Хэвлэх DOC Татаж авах
ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ


2001 оны 7 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 167



Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар шинээр илэрсэнтэй холбогдуулан халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар эмнэлгийн багаж хэрэгслээр дамжин халдварлахаас сэргийлэхэд чиглэсэн судалгаа, үнэлгээний ажлыг 2001 оны 10 дугаар сард багтаан хийж, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай.


2. Хүний дархлал хомсдолын вирусийн халдварын болон дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчний өндөр эрсдэл бүхий бүлгийн хүмүүсийг энэ оны 10 дугаар сард багтаан холбогдох үзлэг шинжилгээнд хамруулах, бэлгийн замын халдварт өвчин илрэгсдийг эмчилж эрүүлжүүлэх арга хэмжээ авч дүнг Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороонд ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


3. Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон сэрэмжлүүлэг, сургалт, сурталчилгааг үндэсний радио, телевизээр сар тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод даалгасугай.


4. Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчний оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай оношлуур,эм, багаж төхөөрөмж авахад зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 77.3 /далан долоон сая гурван зуун мянган/ сая төгрөг гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН