Хэвлэх DOC Татаж авах
ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенци /цаашид “Конвенци” гэх/-ийг хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалах зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж

2.1.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Амьтны аймгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Ан агнуурын тухай, Гаалийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь зөвхөн дэлхийд ховордсон Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд, түүгээр хийсэн бүтээгдэхүүн /цаашид “эд зүйл” гэх/-ийг олон улсад худалдаалах хүрээнд үйлчилнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Конвенцийг хэрэгжүүлэх байгууллага

4 дүгээр зүйл.Конвенцийг хэрэгжүүлэх байгууллага

4.1.Конвенцийг хэрэгжүүлэх үүрэг бүхий, орон тооны бус Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны зөвлөл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус ажиллана.

4.2.Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.3.Удирдан зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн нь байгаль орчин, үйлдвэр, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, гааль, мэргэжлийн хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллага, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй байна.

Хэвлэх

5 дугаар зүйл. Удирдан зохицуулах зөвлөл

5.1.Удирдан зохицуулах зөвлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.Монгол Улсад Конвенцийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 5.1.2.Конвенцийн хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 5.1.3.Конвенцийн хавсралтад шинээр нэмэлт, өөрчлөлт оруулах санал, Талуудын бага хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл боловсруулж Засгийн газарт уламжлах;

5.1.4.Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлоход гаалийн хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийг хүчингүй болгох;

5.1.5.Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг реэкспортлох болон далай тэнгисээс олборлон оруулах, Конвенцид нэгдэн орохоос өмнө олж авсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлоход гэрчилгээ олгох;

5.1.6. энэ хуулийн 6.1-д заасан дүгнэлт, тодорхойлолтыг гаргуулахаар Шинжлэх ухааны зөвлөлд уламжлах;

 5.1.7.Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тайланг жил бүр Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх;

5.1.8. холбогдох хууль тогтоомжийн дагуу хураан авсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг борлуулах, устгах, байгальд нь эргүүлэн тавих ажлыг зохион байгуулах;

5.1.9. энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар бусад байгууллагуудтай хамтран ажиллах. 

5.1.10.Конвенцийн 3 дугаар хавсралтад оруулах амьтан, ургамлын зүйлийн жагсаалтыг Шинжлэх ухааны зөвлөлтэй хамтран боловсруулж,байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

6 дугаар зүйл. Шинжлэх ухааны зөвлөл 

6.1.Шинжлэх ухааны зөвлөл нь дор дурдсан дүгнэлт, тодорхойлолт гаргах үүрэгтэй:

6.1.1.Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, далай тэнгисээс олборлон оруулахад тухайн амьтан, ургамал оршин тогтноход хор хохирол учрах эсэх талаарх дүгнэлт;

6.1.2.Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтныг импортлож буй этгээд тухайн амьтныг арчилж маллах зохих нөхцөл бүрдүүлснийг нотолсон тодорхойлолт;

6.1.3.Конвенцид нэгдэн орохоос өмнө олж авсан, Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтныг гаршуулж тэжээсэн, ургамлыг тарьж ургуулсан, тэдгээрийн гаралтай эд зүйл болохыг нотолсон дүгнэлт;

6.1.4.Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн олон улсын худалдаа хийхэд байгаль орчинд хор хохирол учрах эсэх талаархи дүгнэлт.

6.2.Шинжлэх ухааны зөвлөл нь дор дурдсан асуудлаар Удирдан зохицуулах зөвлөлд зөвлөмж өгнө:

6.2.1.Конвенцийн 2, 3 дугаар хавсралтад орсон амьтан, ургамлын тоо хэмжээг харгалзан экспортыг хязгаарлах шаардлагатай эсэх талаар;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.2.2.Конвенцийн 2, 3 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн талаар.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.3.Энэ хуулийн 6.2-д заасан зөвлөмжийг Удирдан зохицуулах зөвлөл хүлээн аваагүй тохиолдолд Шинжлэх ухааны зөвлөл уг зөвлөмжийг хүлээн авах шаардлагатай гэж үзвэл байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлан шийдвэрлүүлнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааны зохицуулалт

7 дугаар зүйл. Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдаа

7.1.Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг ашиг олох зорилгоор худалдаалахыг хориглоно.

7.2. Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зөвхөн судалгаа, шинжилгээ хийх, музей, амьтны хүрээлэнд байршуулах, циркэд тоглуулах зориулалтаар олон улсад худалдаалж болно.

7.3. Конвенцийн 2, 3 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг ашиг олох зорилгоор худалдаалж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалахад тухайн амьтан, ургамлын оршин тогтнох байдалд аюул занал учруулахгүй, цаашид харшлахаар ашиглалт явуулахгүй байлгах нөхцөлийг хангах зорилгоор тусгай журмын дагуу явуулна.

7.5.Энэ хуулийн 7.4-т заасан журмыг байгаль орчны болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

7.6.Энэ хуулийг зөрчиж Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалахыг хориглоно.

Хэвлэх

8 дугаар зүйл. Зөвшөөрөл, гэрчилгээ

8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох буюу импортлох зөвшөөрөл, реэкспортлох буюу далай тэнгисээс олборлон оруулах гэрчилгээ авах хүсэлтээ Удирдан зохицуулах зөвлөлд гаргана.

8.2.Удирдан зохицуулах зөвлөл уг хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөл, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ.

8.3.Зөвшөөрөл, гэрчилгээ олгох журам болон загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.4.Зөвшөөрөл, гэрчилгээ нь олгогдсон өдрөөс хойш 6 сарын дотор хүчинтэй байна.

8.5.Зөвшөөрөл, гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Зөвшөөрөл, гэрчилгээ олгох, олгохоос татгалзах

9.1.Удирдан зохицуулах зөвлөл нь дараахь нөхцөлийг харгалзан зөвшөөрөл, гэрчилгээ олгоно:

 9.1.1.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан дүгнэлт, тодорхойлолтыг авсан эсэх;

9.1.2. Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 6.1.4-т заасан дүгнэлт авсан эсэх;

 9.1.3. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу олж авсан тухай нутгийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтны тодорхойлолт; 

 9.1.4. реэкспортлох гэж буй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг энэ хууль болон зохих зөвшөөрлийн дагуу импортлосон эсэх;

 9.1.5. амьтан, ургамлын тээвэрлэлт нь зохих журмын дагуу хийгдсэн болон шаардагдах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх;

 9.1.6. Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо импортлогч улсын эрх бүхий байгууллагаас импортын зөвшөөрөл урьдчилан авсан эсэх;

9.1.7. тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олж авахдаа Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд заасан төлбөр, хураамж тушаасан баримт бичиг.

9.2. Удирдан зохицуулах зөвлөл дараахь үндэслэлээр зөвшөөрөл, гэрчилгээ олгохоос татгалзана:

9.2.1. энэ зүйлийн 9.1-д заасан нөхцлүүдийг хангаагүй;

9.2.2. хуурамч баримт бичиг ашигласан нь тогтоогдвол.

9.3. Бусдад шилжүүлсэн, хүчинтэй байх хугацаа дууссан, зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүйд тооцно. 

Хэвлэх

10 дугаар зүйл. Хөнгөлөлт

10.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамлыг гаршуулан тэжээсэн, тарьж ургуулсан бол тэдгээрийг Конвенцийн 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамалд хамааруулан үзэж олон улсад худалдаалах зөвшөөрөл, гэрчилгээг энэ хуульд заасан журмын дагуу олгоно.

10.2. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний зүйлээ импортлох, эсхүл импорлогч орны зөвшөөрөл шаардагдахаас бусад тохиолдолд экспортлохдоо зөвшөөрөл авахгүй.

10.3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалтыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

10.4. Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг дамжуулан өнгөрүүлэхэд аливаа зөвшөөрөл авахгүй.

10.5. Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэлтэй эрдэмтэн, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд ашиг олох зорилгогүйгээр түр ашиглах, бэлэглэх, хандивлах, солилцох, музейд хадгалуулах зориулалтаар Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зөвшөөрөлгүй импортлоно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

11 дүгээр зүйл. Зөвшөөрөгдсөн боомт

11.1. Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Удирдан зохицуулах зөвлөлийн саналыг үндэслэн гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

Хэвлэх

12 дугаар зүйл. Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах

 12.1. Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай саналаа боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газарт уламжлана.

 12.2. Засгийн газар уг асуудлыг 30 хоногийн дотор хэлэлцээд холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12.3. Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт уламжилна.

12.4. Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

 /Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

 13 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

13.1.Энэ хуулийн хэрэгжилтэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гаалийн болон орон нутгийн холбогдох байгууллага тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина

Хэвлэх

14 дүгээр зүйл. Зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах

 14.1. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 20 хүртэл хувиар тооцож мөнгөн шагналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх