A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таримал ургамлын удмын санг хамгаалах, сортыг сорих, баталгаажуулах, үрийн ба сортын чанарт хяналт тавих, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Таримал ургамлын үр, сортын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Таримал ургамлын үр, сортын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."үр" гэж тухайн сортын нөхөн үржлийг хангах чадвартай, дахин сэргээх, үржүүлэх болон аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа амьд үр, суулгац, тарьц, хөврөл, ургал эрхтэнийг;

3.1.2."сорт" гэж селекцийн аргаар бий болгосон, аж ахуй, биологи, удамшил, хэлбэр зүйн тогтвортой шинж тэмдгийг агуулсан нэг гарал үүсэлтэй бүлэг ургамлыг;

3.1.3."торгон үр" гэж тодорхой сортын нөхөн үйлдвэрлэлийг хангах зорилгоор зориуд сонгон авч цэврээр нь үржүүлсэн үрийг;

3.1.4."сортын үр" гэж чанарын ангиллаар торгон үрийн дараагийн шатанд хамаарагдах үрийг;

3.1.5."баталгаат сорт" гэж тухайн бүс нутагт биологи, аж ахуйн нийтлэг болон тодорхой шинжээр шалгарч, сорт сорилтын зөвлөлөөр батлагдан, тариалах сортын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн сортыг;

3.1.6."ирээдүйтэй сорт" гэж сорт сорилтын эхний дүнгээр аж ахуй, биологийн үндсэн үзүүлэлтээрээ баталгаат сортоос давж байгаа боловч албан ёсоор зөвшөөрөгдөөгүй байгаа сортыг;

3.1.7."сортын хяналт" гэж үрэнд зориулан тариалсан талбайг мэргэжлийн байгууллагаас газар дээр нь шалган сортын цэвэр байдлыг хянаж баталгаажуулах үйл ажиллагааг;

3.1.8."эрлийз" гэж нэгдүгээр үеийн эрлийзийн давуу чанар (гетерозис)-ыг ашиглан зөвхөн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж байгаа эрлийз ургамлыг;

3.1.9."таримал ургамлын удмын сангийн хадгаламж" гэж Монгол Улсын таримал ургамлын удмын санд бүртгэгдсэн сорт, дээжийг амьдаар нь хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг.

4 дүгээр зүйл.Таримал ургамлын удмын сангийн хадгаламж

Хэвлэх

4.1.Таримал ургамлын удмын санг арвижуулах, хадгалах, хамгаалах, селекцид ашиглах зорилгоор таримал ургамлын удмын сангийн хадгаламж байгуулна.

4.2.Таримал ургамлын удмын сангийн хадгаламж нь Монгол Улсын селекцийн болон нутгийн сорт, эрлийз, нутгийн дээж, гадаадын сортоос бүрдэнэ.

4.3.Таримал ургамлын удмын сангийн хадгаламж нь төрийн мэдэлд байх бөгөөд түүнийг сэлбэх, шинэчлэх, ашиглах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосон мэргэжлийн байгууллага эрхэлнэ.

5 дугаар зүйл.Үрийн нөөцийн улсын сан

Хэвлэх

5.1.Байгалийн гамшгийн улмаас тариалах үрээ нөөцөлж чадаагүй үйлдвэрлэгч болон хүнс, тэжээлийн үр тарианы үйлдвэрлэл дагнан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилгоор үрийн нөөцийн улсын сан бүрдүүлнэ.

5.2.Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.

6 дугаар зүйл.Таримал ургамлын үр, сортын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

6.1.Таримал ургамлын үр, сортын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрхтэй:

6.1.1.хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын захиалга, гэрээгээр торгон, сортын болон эрлийзийн үр үржүүлэх;

6.1.2.өөрийн бүтээсэн шинэ сортыг удам гарвалын хувьд баталгаажуулах тухай хүсэлтээ сорт сорилтын зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.

6.2.Таримал ургамлын үр, сортын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:

6.2.1.өөрийн бүтээсэн шинэ сортыг таримал ургамлын удмын сангийн хадгаламжид бүртгүүлэх, хадгалуулах;

6.2.2.өөрийн үйлдвэрлэсэн үрийг үр, хорио цээрийн хяналтад хамруулах;

6.2.3.тарих үрийн чанарын улсын стандарт хангасан, гарал үүсэл, үйлдвэрлэсэн технологи нь тодорхой, баталгаат сортын болон эрлийзийн үр борлуулах, бусдад шилжүүлэх;

6.2.4.тарих үрийн чанарын улсын стандарт хангасан үр импортлох;

6.2.5.үрийн тариалангийн талбайд сортын хянан баталгаа хийлгэх;

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.2.6.үрийн нөөцийн улсын санд зөвхөн тарих үрийн чанарын улсын стандарт хангасан үр бэлтгэн нийлүүлэх.

6.3.Торгон болон сортын үр үйлдвэрлэх зорилгоор үр үйлдвэрлэгчид агро-цаг уурын тааламжтай нөхцөл бүхий талбай эзэмшүүлэх, үр үржүүлгийн талбайд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэхэд бүх шатны Засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УЛСЫН СОРТ СОРИЛТ, ҮР, СОРТЫН ЧАНАРТ ТАВИХ ХЯНАЛТ

7 дугаар зүйл.Улсын сорт сорилт

Хэвлэх

7.1.Таримал ургамлын шинэ сортыг удам гарвалын хувьд хянаж баталгаажуулах, тариалангийн бүсэд баталгаат сорттой харьцуулан сорих замаар сонгон шалгаруулж, тариалах технологийг нь судлан боловсруулах зорилгоор улсын сорт сорилт хийнэ.

7.2.Улсын сорт сорилтыг зохион байгуулах, зохицуулах, шинэ сортыг удам гарвалын хувьд хянаж баталгаажуулах чиг үүргийг сорт сорилтын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) хэрэгжүүлнэ.

7.3.Зөвлөл нь орон тооны бус байна.

7.4.Зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

7.5.Сорт сорилтыг мэргэжлийн байгууллага, иргэн (цаашид "сорт соригч" гэх) хэрэгжүүлнэ.

7.6.Сорт соригч нь дараахь үүрэгтэй:

7.6.1.тариалангийн бүсэд сортыг сорих, тариалах технологийг боловсруулах ажлыг батлагдсан арга зүйн дагуу гүйцэтгэх;

7.6.2.харьяалах бүсэд ирээдүйтэй сортын үр үржүүлэх;

7.6.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үр үржүүлгийн болон сортын тариалангийн технологийн талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

7.6.4.шинэ сорт өмчлөгч этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр сорт сорих;

7.6.5.Зөвлөлд жил бүр ажлаа тайлагнах.

7.7.Зөвлөлөөс удам гарвалын хувьд баталгаажуулсан биологийн аргаар гаргасан шинэ сортын зохиогчид Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зохиогчийн эрхийн гэрчилгээ олгоно.

8 дугаар зүйл.Сортыг өмчлөх

Хэвлэх

8.1.Энэ хуулийн 7.7-д заасан гэрчилгээ авсан этгээд уг сортын өмчлөгч байна.

8.2.Сортын өмчлөгч нь дараахь эрх эдэлнэ:

8.2.1.сортын технологийн баримт бичгийг боловсруулах, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд биечлэн оролцох, зохиогчийн хяналт тавих;

8.2.2.сорт ашиглуулсны төлбөр авах;

8.2.3.өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх, өвлүүлэх.

8.3.Сорт ашиглуулсны төлбөрийн хэмжээг өмчлөгч, ашиглагчийн харилцан тохиролцсоны дагуу гэрээний үндсэн дээр тогтооно.

8.4.Сорт ашигласны төлбөр төлөх хугацаа 5 хүртэл жил байна.

8.5.Зохиогчийн ажлыг санхүүжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага сорт ашиглуулсаны төлбөрийн 50 хүртэл хувийг эзэмших эрхтэй.

9 дүгээр зүйл.Таримал ургамлын үр, сортын чанарт тавих хяналт

Хэвлэх

9.1.Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

9.2.Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

9.3.Үрийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Үрийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараахь бүрэн эрх хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.1.үрийн нөөцийн улсын санд үр нийлүүлэх, торгон ба сортын үр үржүүлэх гэрээ бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тариалах үрэндээ чанарын шинжилгээ хийлгэж баталгаажуулсан эсэхэд хяналт тавих;

9.4.2.үрийн талбайд сортын хянан баталгаа хийх, хянан батлагч нарын ажилд хяналт тавих;

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.4.3.хүнсний ногооны үр, бусад ургамал, эрлийзийн үр үржүүлгийн технологийн мөрдөлтөд хяналт тавих;

9.4.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тариалах, борлуулах үр болон импортолсон үрэнд чанарын шинжилгээ хийлгэж баталгаажуулсан эсэхэд хяналт тавих.

9.5.Үрийн чанарыг үр шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори магадлан шинжилж баталгаажуулна.

9.6.Энэ хуулийн 9.5-д заасан лабораторийн үйл ажиллагааны журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2.Сорт өмчлөгчийн эрх зөрчигдсөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 10 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1999 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Таримал ургамлын үр, сортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР