Хэвлэх DOC Татаж авах
ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ,СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ,СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1994 оны 8 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 153



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Үйл ажиллагаа, зохион байгуулалт нь давхардаж байгааг харгалзан Халдварт өвчин судлалын төв, Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэг, Улсын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газар, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт, Арьс өнгөний эмгэг судлалын төвийг тус тус татан буулгаж, Арьс өнгөний клиникийн эмнэлгийг Арьсны өвчин судлалын төв болгон өөрчлөхийг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д зөвшөөрсүгэй.


2.Менингококкт халдварын гаралтыг хязгаарлаж зогсоох зорилгоор 1994 онд нийслэлийн 1-15 насны бүх хүүхдийг вакцинжуулах, өвчний голомт бүхий газарт уг өвчнөөс сэргийлэх боломжит арга хэмжээг авч үр дүнг тооцсоны үндсэн дээр 1995 онд багтаан улсын хэмжээнд мөрдүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулахыг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.


З.Менингококкт халдварыг оношлох,эмчлэх, сэргийлэхэд хэрэглэх эм, бэлдмэлийг гадаад орноос худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхийг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д, уг өвчнөөр өвчлөгчдийг эмчлэхэд зориулан 1994 оны эхний хагаст Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгт зарцуулсан болон энэ онд нэмж шаардагдах хөрөнгийг тооцож нийслэлийн 1994 оны төсвөөс зохицуулан гаргахыг нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д тус тус даалгасугай.


4.Арьс өнгөний эмгэг судлалын төвийн байрлаж байсан байрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар дуудлагын худалдаагаар борлуулахыг нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА