээр дагнан хооллохын ач холбогдол, бага насны хүүхдийн хоол, хүнсэнд тавигдах эрүүл ахуй, аюулгүйн шаардлагатай холбогдсон журам батлах;

5.1.4.эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.

6 дугаар зүйл.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчилахад тавих шаардлага

Хэвлэх

6.1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдахад дараахь шаардлагыг хангасан байна:

6.1.1.хайрцаг, сав, баглаа боодол дээр үйлдвэрлэсэн улс, он, сар, өдөр, үйлдвэрийн нэр, бүтээгдэхүүний дугаар, орц, найрлага болон хадгалах нөхцөл, хугацааг заах;

6.1.2.хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адил, эсхүл түүнээс давуу гэсэн агуулгатай зураг, бичвэргүй байх;

6.1.3.хайрцаг, сав, баглаа боодол дээр угж, түүнтэй адилтгах зүйлийн, эсхүл хүүхдийн болон түүний өсөлтийг харуулсан зураг, хүснэгт, график дүрслэл агуулаагүй байх;

6.1.4.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх тухай зөвлөмжтэй байх;

6.1.5.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар болон түүнийг буруу бэлтгэснээс учрах сөрөг үр дагаврын тухай сэрэмжлүүлэгтэй байх;

6.1.6.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжилгээ хийлгэж, насны онцлогт тохирсон эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулах.

6.2.Угж түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдахад дараахь шаардлагыг хангасан байна:

6.2.1.цэвэрлэх, ариутгах зааварчилгааг бичсэн байх;

6.2.2.тэдгээрийг хэрэглэснээр хүүхдийн эрүүл мэндэд учрах сөрөг нөлөө, хор уршгийг бичсэн байх;

6.2.3.хайрцаг сав, баглаа, боодол дээр нь үйлдвэрлэсэн улс, он, сар, өдөр, үйлдвэрийн нэр, бүтээгдэхүүний дугаар, хадгалах нөхцөл, хугацааг заах.

6.3.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь санамжтай байна. Санамжийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

6.4.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний санамж болон энэ хуулийн 6.1, 6.2-т заасан бусад шаардлагатай тэмдэглэлийг монгол хэлээр бичсэн байна.

6.5.Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн ажилтан хүүхдийн хоол тэжээлийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулна.

7 дугаар зүйл.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчлахад хориглох зүйл

Хэвлэх

7.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ хуулийн 6.1, 6.2-т заасан шаардлага хангаагүй эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдаалахыг хориглоно.

7.2.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагчид дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

7.2.1.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор түүнийг эхчүүд, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд хандивлах;

7.2.2.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийн урамшуулалт худалдаа явуулах;

7.2.3.эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтанд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний урамшуулал болохуйц үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж, бэлэг хандивлах буюу түгээх;

7.2.4.бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой сургалт, сурталчилгаа явуулах;

7.2.5.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилсан үзэсгэлэн гаргах.

7.3.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адил, эсхүл түүнээс давуу гэсэн агуулгатай аливаа хэлбэрийн сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоно.

7.4.Эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтан, төрийн бус байгууллага эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж, түүнтэй адилтгах зүйл зэргийг хандив, шагнал, урамшуулалд авах, хэрэглэгчдэд дамжуулан худалдах, бэлэглэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

8 дугаар зүйл.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

Хэвлэх

8.1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.

9 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

9.1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд улсын байцаагч буюу шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

9.1.1.энэ хуулийн 7.1, 7.4-д заасныг зөрчсөн иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 40000-60000, хуулийн этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгох;

9.1.2.энэ хуулийн 7.2, 7.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000, хуулийн этгээдийг 200000 – 250000 төгрөгөөр торгох;

9.1.3.эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйл нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж болзошгүй нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон бол дээр дурдсан бүтээгдэхүүн, угж түүнтэй адилтгах зүйлийг болон хууль бусаар олсон орлогыг хураах.

9 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

9.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ