Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

2 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж

2.1.Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай, Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль болон энэ хуулиас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хугацаа

3.1. 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ

4 дүгээр зүйл. Эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялыг өршөөн хэлтрүүлэх

4.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хуульд заасан өршөөлийг дор дурдсан журмаар үзүүлнэ:

4.1.1.шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн ял шийтгүүлсэн бол оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан тухайн ялтанг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас бүрмөсөн өршөөх;

4.1.2.энэ хуулийн З дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх ажиллагаанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох;

4.1.3.энэ хуулийн З дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд шинээр илэрвэл тухайн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах;

4.1.4.энэ хуулийн З дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх.

Хэвлэх

5 дугаар зүйл. Эрүүгийн хууль тогтоомжид заасан зарим хугацааг хэрэгсэхгүй болгох

5.1.Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:

5.1.1.энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж суллагдсан этгээдийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа (Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг);

5.1.2.хорих ял нь тэнсэгдсэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа;

5.1.3.хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа.

Хэвлэх

6 дугаар зүйл. Өршөөлд хамааруулах албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөр

6.1. 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараахь өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө:

6.1.1. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь;

6.1.2.Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь;

6.1.3. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг;

6.1.4. 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь;

6.1.5.Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлийг үндэслэн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг;

6.1.6.эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь.

/Дээрх 6 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Өршөөлд үл хамааруулах

7 дугаар зүйл. Өршөөлд үл хамааруулах

7.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:

7.1.1.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;

7.1.2.урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн;

7.1.3.урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэн, хорих ял эдэлж суллагдсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн;

7.1.4.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21, 1996 оны 8 дугаар сарын 22, 2000 оны 7 дугаар сарын 7, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиудаар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн;

7.1.5.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан цаазаар авах ял нь хорих ялаар солигдсон, эсхүл хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч дахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн.

Хэвлэх

8 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

8.1.Энэ хууль, Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд санхүүгийн, хууль зүй, дотоод хэргийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтран хяналт тавих бөгөөд холбогдох журмыг баталж мөрдүүлнэ.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

9.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН