A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 108

Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын уялдаа холбоог хангах, хүнд суртал, чирэгдлийг багасгах зорилгоор Хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хилийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хилийн боомтод зөвхөн хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх алба, хилийн эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлийн алба, гаалийн байгууллагыг ажиллуулсугай.

2. Монгол Улсын хилийн боомтод хилийн мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа эрхлэж байгаа Эрүүл мэндийн улсын хяналтын алба, Мал эмнэлэг, ариун цэврийн улсын хяналтын алба, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн албад болон тэдгээрийн лабораториудыг нэгтгэн "нэг цэгийн үйлчилгээ"-ний зарчимд шилжүүлэн журамласугай.

3. "Нэг цэгийн үйлчилгээ"-ний зарчмаар ажиллах болсонтой холбогдуулан улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд ногдуулж байгаа татвар, хураамжийг гаалийн байгууллагаар дамжуулан хурааж, улсын төсөвт төвлөрүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

4. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон импортын барааны эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналт, стандарт, чанарын баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн талаар мөрдөж байгаа шийдвэрүүдийг 2002 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр хүчингүй болгохыг холбогдох сайд нарт, цаашид мөрдөх төлбөр, хураамжийн хэмжээг нэгдсэн байдлаар тогтоож мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж байгаа журмыг энэ оны П улиралд багтаан шинэчлэн боловсруулж Засгийн газарт оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН