A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ /2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар
Бүлэг: 1979

/2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, олон нийтэд мэдээлэх, төсвийн цаглабарыг мөрдүүлэх, сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэх, Улсын Их Хуралд танилцуулах, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор мөн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад зүйл, заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор тус тус заасан/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА,

САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь төсөв зохиох, батлах, зарцуулах, тайлагнах, төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1. Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой (хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай) хуулийн этгээдэд хамаарна.

3.2. Энэ хуулийн ерөнхий менежер, үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн, гэрээнээс гадуур бүтээгдэхүүн худалдах тухай харилцааг зохицуулж буй зүйл, хэсэг, заалт нь улсын аюулгүй байдлыг хангах байгууллага, түүнчлэн хуульд заасны дагуу гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилд хамаарахгүй.

3.3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх болон тэдгээрийн орон тоо, цалин, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. "Монгол Улсын нэгдсэн төсөв" гэж улсын болон орон нутгийн төсвийн бүрдлийг;

4.1.2. "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газрын бүрдүүлж зарцуулах төсөв болон орон нутагт олгох санхүүгийн дэмжлэгийн нийлбэрийг;

4.1.3. "орон нутгийн төсөв" гэж орон нутгийн орлого, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүний санхүүжилтийн нийлбэрийг;

4.1.4. «төсвийн байгууллага» гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг;

4.1.5. «хэтийн зорилт» гэж Засгийн газар болон төсвийн байгууллагаас дэвшүүлсэн дунд, урт хугацааны зорилт, хүрэх түвшинг;

4.1.6. «дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл» гэж дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг зохиоход Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж Улсын Их Хурлаас зөвшөөрсөн баримт бичгийг;

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.7. «төсвийн төсөл» гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан улсын төсвийн орлого, зарлага, түүний дотор төсвийн төлөвлөгөөний ангилал тус бүрийн талаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн саналыг;

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.8. «төсвийн ерөнхийлөн захирагч» гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг;

4.1.9. «ерөнхий менежер» гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр төсвийн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтныг;

4.1.10. «бүтээгдэхүүн» гэж төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа, чанар, зардал зэрэг гэрээнд тусгасан шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээг;

4.1.11. «бүтээгдэхүүний анги» гэж төсөв хуваарилах зорилгоор нэгтгэсэн ижил төстэй бүтээгдэхүүний бүлэглэлийг;

4.1.12. «зорилтын санал» гэж төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой (хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай) хуулийн этгээдийн ирэх 3 жилийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг;

4.1.13. «бусад этгээд» гэж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдаж авах энэ хуулийн 4.1.10-т заасан бүтээгдэхүүнийг гэрээгээр нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг;

4.1.14. «аккруэл суурь» гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;

4.1.15. «өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх» гэж Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу Засгийн газар төсвийн хөрөнгийг захиран зарцуулагчийн хувьд төсвийн байгууллага өөрийн чиг үүргийн үйл ажиллагааг үр өгөөжтэй, тасралтгүй явуулж байх хүний нөөц, эд хөрөнгө болон санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, учирч болох эрсдэлийг удирдах арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэхийг.

5 дугаар зүйл. Удирдлага, санхүүжилтийн зарчим

Хэвлэх

5.1. Төсвийн байгууллага, албан тушаалтан нь удирдлага, санхүүжилтийн талаар дараахь зарчмыг баримтална:

5.1.1. жилийн эхэнд үйл ажиллагааныхаа зорилтыг тогтоож, хүрэх үр дүнг тодорхой болгох;

5.1.2. санхүүгийн жилд бүтээгдэхүүнээ гэрээний үндсэн дээр нийлүүлж, төсвийн санхүүжилт авах;

5.1.3. албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилох, ажлын үр дүнг нь бодитойгоор үнэлэх;

5.1.4. санхүү, төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.

5.2. Засгийн газар төсвийн талаар дараахь зарчмыг баримтална:

5.2.1. төсвийг дунд хугацаагаар төлөвлөж, удирдах;

5.2.2. ирэх 3 жилийн улсын төсвийн урсгал зардлын дундаж нь урсгал орлогын дунджаас хэтрэхгүй байх;

5.2.3. жил бүрийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ илүүдэлтэй байх;

5.2.4. гадаад худалдааны нөхцөл эерэг байх жилд мөнгөн гүйлгээний илүүдэл нь 3 жилийн дунджаас дээгүүр байх;

5.2.5. Улсын Их Хурлаас зөвшөөрсний дагуу Засгийн газрын зээлийн зохистой түвшинг жил бүр тогтоож, мөрдөх;

5.2.6. татварын түвшин болон татварын тогтолцооны тогтвортой байдлыг хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Төсвийн байгууллага, албан тушаалтны

төсвийн удирдлагын талаархи бүрэн эрх

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

6.1. Улсын Их Хурал нь дараахь бүрэн эрхтэй:

6.1.1. Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийн орлого, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилт, бусад санхүүжилтийг хэлэлцэж батлах;

6.1.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн батлах;

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.1.3. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн улсын төсвийг батлах;

/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.4. төсвийн байгууллага төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, үр дүнг нь тайлагнах тогтолцоог бүрдүүлэх;

6.1.5. нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх, Засгийн газрын санхүүгийн тайлан болон улсын төсвийн гүйцэтгэлийг батлах.

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

7.1. Засгийн газар нь дараахь бүрэн эрхтэй:

7.1.1. төсвийн удирдлагыг боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх;

7.1.2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон энэ хуулийн 5.2-т заасан төсвийн удирдлагын зарчимд нийцүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нэгдсэн төсвийн төслийн жил бүрийн болон дунд хугацааны үндсэн үзүүлэлтийг боловсруулах;

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн жил бүрийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэсэн улсын төсвийн төслийг боловсруулах;

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.4. улсын төсвийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилтийг тодорхойлох;

7.1.5. Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Засгийн газрын үнэт цаас гаргах;

7.1.6. төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангуулах;

7.1.7. улсын төсвийн байгууллагын ажлын үр дүнг төсвийн санхүүжилттэй уялдуулан дүгнэх.

7.2. Засгийн газар агентлаг байгуулах саналыг дараахь тохиолдолд Улсын Их Хуралд гаргана:

7.2.1. тухайн агентлагийн нийлүүлэх бүтээгдэхүүн нь төрийн чиг үүрэгт хамаарч байгаа;

7.2.2. хуульд заасан болон уг бүтээгдэхүүнийг тухайн агентлагаар хийж гүйцэтгүүлэхээр Засгийн газар тодорхойлсон.

8 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Хэвлэх

8.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхтэй:

8.1.1. улсын санхүүгийн байдал, төсвийн үйл ажиллагааны үр дүнг хариуцаж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн удирдлага, санхүүжилтийн зарчмыг сахиулах;

8.1.2. эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, тооцоо, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

8.1.3. төсвийн удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох санал боловсруулан, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.1.4. санхүү, төсвийн удирдлагын асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд заавар, журам батлан гаргах;

8.1.5. төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг хангасан төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүний санхүүжилтийг олгох;

8.1.6. төрийн өмч, улсын төсвийн хөрөнгө, эрсдэлийг үр ашигтай удирдах;

/Энэ заалтыг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.7. Засгийн газраас эрх олгосноор Засгийн газрын нэрийн өмнөөс зээл авах буюу зээл авах зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.1.8. төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт өөрчлөлттэй нь хамт батлуулах; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.9. зээл, тусламжийн санхүүжилт, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, Засгийн газрын шийдвэрээр зээлийн баталгаа гаргах; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.10. улсын төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын өрийн удирдлагыг хэрэгжүүлэх;

8.1.11. энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулж авах.

81дүгээр зүйл. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./ 81.1.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 81.1.1.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх, төлбөрийн хуваарийг Төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх.

9 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

9.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй:

9.1.1. төсвийн байгууллагын бүртгэлийн бодлогыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх;

9.1.2. шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллагаас гаргуулж авах;

9.1.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхэд хамаарах улсын төсвийн байгууллагын бүтээгдэхүүний нийлүүлэлт болон улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн байгууллагаас худалдан авах бүтээгдэхүүний нийлүүлэлтийн явцад хяналт тавих;

9.1.4. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн жил бүрийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэсэн улсын төсвийн төсөл, түүнийг тодотгох тухай Засгийн газрын саналыг боловсруулах, тооцоо, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

9.1.5. Засгийн газрын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргах;

9.1.6. нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах;

9.1.7. энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу улсын төсвийн байгууллагын мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх;

9.1.8. улсын төсвийн орлого, зарлагын төлбөрийг гүйцэтгэх банкны дансны бүртгэлийг хөтлөх;

9.1.9. улсын төсвийн байгууллагад банкинд данс нээх зөвшөөрөл олгох;

9.1.10. улсын төсвийн байгууллагын мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтын бүрэлдэхүүн хэсэг болох Засгийн газрын дансуудыг удирдах.

9.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хууль тогтоомжид заасан улсын төсвийн орлого, зарлагын гүйлгээг энэ чиглэлийн үүрэг бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

91дүгээр зүйл. Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

91.1.Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:

91.1.1.эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулах;

91.1.2.төсвийн удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох санал боловсруулан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх.

/Дээрх 91 дүгээр зүйлийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл. Мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтад тавих шаардлага

Хэвлэх

10.1. Улсын төсвийн байгууллагын мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтад дараахь шаардлага тавина:

10.1.1. улсын төсвийн байгууллага мөнгөн хөрөнгийнхөө хэрэгцээг зөв төлөвлөн ажиллах, урсгал төсвөө оновчтой ашиглах сонирхлыг төрүүлэхүйц байх;

10.1.2. улсын төсвийн байгууллагын дансны цэвэр үлдэгдлийг байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг алдагдуулахгүйгээр үр ашигтай удирдах.

11 дүгээр зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагч

Хэвлэх

11.1. Дараахь албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:

11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ерөнхийлөгчийн төсвийн;

11.1.2.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын төсвийн;

/Энэ заалтад 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.1.3.Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;

11.1.4.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөв болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн;

11.1.5.Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн;

11.1.6.Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;

11.1.7.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн;

11.1.8.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн;

11.1.9.Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн;

11.1.10.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тус зөвлөлийн;

11.1.11. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн;

11.1.12. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;

11.1.13. нийслэлийн Засаг дарга нийслэлийн төсөв болон нийслэлийн Захирагчийн ажлын албаны төсвийн;

11.1.14.аймгийн Засаг дарга аймгийн төсвийн;

11.1.15. сум, дүүргийн Засаг дарга сум, дүүргийн төсвийн.

12 дугаар зүйл. Төсвийн талаархи төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрх

Хэвлэх

12.1. Төсвийн ерөнхийлөн захирагч дараахь бүрэн эрхтэй:

12.1.1. эрхлэх асуудлынхаа хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний орлого, санхүүжилтийн хэрэгцээгээ бодитой тодорхойлох;

12.1.2. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг хангуулах;

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.3. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд мэдээлэл өгөх;

12.1.4. дэвшүүлсэн хэтийн зорилтоо хэрэгжүүлэхэд төрийн зохицуулалт шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад санал оруулах;

12.1.5. эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах;

12.1.6. эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах;

12.1.7. эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүний нийлүүлэлт, санхүүгийн үр дүнг хянаж дүгнэх;

12.1.8. төрийн албаны төв байгууллагаас энэ хуулийн 45.1-д заасан албан тушаалд нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонголт хийж, эрх бүхий байгууллагад санал оруулах;

12.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 12.1-д заасан зарим эрхээ ерөнхий менежерт бичгээр шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

12.3. Төсвийн ерөнхийлөн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээний төсвийн байгууллагын ерөнхий менежерт хуулиар олгогдсон эрх мэдлийг хязгаарлах буюу өөртөө шилжүүлэн авахыг хориглоно.

13 дугаар зүйл. Улсын төсвийн байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

13.1. Улсын төсвийн байгууллага төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг бүтээгдэхүүний хэлбэрээр нийлүүлж, түүнийхээ төлөө санхүүжилт авна.

13.2. Улсын төсвийн байгууллага батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулна.

13.3. Улсын төсвийн байгууллага үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөндөө тусгасны үндсэн дээр төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээнээс гадуур өөрийн бүтээгдэхүүнээ худалдаж нэмэлт орлого олж болно.

13.4. Дараахь шаардлагыг хангасан тохиолдолд улсын төсвийн байгууллага үндсэн бус үйл ажиллагаа явуулан орлого олж болно:

13.4.1. төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн, уг үйл ажиллагаанаас алдагдал учирвал нөхөх төсвийн бус эх үүсвэрийг төлөвлөсөн байх;

13.4.2. санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд уг үйл ажиллагааны талаар зохих ёсоор тусгасан;

13.4.3. байгууллагын хөрөнгийг зориулалт бусаар ашиглаагүй, ажилтныг үүрэгт ажлаас нь хөндийрүүлээгүй.

13.5. Улсын төсвийн байгууллага ашиглагдаагүй мөнгөн хөрөнгөө мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтын хүрээнд хүүтэй хадгалуулж болно. Хадгаламжийн хүүгийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн банктай зөвшилцөн тогтооно.

13.6. Улсын төсвийн байгууллага өөрт байгаа төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийг жил бүр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хувь хэмжээгээр төлнө.

13.7. Улсын төсвийн байгууллага нь хөрөнгийн төлбөр болон үйл ажиллагааны зардлын хэмнэлтийг ажилтнаа сургах, давтан сургах, урамшуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулж болно. Энэ нь тухайн байгууллагын дараа оны төсвийг батлахад бууруулж тооцох үндэслэл болохгүй.

131дугаар зүйл. Төсвийн байгууллагын нэмэлт орлого, зарлагын хэмнэлт

Хэвлэх

131.1.Төсвийн байгууллагын нэмэлт орлого, зарлагын хэмнэлтээс тухайн төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан урамшуулал олгоно.

131.2.Энэ хуулийн 131.1 дэх хэсэгт заасан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дараа жилийн төсвийн багцад тусган, батлуулна.

131.3.Энэ хуулийн 131.1 дэх хэсэгт заасан урамшууллын нийт дүн энэ хуулийн 131.2 дахь хэсгийн дагуу батлагдсан хэмжээнээс хэтэрч болохгүй.

131.4.Төсвийн байгууллагын нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас төсвийн байгууллагад олгох урамшууллын хэмжээ, шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Дээрх 131дугаар зүйлийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл. Улсын төсвийн байгууллагад хориглох зүйл

Хэвлэх

14.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд улсын төсвийн байгууллага, албан тушаалтанд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

14.1.1. зээл авах, зээл олгох, зээлийн төлбөр гүйцэтгэх, зээл хувиргах;

14.1.2. мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээх;

14.1.3. санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;

14.1.4. хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр, хураамж авах, энэ хуульд заасныг зөрчиж нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг аливаа хэлбэрээр орлого олох;

14.1.5. энэ хуульд заасныг зөрчиж төсвөөс гадуур зардал гаргах;

14.1.6. мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтын хадгаламжаас өөр хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх;

14.1.7. үндсэн хөрөнгө борлуулсны орлогыг урсгал зардлыг санхүүжүүлэхэд ашиглах;

14.1.8. ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халах, энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг зөрчих.

15 дугаар зүйл. Улсын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөр

Хэвлэх

15.1. Улсын төсвийн байгууллагаар дамжин төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж буй ажил, үйлчилгээний орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг улсын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн тайланд тусгана.

Улсын төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар тогтооно.

15.2. Энэ хуулийн 15.1-д заасан орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн улсын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн дансанд бүртгэнэ.

15.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлынхаа хүрээний улсын төсвийн байгууллагуудын энэ хуулийн 15.1-д заасан тайлан болон улсын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

15.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 15.3-д заасан үүргийг ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээнд ерөнхий менежерийн нийлүүлэх бүтээгдэхүүний хэлбэрээр тусган өөрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

16 дугаар зүйл. Ерөнхий менежер

Хэвлэх

16.1. Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий ерөнхий менежертэй байна.

16.2. Дараахь албан тушаалтан төсвийн ерөнхий менежер байна:

16.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын төсвийн;

/Энэ заалтад 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.2.2.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын төсвийн;

/Энэ заалтад 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.2.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ерөнхий сайд, Шадар сайдын болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн;

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.2.4.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн;

16.2.5.агентлагийн дарга тус агентлагийн төсвийн;

16.2.6.Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;

16.2.7.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга тус зөвлөлийн төсвийн;

16.2.8.Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга тус шүүхийн төсвийн;

16.2.9. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн нарийн бичгийн дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийн;

16.2.10. аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн тамгын хэлтсийн дарга тухайн шатны шүүхийн төсвийн;

16.2.11.Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга прокурорын байгууллагын төсвийн;

16.2.12.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;

16.2.13.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;

/Энэ заалтад 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.2.14.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн.

16.3.Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаалтныг Улсын Их Хурал тогтооно.

16.4. Ерөнхий менежер өөрийн эрхэд хамаарах зарим эрхээ холбогдох албан тушаалтанд бичгээр шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

17 дугаар зүйл. Ерөнхий менежерийн бүрэн эрх

Хэвлэх

17.1. Ерөнхий менежер дараахь бүрэн эрхтэй:

17.1.1. батлагдсан төсөв, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд зардал гаргах;

17.1.2.Засгийн газраас тогтоосон хүрээнд багтаан хөрөнгө оруулалт хийх;

17.1.3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр байгууллагын нэр дээр банкинд данс нээж ашиглах;

17.1.4. байгууллагын балансад байгаа хөрөнгийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах;

17.1.5. байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;

17.1.6.төсвийн удирдлага, санхүүжилтийг байгууллагынхаа үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглүүлэх;

17.1.7. байгууллагын төсвийн санхүүжилтийг үр ашигтай явуулах;

17.1.8. байгууллагын санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх;

17.1.9. төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай санхүүжүүлж, биелэлтэд хяналт тавих;

17.1.10. байгууллагын санхүүгийн тайланг үнэн зөв гаргах;

17.1.11. энэ хуулийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөх;

17.1.12. ажилтныг ажилд томилох, өөрчлөх, халах, түүнд урамшуулал олгохдоо энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг баримтлах;

17.1.13. төсвийн байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох заавар, журмыг сахин биелүүлэх;

17.1.14. энэ хуульд заасан бусад бүрэн эрх.

18 дугаар зүйл. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ

Хэвлэх

18.1. Төсвийн байгууллагын ерөнхий менежер энэ хуулийн 18.4-т заасан хугацаанд жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.

18.2. Yр дүнгийн гэрээнд байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө болон ерөнхий менежерийн ажлын үр дүнгийн зорилт, түүнийг дүгнэх талаар тусгасан байна.

18.3. Ерөнхий менежер дараахь байдлаар үр дүнгийн гэрээ байгуулна:

18.3.1. улсын төсвийн байгууллагын ерөнхий менежер нь шууд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчтай;

18.3.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр улсын төсвийн өөр байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг улсын төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын ерөнхий менежертэй;

18.3.3. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон орон нутгийн төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн шатны Засаг даргатай.

18.4. Улсын төсвийг Улсын Их Хурал баталснаас хойш 1 сарын дотор үр дүнгийн гэрээг байгуулна.

19 дүгээр зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө агентлагийн ерөнхий менежерийн хүлээх үүрэг

Хэвлэх

19.1. Агентлаг байгуулах шийдвэрт өөрөөр заагаагүй бол агентлагийн ерөнхий менежер төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө агентлагийн үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээнэ.

19.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө агентлагийн ерөнхий менежерийн хүлээх үүрэг нь санхүүгийн үр дүн, өмчлөлийн асуудлаар хязгаарлагдана.

19.3. Төсвийн ерөнхийлөн захирагч агентлагийн нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлно.

19.4. Төсвийн ерөнхийлөн захирагч илүү үр ашигтай гэж үзсэн тохиолдолд холбогдох агентлагийн ерөнхий менежер зөвшөөрсний үндсэн дээр тухайн агентлагийн ерөнхий менежер төрийн захиргааны төв байгууллагын буюу өөр агентлагийн ерөнхий менежерийн өмнө хариуцлага хүлээж болно.

19.5. Энэ хуулийн 19.4-т заасны дагуу өөрт нь өөр агентлагийн ерөнхий менежер ажлаа тайлагнадаг төрийн захиргааны төв байгууллагын буюу агентлагийн ерөнхий менежер дараахь үүрэгтэй:

19.5.1. энэ хуулийн 18.3-т заасны дагуу жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах;

19.5.2. агентлагийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийг зарцуулах;

19.5.3. агентлагаас нийлүүлэх бүтээгдэхүүнийг төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд тавигдаж байгаа хүрэх үр дүн болон хэтийн зорилттой уялдуулах;

19.5.4. агентлагийн санхүүгийн болон өмчлөгчийн ашиг сонирхлыг хөндсөн бусад үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих;

19.5.5. агентлаг болон түүний ерөнхий менежерийн жилийн ажлын үр дүнг дүгнэх.

19.6. Төсвийн ерөнхийлөн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээний

агентлагийн өмнөөс энэ хуулийн 19.5-д заасан асуудлаар Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээнэ.

20 дугаар зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

Хэвлэх

20.1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгмийн эрх ашгийн үүднээс зайлшгүй төрийн өмчийн байгууллага гүйцэтгэх шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлнэ.

20.2. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай[2] болон Компанийн тухай[3] хуулиар зохицуулна.

20.3. Төр ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагааг зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хэлбэрээр явуулна.

20.4. Улсын төсвийн байгууллага зах зээлд борлуулах бололцоотой бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд энэ чиг үүргийг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх шаардлагагүй бол Засгийн газар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болгон өөрчлөн байгуулах, эсхүл чиг үүргийг нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд шилжүүлнэ.

21 дүгээр зүйл. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл

Хэвлэх

21.1. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараахь үүрэгтэй:

21.1.1. ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах;

21.1.2. ерөнхий менежерийн ажлын үр дүнг хянах;

21.1.3. үйл ажиллагааныхаа талаархи бодлогын асуудлыг шийдвэрлэх.

21.2. Төрийн өмчийн хороо төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилохдоо дараахь болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.1. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;

21.2.2. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй.

21.3. Төлөөлөн удирдах зөвлөл энэ хуульд заасан тайлан, бусад мэдээллийг холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.

21.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж авахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.5. Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуульд өөрөөр заагаагүй бол Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

22 дугаар зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх

Хэвлэх

22.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн үр дүн, тэдгээрээс төсвийн байгууллагуудын санхүүгийн байдал, мөнгөн хөрөнгийн гүйлгээнд үзүүлэх нөлөөнд, Төрийн өмчийн хороо нь эдгээр хуулийн этгээдийн ажлын үр дүнд хяналт тавина.

22.2. Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа этгээд нь хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлтэй үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг тохиролцож, түүний хэрэгжилтийг хянаж дүгнэхээс бусад хэлбэрээр тэдгээрийн өдөр тутмын удирдлагын ажилд оролцох эрхгүй.

22.3. Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газрын шийдвэргүйгээр төрийн мэдлийн хувьцааны хэмжээг өөрчилж болохгүй.

22.4. Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс олгох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох саналыг төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр гаргана.

23 дугаар зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах болон нийлүүлэх бүтээгдэхүүн

Хэвлэх

23.1. Төсвийн ерөнхийлөн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд шаардагдах бүтээгдэхүүний хэрэгцээгээ бодитой тодорхойлж, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад этгээдээс гэрээгээр худалдан авч болно. Гэрээнд бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл, төсвийн санхүүжилтийг тусгана.

23.2. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаа дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлнэ:

23.2.1. бодлогын асуудал, зохицуулалтын ажил, үйлчилгээ;

23.2.2. Улсын Их Хуралд шаардлагатай бөгөөд төсөвт нь туссан бусад ажил, үйлчилгээ.

23.3. Төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаа дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлнэ:

23.3.1. бодлогын асуудал, зохицуулалтын ажил, үйлчилгээ;

23.3.2. Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллагатай байгуулах үр дүнгийн гэрээний талаар зөвлөх, холбогдох талтай хамтран гэрээний төслийг боловсруулах, гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүний санхүүгийн үр дүнгийн биелэлтийг хянаж дүгнэх;

23.3.3. төрийн захиргааны төв байгууллагад хамаарах бусад бүтээгдэхүүн.

23.4. Агентлаг өөрийн чиг үүргийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид бүтээгдэхүүн нийлүүлнэ.

23.5. Төсвийн ерөнхийлөн захирагч бусад этгээдээс бүтээгдэхүүн худалдан авахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

24 дүгээр зүйл. Төсвийн байгууллага эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах

Хэвлэх

24.1. Төсвийн байгууллага эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай[4] хуулиар зохицуулна.

24.2.Төсвийн байгууллагын эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцогч Монгол Улсын хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.

/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Улсын төсөв боловсруулах, батлахтай холбогдсон харилцаа

25 дугаар зүйл.Улсын Их Хуралд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.1. Засгийн газар дараа жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараахь зүйлийг тусгана:

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2.1. Засгийн газрын дунд хугацааны зорилтууд;

25.2.2. Засгийн газраас тухайн жилд төлөвлөсөн төсвийн урсгал зардал болон орлогын хэмжээ, хөрөнгө оруулалт, нийт болон урсгал тэнцэл, төсөвлөсөн баланс, мөнгөн гүйлгээ, тэдгээрийн талаар дараагийн 2 жилд тавих зорилт;

25.2.3. макро эдийн засгийн болон энэ хуулийн 25.2.2-т заасан үзүүлэлтийн тооцоо, танилцуулга;

25.2.4. төсвийн хүрээний үзүүлэлтүүд нь энэ хуульд заасан төсвийн удирдлагын зарчимд нийцэж байгаа тухай дүгнэлт.

/Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

25.3. Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26 дугаар зүйл. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө

Хэвлэх

26.1. Улсын төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын төсөв боловсруулах үндэслэл болно.

26.2. Төлөвлөгөөнд ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон дараахь зүйлийг тусгана:

26.2.1. байгууллагын 3 жилийн хэтийн зорилтууд;

26.2.2. дараагийн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, өртөг;

26.2.3. жилийн эцсийн санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй ижил үзүүлэлтээр боловсруулсан байгууллагын төсөв;

26.2.4. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад асуудал.

26.3. Улсын төсвийн байгууллагын бүтээгдэхүүний өртгийг түүнийг нийлүүлэхэд гарах бүртгэлийн аккруэл сууриар тооцсон бодит зардлын хэмжээгээр буюу удирдлагын зардал, хөрөнгийн төлбөрийг оролцуулан тогтооно.

27 дугаар зүйл. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг хүргүүлэх

Хэвлэх

27.1. Улсын төсвийн байгууллага өөрийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний төслийг төсвийн ерөнхийлөн захирагчид 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор, төсвийн ерөнхийлөн захирагч санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

28 дугаар зүйл. Зорилтын санал

Хэвлэх

28.1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага жил бүр 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор тухайн хуулийн этгээдийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаархи санал (цаашид «зорилтын санал» гэх)-ын төслийг Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.

28.2. Зорилтын саналд ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон дараахь зүйлийг тусгана:

28.2.1. байгууллагын 3 жилийн хэтийн зорилтууд;

28.2.2. үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ;

28.2.3. нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;

28.2.4. санхүүгийн төлөв, түүний дотор төлөвлөж байгаа ашиг;

28.2.5. төсөвт оруулахаар төлөвлөсөн ногдол ашиг;

28.2.6. төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт.

28.3. Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж нэгтгэн, санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

28.4. Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг тусган, тухайн хуулийн этгээдийн удирдлагатай 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор тохиролцоно.

28.5. Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

28.6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зорилтын саналыг танилцуулна.

29 дүгээр зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл

Хэвлэх

29.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл нь улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг үндэслэсэн байна.

29.2. Улсын төсвийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсвийг тусгасан байна.

29.3. Төсвөөс санхүүжиж байгаа бүх байгууллагын төсөв аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамрагдсан байна.

30 дугаар зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд тавих шаардлага

Хэвлэх

30.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл дараахь шаардлагыг хангасан байна:

30.1.1. улсын төсвийн төсөлтэй уялдсан байх;

30.1.2. эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газраас дэвшүүлж байгаа богино болон дунд хугацааны хэтийн зорилтуудыг тусгах;

30.1.3. хуваарилагдсан төсвийг захиран зарцуулах этгээдийг заах;

30.1.4. эрхлэх асуудлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүнийг анги тус бүрээр тодорхойлж, нийлүүлэх байгууллага, худалдан авахад гарах зардлыг заах;

30.1.5. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа тухай тайлбарласан байх;

30.1.6. эрхлэх асуудлын хүрээнд төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, бусад шилжүүлгийн төрөл тус бүрийн хэмжээг тусгах;

30.1.7. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлын төрөл тус бүрийн хэмжээг тогтоосон байх;

30.1.8. эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээг тодорхойлсон байх;

30.1.9. бүтээгдэхүүн худалдан авахаас бусад төсвийн зорилго, ач холбогдлыг тайлбарласан байх;

30.1.10. эрхлэх асуудлын хүрээнд төсөвт оруулах нийт орлогын урьдчилсан хэмжээ, тэдгээрийн ангиллыг тогтоосон байх;

30.1.11. шаардлагатай бол өмнөх жилийн төсөвт дээрх зүйл тус бүрт төсөвлөсөн санхүүжилт, түүний биелэлтийг харьцуулсан байх.

31 дүгээр зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг Засгийн газарт мэдүүлэх

Хэвлэх

31.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсвийн төслийг нэгтгэн 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Засгийн газарт мэдүүлнэ.

31.2. Засгийн газар төсвийн төслийг ерөнхийлөн захирагч бүрээр хэлэлцэнэ.

32 дугаар зүйл. Улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

Хэвлэх

32.1. Засгийн газар 10 дугаар сарын 1-ний өдрийн өмнө улсын төсвийн дараахь баримт бичгийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:

32.1.1. эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл;

/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/

32.1.2. улсын төсвийн төсөл, түүний тухай илтгэл;

32.1.3. төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төсөл.

32.2. Улсын төсвийн төсөлд Засгийн газраас дэвшүүлсэн санхүүгийн зорилтыг дараахь үзүүлэлтээр тодорхойлсон байна:

32.2.1. төсвийн удирдлагын зарчмын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд;

32.2.2. тухайн санхүүгийн жил болон түүний дараахь 2 жилээр тооцсон улсын төсвийн орлого, зарлага, улсын төсвийн хөрөнгө, өр төлбөр, мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг багтаасан санхүүгийн үзүүлэлтүүд;

32.2.3. төсөвт тусгагдаагүй боловч Засгийн газрын урьд гаргасан шийдвэрийн улмаас гарч болзошгүй өр төлбөр, нэмэлт зардал, орлогын дутагдал зэрэг улсын төсөвт учирч болох эрсдлийн тухай мэдэгдэл;

32.2.4. төсвийн төслийн үзүүлэлтүүд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэж байгааг нотолсон буюу зөрүүг тайлбарласан мэдэгдэл.

/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.3. Энэ хуулийн 32.2-т заасан улсын төсвийн орлогын ангилал болон улсын ба орон нутгийн төсөвтэй харьцах заагийг хуулиар тогтооно.

32.4. Улсын төсвийн зарлагын ангилал нь энэ хуулийн 33.2-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн ангилалтай нийцсэн байна.

33 дугаар зүйл. Улсын төсөв батлах

Хэвлэх

33.1. Улсын Их Хурал энэ хуулийн 32.1-д заасан төсвийн баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэн батална.

33.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсөвт дараахь зүйлийг тусгана:

33.2.1. улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад этгээдээс худалдаж авах бүтээгдэхүүнийг анги бүрээр;

33.2.2. улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагыг төрөл, анги бүрээр;

33.2.3. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад зардлыг зардлын төрөл бүрээр;

33.2.4. улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын төсөл бүрээр.

33.3. Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа зайлшгүй нөхцөлийн улмаас гарсан том хэмжээний өөрчлөлтөөс бусад тохиолдолд нэгэнт зөвшөөрсөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөхгүй байх зарчмыг баримтална.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.4. Улсын Их Хурлаас төсвийн баримт бичигт өөрчлөлт оруулахдаа татварын тогтолцоог тогтвортой байлгах зарчмыг баримтална.

33.5. Улсын Их Хурал улсын төсвийг 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэлэлцэн батална.

34 дүгээр зүйл. Санхүүгийн жил

Хэвлэх

34.1 Санхүүгийн жил 1 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

35 дугаар зүйл. Улсын төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх хүчин төгөлдөр байх хугацаа

Хэвлэх

35.1. Улсын Их Хурлаас олгосон тухайн жилийн төсвийг зарцуулах төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх санхүүгийн жил дууссанаар дуусгавар болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Улсын төсвийг зарцуулах,

төсвийн гүйцэтгэлийг тайлагнах

36 дугаар зүйл. Сонгуулийн өмнөх мэдэгдэл

Хэвлэх

36.1. Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаар Улсын Их Хурал олон нийтэд мэдээлнэ. Энэхүү мэдээлэлд дараахь зүйлийг тусгасан байна:

36.1.1. улсын эдийн засгийн гол үзүүлэлт:

36.1.1.1.хөдөлмөрийн нөөц, ажил эрхлэлтийн үзүүлэлт;

36.1.1.2.тэтгэвэр, тэтгэмж, төсвийн байгууллагад ажиллагсадын хөдөлмөрийн хөлсний дундаж түвшин;

36.1.1.3.дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өөрчлөлтийг харуулах үзүүлэлт;

36.1.1.4.хэрэглээний үнийн индекс;

36.1.1.5.төгрөгийн 1 америк доллартай харьцах ханш болон нийт мөнгөн хөрөнгийн тооцоо, эргэцийг харуулах үзүүлэлтүүд;

36.1.6.хөрөнгө оруулалт;

36.1.7.гадаад валютын цэвэр нөөц болон нийт орлого, зарлагын үзүүлэлт;

36.1.1.8.гадаад худалдааны тэнцэл, өрийн үзүүлэлт.

36.1.2. Улсын Их Хурлын сонгууль болох оны жилийн эцсийн санхүүгийн төлөв;

36.1.3. санхүүгийн төлөвт тусгагдаагүй боловч Засгийн газрын урьд гаргасан шийдвэрийн улмаас гарч болзошгүй өр төлбөр, нэмэлт зардал, орлогын дутагдлын талаархи төсвийн эрсдэл, төсвийн болон эдийн засгийн төлөвт нөлөөлж болох бусад хүчин зүйлийн тухай тайлбар.

37 дугаар зүйл. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг тайлагнах журам

Хэвлэх

37.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, түүний дунд хугацааны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн нийцсэн талаархи дүн шинжилгээ болон Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргана.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

37.2. Тайлан дараахь зүйлээс бүрдэнэ:

37.2.1. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

37.2.2. баланс;

37.2.3. мөнгөн гүйлгээний тайлан.

37.2.4. өмчийн өөрчлөлтийн тайлан.

37.3. Тайланд дараахь нэмэлт тодруулгыг хавсаргана:

37.3.1. тооцоо нийлсэн өр төлбөрийн тухай мэдэгдэл;

37.3.2. учирч болзошгүй өр төлбөрийн тухай мэдэгдэл;

37.3.3. төсөвлөгдөөгүй зардлын тухай мэдэгдэл;

37.3.4. нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;

37.3.5. тайлан бүрэн бөгөөд үнэн зөв болохыг тодорхойлж Ерөнхий сайд, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гарын үсэг зурсан мэдэгдэл;

37.3.6. жилийн эцсийн санхүүгийн тайлан болон жилийн төсвийн үзүүлэлтүүдийг харьцуулсан тайлбар;

37.3.7. энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр гаргасан тайлангийн дүн.

37.4. Засгийн газар энэ хуулийн 38.1-д заасан аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

37.5. Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хаврын чуулганаараа хэлэлцэж улсын төсвийн гүйцэтгэлийг батална.

38 дугаар зүйл. Аудитын дүгнэлт

Хэвлэх

38.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор аудитын дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана.

38.2. Улсын төсвийн байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана.

38.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь жилийн эцсийн санхүүгийн тайландаа дараа жилийн 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор аудитын дүгнэлт хийлгэнэ.

38.4. Засаг дарга орон нутгийн жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн төрийн аудитын байгууллага 1 сарын дотор аудитын дүгнэлт гаргана.

38.5. Аудитын үйлчилгээний хөлсийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн жишгээр тооцож аудит хийлгэсэн байгууллага төлнө. Аудитын төлбөрийн орлогыг улсын буюу орон нутгийн төсөвт оруулна.

39 дүгээр зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагч тайлагнах журам

Хэвлэх

39.1. Төсвийн ерөнхийлөн захирагч санхүүгийн жилийн эцэст өөрийн үйл ажиллагааны үр дүн болон төсвийн гүйцэтгэлийн биелэлт, энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан төрийн аудитын төв байгууллагын аудитын дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

39.2. Төсвийн ерөнхийлөн захирагч тайландаа дараахь зүйлийг тусгана:

39.2.1. эрхлэх асуудлын хүрээний хэтийн зорилт, тэдгээрийн хэрэгжилт;

39.2.2. худалдан авсан бүтээгдэхүүний анги, түүний өртөг, батлагдсан төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгаан;

39.2.3. тэтгэвэр, тэтгэмж, бусад шилжүүлэг, тэдгээрийн зардал, төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгаан;

39.2.4. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал, төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгаан;

39.2.5. хөрөнгө оруулалтын хэрэгжилт, тэдгээрийн зардал, төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгаан;

39.2.6. эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас оруулсан орлого, төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгаан.

40 дүгээр зүйл. Улсын төсвийн байгууллага тайлагнах журам

Хэвлэх

40.1. Улсын төсвийн байгууллага хагас, бүтэн жилээр санхүүгийн тайлан гаргана.

40.2. Улсын төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргасан дараахь зүйлээс бүрдэнэ:

40.2.1. байгууллагын хөрөнгө, өр төлбөрийн тайлан;

40.2.2. байгууллагын тухайн оны орлого, зарлагыг харуулсан санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

40.2.3. байгууллагын тухайн оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн хөдөлгөөнийг харуулсан мөнгөн гүйлгээний тайлан;

40.2.4. байгууллагын өмчийн өөрчлөлтийн тайлан.

40.3. Улсын төсвийн байгууллагын санхүүгийн тайланд дараахь нэмэлт тодруулгыг хавсаргана:

40.3.1. байгууллагын тооцоо нийлсэн өр төлбөр;

40.3.2. баталгаа, хохирлыг нөхөн төлөх үүрэг зэрэг тухайн байгууллагын учирч болзошгүй өр төлбөрийн тухай мэдэгдэл;

40.3.3. батлагдсан төсвөөс гадуур буюу хэтрүүлж гаргасан зарлагын тухай мэдэгдэл;

40.3.4. батлагдсан төсвийн зүйл бүрээр гаргасан зардлын дүн;

40.3.5. нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;

40.3.6. тухайн жилийн санхүүгийн үйл ажиллагааны дүн, жилийн эцсийн санхүүгийн байдлыг үнэн зөв илэрхийлэхэд шаардлагатай бусад мэдээлэл;

40.3.7. холбогдох тайлан болон мэдэгдэлд заасан, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний үзүүлэлтэд хүрсэн байдал;

40.3.8. холбогдох тайлан болон мэдэгдэл бүрээр өмнөх санхүүгийн жилд хүрсэн түвшин;

40.3.9. санхүүгийн тайлангийн үнэн зөв болохыг тодорхойлж ерөнхий менежер, ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурсан мэдэгдэл.

40.4. Улсын төсвийн байгууллага хагас, бүтэн жилээр бүтээгдэхүүний анги тус бүрээр тоо хэмжээ, чанар, өртөг болон хугацааны биелэлтийг тусгасан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргана.

40.5. Улсын төсвийн байгууллага жилийн эцсийн тайлангаа энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан төрийн аудитын төв байгууллагын аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

41 дүгээр зүйл. Улсын төсвийн байгууллагын улирлын болон сарын тайлан

Хэвлэх

41.1. Ерөнхий менежер сар бүрийн эцэст санхүүгийн тайланг төсвийн ерөнхийлөн захирагчид, улирал бүрийн эцэст бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

41.2. Энэ хуулийн 41.1-д заасан тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан маягтын дагуу гаргана.

41.3.Улирлын тайланд дараахь зүйлийг тусгана:

41.3.1.тухайн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн явц;

41.3.2. ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцыг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл.

42 дугаар зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тайлан

Хэвлэх

42.1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай[5] болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргана.

42.2. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн тайлан нь түүний зорилтын саналтай харьцуулан дүгнэж болох ижил үзүүлэлттэй байх бөгөөд шаардлагатай мэдээллийг агуулсан байна.

42.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Төрийн албаны төв байгууллага болон

төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлого

43 дугаар зүйл. Төрийн албаны төв байгууллага

Хэвлэх

43.1. Төрийн албаны төв байгууллага нь төсвийн байгууллагын удирдах албан тушаалтныг энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг баримтлан сонгоно.

43.2. Төрийн албаны төв байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг Төрийн албаны тухай[6] хуулиар зохицуулна.

44 дүгээр зүйл. Төрийн албаны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

44.1. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхтэй:

44.1.1. улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт тавих;

44.1.2.улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүлээн авах, гаргуулж авах;

44.1.3. энэ хуулийн 45.1-д заасан албан тушаалд нэр дэвшүүлэх;

44.1.4. улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах;

/Энэ заалтад 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

44.1.5. энэ хуулийн 45.1-д заасан албан тушаал болон улсын ба орон нутгийн төсвийн байгууллагад ажиллах чадвартай хүмүүсийн судалгаа, бүртгэлийг эрхэлж, төсвийн байгууллагыг мэдээллээр хангах.

44.2. Төрийн албаны төв байгууллага нь ажлын албатай байна.

45 дугаар зүйл. Төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх журам

Хэвлэх

45.1. Төрийн албаны төв байгууллага нь дараахь албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

45.1.1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга,

45.1.2. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

45.1.3. төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;

45.1.4. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ерөнхий менежер;

45.1.5.агентлагийн дарга /цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагаас бусад/;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

45.1.6. Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга;

45.1.7. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

45.1.8. төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

45.2. Төрийн албаны төв байгууллага нь сонгон шалгаруулж нэр дэвшүүлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын талаар нийтэд мэдээлнэ.

45.3. Энэ хуулийн 45.1-д заасан албан тушаалтныг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэхэд улс төрийн хүчин, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, бусад төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид болон төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс төрийн албаны төв байгууллагад нөлөө үзүүлэхийг хориглоно.

45.4. Төрийн албаны төв байгууллага нь албан тушаалд нэр дэвшигчдийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан, хэрхэн сонгосноо, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын хамт нийтэд мэдээлнэ.

45.5.Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас ерөнхий менежерт санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

45.6.Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

45.7. Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага, төрийн захиргааны төв байгууллага, агентлагийн ерөнхий менежерийг 3 жилийн хугацаагаар томилно. Тэдгээрийн ажлын үр дүнг харгалзан бүрэн эрхийнх нь хугацааг тухай бүр 2 жилээр сунгаж болно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

46 дугаар зүйл. Төрийн албаны төв байгууллага санал гаргах

Хэвлэх

46.1. Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 45.1-д заасан албан тушаалтны цалин хөлсний талаар дараахь этгээдэд санал гаргана:

46.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

46.1.2. төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид ;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

46.1.3. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ерөнхий менежерийн талаар холбогдох Байнгын хороотой зөвлөлдөж Улсын Их Хуралд;

46.1.4. Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид;

46.1.5. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад.

46.2.Төрийн албаны төв байгууллага нь удирдах албан тушаалтны цалин хөлсний талаар санал боловсруулахдаа албан тушаалаас гадна ажлын үр дүнгээс хамаарах чиглэлийг баримтлан, дараахь шаардлагыг харгалзана:

46.2.1. адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох;

46.2.2. тухайн албан тушаалын хариуцлагын түвшин;

46.2.3. тухайн албан тушаалын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар.

46.3. Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн ерөнхий менежерийн цалин хөлсний хэмжээг тогтоохдоо төрийн албаны төв байгууллагын саналыг харгалзаж үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэнэ.

46.4. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа нь Төрийн албаны тухай хууль болон энэ хуульд заасан зарчмаар хэрэгжинэ.

47 дугаар зүйл. Үр дүнгийн гэрээг дүгнэх

Хэвлэх

47.1. Төрийн албаны төв байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох удирдах албан тушаалтантай, ерөнхий менежер төсвийн байгууллагын албан хаагчтай байгуулах үр дүнгийн гэрээ, түүнийг дүгнэх заавар, журмыг баталж, биелэлтэд нь хяналт тавина.

47.2. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын үр дүнг тухайн байгууллагын улирал, жилийн тайлан болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн албаны төв байгууллагын дүгнэлтэд тулгуурлан төсвийн ерөнхийлөн захирагч үнэлнэ.

47.3. Ерөнхий менежер нь энэ хуулийн 47.2-т заасан үнэлгээнд хангалтгүй үнэлэлт авсан бол төсвийн ерөнхийлөн захирагч түүнийг халах тухай шийдвэр гаргах буюу эрх бүхий байгууллагад энэ тухай саналаа гаргаж болно.

48 дугаар зүйл. Албан хаагчийг томилох

Хэвлэх

48.1. Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын ерөнхий менежер албан хаагчийг томилохдоо тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварыг нь үндэслэх зарчмыг баримтална.

48.2. Ерөнхий менежер нь өөрийн байгууллагын удирдах албан тушаалтныг ямар шалгуураар томилсон тухайгаа төрийн албаны төв байгууллагад бичгээр мэдэгдэнэ. Төрийн албаны төв байгууллага нь сонирхсон байгууллага, хувь хүмүүсийг уг мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

48.3. Ерөнхий менежер хүний нөөцийн асуудлаар хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн албаны төв байгууллага хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

49 дүгээр зүйл. Албан хаагчид урамшуулал олгох

Хэвлэх

49.1. Ерөнхий менежер тухайн байгууллагын албан хаагчид ажлын үр дүнгээр нь урамшуулал олгох эрхтэй.

49.2.Урамшуулал олгоход дараахь зүйлийг харгалзана:

49.2.1. бүтээгдэхүүн нийлүүлэх, өөрийн буюу удирдаж байгаа ажилтнуудынхаа ажлын үр дүнг сайжруулахад тухайн албан хаагчийн оруулсан хувь нэмэр;

49.2.2. байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүн болон урсгал зардлын хэмнэлтийн хэмжээ.

49.3. Урамшууллын хэмжээ, хэлбэрийг ерөнхий менежер тогтооно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Орон нутаг дахь төсвийн удирдлага, санхүүжилт

50 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн удирдлага, санхүүжилтийн талаархи бүрэн эрх

Хэвлэх

50.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутаг дахь төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараахь бүрэн эрхтэй:

50.1.1.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэтийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

50.1.2.тухайн жилийн орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах, хэрэгжилтийг хянах;

50.1.3. орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг тогтоож батлах, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар Засаг даргатай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах;

50.1.4. Засаг даргын улсын төсвийн хөрөнгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төсөлтэй урьдчилан танилцаж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, зардал, гэрээг дүгнэх болзол, журмын талаар санал, дүгнэлт гаргах.

50.2. Засаг даргатай байгуулах гэрээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Хурлаа төлөөлж байгуулна.

50.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 52.2-т заасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг аймаг, сум болон нийслэл, дүүрэгт 4 жилийн хугацаатайгаар зааглаж тогтооно.

50.4. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, санхүүжилтийн харилцааг зохицуулах журмыг энэ хуулийн 22, 28.1, 42 дугаар зүйлд заасныг жишиг болгон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

50.5. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

50.6. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн төсөвтэй байна.

51 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

51.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:

51.1.1. үйл ажиллагааны хөтөлбөр болон үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулах;

51.1.2. төсвийн төсөл боловсруулах;

51.1.3. тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөр, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд нийцүүлэн орон нутгийн төсвийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх;

51.1.4. орон нутгийн төсвийн байгууллага, бусад этгээдээс худалдаж авах бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлж, гэрээ байгуулах;

51.1.5. орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах;

51.1.6. орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий менежерийг улсын төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий менежерийг томилдог зарчимтай ижил зарчмаар шалгаруулан томилох, үр дүнгийн гэрээ байгуулах;

51.1.7. үр дүнгийн гэрээнд заасан орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, санхүүгийн үр дүнд хяналт тавих;

51.1.8. улсын төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн асуудлыг эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчтай, бусад шатны Засаг дарга дээд шатны Засаг даргатай гэрээ байгуулах;

51.1.9. орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

51.1.10. энэ хуульд заасан үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг орон нутгийн эх үүсвэрээс бүрдүүлэх.

52 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын үүрэг

Хэвлэх

52.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 51.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараахь үүрэг хүлээнэ:

52.1.1. аймаг, нийслэлийн төсвийн татварын болон татварын бус орлого, улсын төсвөөс олгох шилжилтийн хугацааны санхүүгийн дэмжлэгт багтаан энэ хуулийн 52.2-т заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх;

52.1.2. Засгийн газрын худалдан авах бүтээгдэхүүн (боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад)-ийг улсын төсвийн хөрөнгөөр гэрээний дагуу нийлүүлэх.

52.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хэрэгцээт дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлнэ:

52.2.1.нийтийн ариун цэврийг хангах, хог зайлуулах, хадгалах, устгах;

52.2.2. орон нутгаас эрхлэх байгаль хамгаалах арга хэмжээ, тохижилт, цэцэрлэгжилт, түүний өргөтгөл, шинэтгэл, арчилгаа;

52.2.4. хортон амьтан устгах;

52.2.5. орон нутгийн замын засвар, арчилгаа;

52.2.6. усан хангамж, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах;

52.2.7. үерийн хамгаалалт хийх, хөрсний элэгдэлтэй тэмцэх;

52.2.8. гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээтэй холбогдсон үйл ажиллагаа;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

52.2.9. орон нутгийн өмчийн дэд бүтэц;

52.2.10. мал, амьтны болон малаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

52.2.11. бусад.

52.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга орлогоосоо хэтэрсэн зарлага гаргаж алдагдалд орох, харилцах данс нь өртэй байх, гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүний санхүүжилтэд олгосон хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

53 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын үүрэг

Хэвлэх

53.1. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 51.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараахь үүрэгтэй:

53.1.1. сум, дүүргийн төсвийн татварын болон татварын бус орлого, аймаг, нийслэлийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгт багтаан энэ хуулийн 52.2-т заасан сум, дүүргийн хариуцах бүтээгдэхүүнийг нийлүүлэх;

/Энэ заалтад 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

53.1.2. энэ хуулийн 52.1.2-т заасан Засгийн газар худалдан авах бүтээгдэхүүн (боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад)-ийг аймаг, нийслэлийн Засаг даргатай хийсэн гэрээний үндсэн дээр нийлүүлэх.

54 дүгээр зүйл. Орон нутгийн төсвийг удирдах

Хэвлэх

54.1. Орон нутгийн төсвийн байгууллагад энэ хуулийн 13.1-13.4, 13.7 дахь хэсэг, 14, 15, 17, 26, 27, 40, 47 дугаар зүйл нэгэн адил хамаарна.

55 дугаар зүйл. Орон нутгийн өмч болон орон нутаг дахь төрийн өмчийг эзэмших, ашиглах

Хэвлэх

55.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн байгууллага үндсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд ашиглаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг тухайн нэгжийн балансад бүртгэнэ.

55.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн байгууллага өөрийн балансад байгаа эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцна.

55.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн байгууллагын ерөнхий менежер байгууллагын балансад байгаа эд хөрөнгийг бүрэн эрхийнхээ хүрээнд эзэмшиж ашиглана.

55.4. Орон нутгийн төсвийн байгууллага өөрт байгаа орон нутгийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийг жил бүр орон нутгийн төсөвт төлнө.

56 дугаар зүйл. Орон нутаг зээл авах

Хэвлэх

56.1. Аймаг, нийслэлийн хэрэгцээнд зориулан Засаг дарга улсын төсвөөс зээл авч болно.

57 дугаар зүйл. Улсын болон орон нутгийн төсвийн харилцаа

Хэвлэх

57.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг орон нутгийн орлогын нэгэн адил хуваарилж батална.

57.2. Засгийн газар орон нутгийн төсвийн байгууллагаас гэрээний үндсэн дээр бүтээгдэхүүн худалдаж авч болно. Энэ тохиолдолд санхүүжилтийн эх үүсвэрийг нь Засгийн газар шийдвэрлэнэ.

57.3. Орон нутгийн төсөв хүрэлцэхгүй бол Засгийн газар хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу орон нутагт санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

57.4. Засгийн газар улсын төсвөөс санхүүжүүлэх зарим бүтээгдэхүүний нийлүүлэлтийг орон нутагт шилжүүлж болно.

58 дугаар зүйл. Орон нутгийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, батлах

Хэвлэх

58.1. Засаг дарга дараа жилийн төсвийн төслийг 12 дугаар сарын 1-ний өдрийн өмнө тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

58.2. Орон нутгийн төсвийн төсөлд дараахь зүйлийг тусгана:

58.2.1. орон нутгийн удирдлагын богино болон дунд хугацааны хэтийн зорилтууд;

58.2.2. худалдан авах бүтээгдэхүүний анги, нийлүүлэх байгууллага, худалдан авах зардал;

58.2.3. хөрөнгө оруулалтын төлөвлөгөө;

58.2.4. эд хөрөнгө, санхүүгийн болон хүний нөөцийн ашиглалт зэрэг өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зорилтууд;

58.2.5. жилийн эцсийн санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй ижил үзүүлэлтээр боловсруулсан дараа жилийн төсөвлөсөн санхүүгийн тайлан;

58.2.6. Засаг даргын худалдаж авах бүтээгдэхүүний анги нь түүний хэтийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа тухай тайлбар;

58.2.7. өмнөх жилийн төсөв болон төсвийн гүйцэтгэлийг харьцуулсан дүн.

58.3. Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг 1 сарын дотор хэлэлцэж батална.

58.4. Аймаг, нийслэлийн төсвийг батласнаас хойш 7 хоногийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

59 дүгээр зүйл. Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг тайлагнах журам

Хэвлэх

59.1. Засаг дарга санхүүгийн жил дууссанаас хойш 20 хоногийн дотор орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасны дагуу тайлагнана.

59.2. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан үнэн зөв болохыг тодорхойлж Засаг дарга, орон нутгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурна.

59.3. Засаг дарга энэ хуулийн 38.4-т заасан аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор жилийн эцсийн санхүүгийн тайланг орон нутгийн төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлтийн хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. Тайлан батлагдсанаас хойш 7 хоногийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Хяналт

60 дугаар зүйл. Төрийн аудитын төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

60.1. Төрийн аудитын төв байгууллага нь Төрийн аудитын тухай хуульд зааснаас гадна төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж баталгаажуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

60.2. Энэ хуулийн 60.1-д заасан байгууллага, аж ахуйн нэгж аудит хийхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

61 дүгээр зүйл. Монгол Улсын ерөнхий аудиторын үүрэг

Хэвлэх

61.1. Төрийн аудитын төв байгууллагын дарга Монгол Улсын ерөнхий аудитор байна.

61.2.Монгол Улсын ерөнхий аудитор дараахь үүрэг хүлээнэ:

61.2.1. төсвийн байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх, холбогдох стандарт, журмыг баталж, аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг хангуулах;

61.2.2. аудитор нь аудит хийлгэж байгаа байгууллагаас хараат бус байх зарчмыг мөрдүүлэх;

61.2.3. аудитыг мэргэжлийн өндөр түвшинд зохих журмын дагуу хийх нөхцлийг хангах;

61.2.4. Улсын Их Хурлын өмнө аудитын дүгнэлтийн үнэн зөв байдлыг хариуцах.

62 дугаар зүйл. Аудитыг гэрээгээр гүйцэтгэх

Хэвлэх

62.1. Төрийн аудитын төв байгууллага тогтоосон хүрээнд аудит хийж, дүгнэлт гаргах ажлыг бусад аудитын байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

62.2. Төрийн аудитын төв байгууллага аудитын бусад байгууллагын гэрээгээр гүйцэтгэсэн ажлын чанарыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.

63 дугаар зүйл. Төрийн аудитын төв байгууллагад аудит хийх

Хэвлэх

63.1. Төрийн аудитын төв байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг тухай бүр сонгон шалгаруулж Улсын Их Хурлын дарга томилсон хараат бус мэргэжлийн аудитор шалгаж, дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулна.

64 дүгээр зүйл. Засгийн газрын санхүүгийн дотоод хяналт

Хэвлэх

64.1. Засгийн газар нь улсын болон орон нутгийн төсвийн байгууллагад санхүүгийн хяналт, шалгалт хийнэ.

64.2. Засгийн газрын санхүүгийн дотоод хяналт, шалгалтыг хяналт, шалгалтын мэргэжлийн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

64.3. Санхүүгийн хяналт, шалгалтад төрийн захиргааны болон Засгийн газраас байгуулдаг бусад байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа хамрагдана.

64.4. Санхүүгийн хяналт, шалгалтыг дор дурдсан чиглэлээр хийнэ:

64.4.1. санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт;

64.4.2. тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт;

64.4.3. өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;

64.4.4. санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал;

64.4.5. төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;

64.4.6. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан;

64.4.7. гадаад улс орон, олон улсын байгууллага, Засгийн газрын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт;

64.4.8. улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт;

64.4.9. дээд шатны төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийн зарцуулалт;

64.4.10. байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүргийн биелэлт.

64.5. Санхүүгийн хяналт, шалгалтыг байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийж болно.

64.6. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нь шалгуулсан байгууллагын үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө.

64.7. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нь шалгалтаар тогтоогдсон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон нэгдсэн акт, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт бичнэ.

65 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

65.1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг байгууллага, хувь хүн нотлох баримтын хамт төрийн албаны төв байгууллагад ирүүлж болно.

65.2. Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 65.1-д заасан мэдээллийн дагуу шалгаж эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь арга хэмжээ авна:

65.2.1. илэрсэн зөрчлийг арилгуулах;

65.2.2. шаардлагатай бол ерөнхий менежерийг албан тушаалаас чөлөөлөх тухай саналаа эрх бүхий байгууллагад тавих;

65.2.3. ерөнхий менежерийн ажлыг дүгнэх, урамшуулахад зөрчлийг харгалзан үзэх;

65.2.4. төсвийн байгууллагын ерөнхий менежерээс бусад албан тушаалтан хууль зөрчсөн бол түүнд арга хэмжээг авахуулахаар тухайн байгууллагын удирдлагад санал болгох.

65.3. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн нь тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно.

66 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

66.1. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

[1] Монгол Улсын Їндсэн хууль, "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн

[2] Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хууль, "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1996 оны 11 дїгээрт нийтлэгдсэн

[3] Компанийн тухай хууль, "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1999 оны 34 дїгээрт нийтлэгдсэн

[4] Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр худалдан авах бараа, ажил, їйлчилгээний гїйцэтгэгч сонгох журмын тухай хууль, "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 2000 оны 17 дугаарт нийтлэгдсэн

[5] Нягтлан бодох бїртгэлийн тухай хууль, "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 2002 оны 1 дугаарт нийтлэгдсэн

[6] Тєрийн албаны тухай хууль, "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн