Хэвлэх DOC Татаж авах
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн үндэс, удирдлагын үйл ажиллагааны зарчим, тогтолцоо, бүрэн эрхийг тодорхойлж, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хэвлэх

3 дугаар зүйл. Хот, тосгон

1.Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн.

2.Тосгон нь 500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурин газар мөн.

3.Улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нь харгалзан шаардлагатай гэж үзвэл тосгоныг хотод тооцох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хотын зэрэглэл

1.Хот нь оршин суугчдын тоо, хот бүрдүүлэгч дэд бүтцийн хөгжлийн түвшин, улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээс хамааран улсын буюу аймгийн зэрэглэлтэй байна.

2. 50000-аас дээш /шаардлагатай гэж үзвэл 50000 хүртэл/ оршин суугчтай хотод улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, хотжилт, хот бүрдүүлэгч дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан улсын зэрэглэл тогтоож болно.

3.Хотод улсын зэрэглэл тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал, аймгийн зэрэглэл тогтоох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөн мэдүүлснээр Засгийн газар тус тус шийдвэрлэнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл. Хот, тосгоны засаг захиргааны харьяалал

1.Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана.

/Энэ хэсгийг 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн сумын нутаг дэвсгэрийг дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл. Хот, тосгоны эдэлбэр газар

1.Хот, тосгон нь эдэлбэр газартай байна.

2.Хот, тосгонд эдэлбэр газар олгох, түүний хэмжээ, заагийг өөрчлөх асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.

Хэвлэх

7 дугаар зүйл. Хот, тосгоны аж ахуй

Хот, тосгоны аж ахуй нь оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс тус тус бүрдэнэ.
Хэвлэх

8 дугаар зүйл. Хот, тосгоны хөрөнгийн сан

1.Хот, тосгон нь удирдлагын болон хөгжлийн санхүүгийн үндэс болсон хөрөнгийн сантай байна.

2.Улсын зэрэглэлтэй хотын хөрөнгийн сан нь улсын ба орон нутгийн төсвөөс, аймгийн зэрэглэлтэй хот, тосгоны хөрөнгийн сан нь тухайн орон нутгийн төсвөөс тэдгээрийн мэдэлд хуваарилсан төсвийн хөрөнгө, түүнчлэн хот, тосгоны өөрийн мэдлийн аж ахуйгаас бий болсон орлого, гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хот, тосгоны удирдлага

9 дүгээр зүйл. Хот, тосгоны удирдлагын үндсэн зарчим

Хот, тосгоны удирдлага нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх болон оршин суугчдын ашиг сонирхлыг чөлөөлөх үндсэн зарчим баримтална.
Хэвлэх

10 дугаар зүйл. Хот, тосгоны удирдлагын тогтолцоо

1.Хот, тосгоны удирдлага нь захирагч, зөвлөлөөс бүрдэнэ.

2.Хот, тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ.

3.Хот, тосгоны зөвлөлийг тухайн хот, тосгоны нийгэм, эдийн засагт нөлөө бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон захирагчийн ажлын албаны хүмүүсийг оролцуулан 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр захирагч байгуулна.

Хот, тосгоны зөвлөлийг захирагч тэргүүлнэ.

4.Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин б айгаа засаг захиргааны нэгжийн засаг дарга хэрэгжүүлнэ.

5.500 хүртэл хүн амтай сууринд оршин суугчдын нийгэм, ахуйн асуудлыг тухайн сууринд голлох аж ахуйн нэгжийн удирдлага, түүнчлэн харьяалах баг, сумын иргэдийн Нийтийн болон төлөөлөгчдийн хурал, Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.

6.Хот, тосгоны захирагч нь ажлын албатай байна. Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэгбүрчлэн буюу нэг маягаар тогтооно.

7.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд улсын зэрэглэлтэй хотын захирагчийн ажлын алба нь Засаг даргын ажлын албанаас тусдаа байх бөгөөд бусад хот, тосгоны захирагчийн ажлын алба нь нэг байж болно.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Хот, тосгоны захирагчийг сонгох тухай

Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно.
Хэвлэх

12 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчид нар дэвшүүлэх

1.Хот, тосгоны захирагчид тухайн хот, тосгоны оршин суугчдын Хурал, харьяалах засаг захиргааны нэгжийн иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлнэ.

2.Тосгонд 100-гаас доошгүй, хотод 500-гаас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны захирагчид бие даан нэрээ дэвшүүлж болно.

Хэвлэх

13 дугаар зүйл. Сонгууль эрхлэн явуулах

Хот, тосгоны захирагчийн сонгуулийг тухайн хот, тосгоныг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан сонгуулийн нэгдсэн хороо эрхлэн явуулна.
Хэвлэх

14 дүгээр зүйл. Захирагчийг сонгогдсонд тооцож бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

1.Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно.

2.Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу сонгогдсон улсын зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг Ерөнхий сайд,аймгийн зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг аймгийн Засаг дарга, тосгоны захирагчийн бүрэн эрхийг сумын Засаг дарга тус тус хүлээн зөвшөөрнө.

4.Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг Улсын Их Хурал тогтооно.

Хэвлэх

15 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийг чөлөөлөх, огцруулах

1.Хот, тосгоны захирагчийг өөрийн нь хүсэлт, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажлаас нь чөлөөлнө.

2.Захирагчийг огцруулах саналыг сонгуулийн эрх бүхий оршин суугчдын 30-аас доошгүй хувь нь бичгээр гаргасан, түүнчлэн Ерөнхий сайд, аймаг, сумын Засаг дарга үндэслэл бүхий санал гаргасан бол захирагчийг огцруулах эсэх асуудлаар оршин суугчдын санал хураалтыг явуулна.

3.Гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, мөн түүнчлэн тухайн хот, тосгоны захирагчийг огцруулах тухай санал хураалтад оролцсон оршин суугчдын олонхи нь огцруулахыг дэмжвэл захирагчийг огцруулна.

4.Энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хот, тосгоны захирагчийг чөлөөлөх, огцруулах тухай шийдвэрийг Ерөнхий сайд болон харьяалах аймаг, сумын Засаг дарга тус тус гаргана.

Хэвлэх

16 дугаар зүйл. Хот, тосгоны захирагч ажлаа тайлагнах

Хот, тосгоны захирагч нь ажлаа тухайн хот, тосгоны оршин суугчдад жилд 2 удаа тайлагнаж, үйл ажиллагааныхаа талаар Ерөнхий сайд болон харьяалах аймаг, сумын Засаг даргад тус тус мэдээлж байна.
Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хот, тосгоны захирагчийн бүрэн эрх

17 дугаар зүйл. Төлөвлөлт, төсөв, санхүү, бүртгэлийн талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрх

1.Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан харьяалах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулна.

2.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоомжид заасан журмаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3.Улсын ба орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай санхүү, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, нөөцийн болон газар ашиглалтын зэрэг мэдээ, тайланг тухайн хот, тосгоны холбогдох байгууллага, албан тушаалтнаар гаргуулна.

Хэвлэх

18 дугаар зүйл. Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг захиран зарцуулах, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрх

1.Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.Хот, тосгоны оршин суугчдын ашиг сонирхолд нийцүүлэн хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хувьчлах асуудлыг боловсруулж хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлүүлнэ.

3.Хот, тосгоны оршин суугчдын хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход тус дэмжлэг үзүүлнэ.

4.Хот, тосгоны өөрийн мэдлийн аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, удирдлагыг нь томилж, чөлөөлнө.

5.Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, хүнсний болон өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх талаар гэрээ байгуулна.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Газар ашиглах болон байгаль хамгаалах талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрх

1.Хот, тосгоны эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөнө.

2.Хот, тосгоны дэвсгэр нутагт явуулж буй газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар санал гаргана.

3.Хот, тосгоны усны нөөцийг тогтоосон журмын дагуу ашиглуулна.

4.Хот, тосгоны ариун цэвэр, эрүүл ахуй-халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулна.

5.Хот, тосгоны экологийн байдлын талаар оршин суугчдад мэдээлэл хийнэ.

6.Хот, тосгоны хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

7.Хот, тосгоны экологи, эрүүл ахуйн хэм хэмжээ зөрчсөн барилга байгууламжийг барьж ашиглахыг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллагад оруулна.

Хэвлэх

20 дугаар зүйл. Орон сууц нийтийн аж ахуй ба худалдаа үйлчилгээний талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрх

1.Хот, тосгоны өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилна.

2.Хот, тосгоны тохижилтын ажилд аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний үндсэн дээр, түүнчлэн оршин суугчдыг зохион байгуулж оролцуулна.

3.Хот, тосгоны өөрийн мэдлийн аж ахуй, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтооно.

4.Худалдаа, үйлчилгээний газарт эрүүл ахуйн шаардлагыг хангуулна.

5.Худалдаа, яармаг болон үйлчилгээний бусад арга хэмжээг зохион байгуулна.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Оршин суугчдын нийгмийн хамгаалалт болон ахуйн соёлын хэрэгцээг хангах талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрх

1.Оршин суугчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

2.Боловсрол, соёл, эрүүлийг хамгаалах, нийгэм хангамж, биеийн тамир, спортын байгууллагаас үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

З.Оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн амьдрах орчин, үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ.

4.Оршин суугчдаас нийгмийн хамгаалалт, дэмжлэг үзүүлбэл зохих амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай хэсэгт санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх санг зарим ажил, үйлчилгээнээс орсон орлогоос бүрдүүлнэ.

5.Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалж, тэдгээрийн ашиглалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

Хэвлэх

22 дугаар зүйл. Барилга, тээвэр, холбооны талаархи хот, тосгоны захирагчийн бүрэн эрх

1.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

2.Хот, тосгоны өөрийн мэдлийн хөрөнгөөс буюу хувь оролцон байгуулж буй эдийн засаг, үйлдвэрлэлийн дэд бүтцийн объектыг барих, засварлахад захиалагчийн үүрэг гүйцэтгэнэ.

3.Хот, тосгоны дэвсгэр нутагт барилга байгууламж барих зөвшөөрөл олгох талаар санал гарган, ашиглалтад орж байгаа орон сууц, иргэний зориулалттай барилга байгууламжийг хүлээн авна.

4.Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийн тээврийн байгууллагыг удирдаж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл цагийн хуваарийг батлан, түүнчлэн оршин суугчдад үйлчилж байгаа тээврийн бусад байгууллагын үйл ажиллагаанд болон төмөр зам, нисэх буудалд зорчигчдын үйлчилгээг зохион байгуулж байгаад хяналт тавина.

5.Хот, тосгоны өөрийн мэдлийн радио, телевизийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлнэ.

Хэвлэх

23 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийн бусад бүрэн эрх

1.Нийгмийн дэг журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх талаар хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллаж, тэдгээрт туслалцаа үзүүлнэ.

2.Оршин суугчдын санал, өргөдөл, гомдол, тэдний ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон асуудлыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хянан шийдвэрлэнэ.

3.Хот, тосгоны шагналыг бий болгоно.

4.Хот, тосгоны бэлгэдлийг батална.

5.Бусад улсын хот, тосгонтой холбоо тогтооно.

6.Захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлнө.

7.Урамшил, тусламж, энэрэнгүй үйлсийн болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдсэн өөрийн мэдлийн мөнгөн сантай байж болно.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Хот, тосгоны зөвлөлийн эрх хэмжээ

Хот, тосгоны зөвлөл дараахь эрх хэмжээтэй байна:

1/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1, 2, 7 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцэх;

2/захирагчийн ажлын албаны үйл ажиллагааг хянан хэлэлцэх;

3/аж ахуйн нэгж, байгууллагаас хот, тосгоны хөгжилд оруулсан буюу оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэх.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хот, тосгоны захирагчийн бүрэн эрхийн баталгаа

25 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийн эрхийн баталгаа

1.Хот, тосгоны захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

2.Хот, тосгоны захирагчийн захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчилж, хүчингүй болгож эсхүл Ерөнхий сайд болон харьяалах аймаг, сумын Засаг дарга тус тус хүчингүй болгоно.

Хэвлэх

26 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийн шийдвэрийг биелүүлэх

Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хот, тосгоны захирагчийн шийдвэрийг тухайн хот, тосгоны дэвсгэр нутаг дахь аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугч биелүүлэх үүрэгтэй.
Хэвлэх

27 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийн зардал

Хот, тосгоны захирагчийн зардлыг тухайн хот, тосгонд хуваарилсан төсвөөс санхүүжүүлнэ.
Хэвлэх

28 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийн тамга, тэмдэг

Хот, тосгоны захирагч нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Хот, тосгоны оршин суугч

29 дүгээр зүйл. Оршин суугч

Энэ хуульд заасан суурин газарт байнгын хаягийн бүртгэлтэй иргэнийг хот, тосгоны оршин суугч гэнэ.
Хэвлэх

30 дугаар зүйл. Оршин суугчийн эрх, үүрэг

1.Хот, тосгоны оршин суугч дараахь эрх эдэлнэ.

1/хөдөлмөрийн захад бүртгэлтэй оршин суугч нь тухайн хот, тосгоны аж ахуйд ажлын байр хуваарилахад тэргүүн ээлжинд хангагдах;

2/сонгуулийн эрх бүхий оршин суугч нь тухайн хот, тосгоны удирдлагыг сонгох, түүнд сонгогдох;

3/хотын хүндэт иргэний болзол хангах;

4/аливаа асуудлаар шууд буюу харьяалах Засаг даргаар уламжлан захирагчид санал, хүсэлтээ гаргах.

2.Хот, тосгоны оршин суугч нь дараахь үүрэг хүлээнэ.

1/хот, тосгоны хэмжээнд зохиогдож буй тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээнд оролцох;

2/хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн орон байрыг тохижуулах, орчноо цэвэр үзэмжтэй байлгах;

3/хот, тосгоны эдэлбэр газарт байгаа өөрийн эзэмшлийн газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж үр ашигтай ашиглах.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хот, тосгоны удирдлагаас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагатай харилцах

31 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

1.Улсын зэрэглэлтэй хотын захирагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна. Шаардлагатай гэж үзвэл асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.

2.Улсын зэрэглэлтэй хотын захирагч нь салбар болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж болно.

3.Бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хот, тосгоны захирагчийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага саад учруулж үл болно.

Хэвлэх

32 дугаар зүйл. Нутгийн захиргааны байгууллагатай харилцах

1.Хот, тосгоны захирагч нь өөрийн шийдвэрийн талаар харьяалах засаг захиргааны нэгжийн иргэдийн Нийтийн болон төлөөлөгчдийн Хуралд танилцуулж болно.

2.Хот, тосгоны захирагч нь харьяалах засаг захиргааны нэгжийн иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

3.Захирагчийн шийдвэрт харьяалах засаг захиргааны нэгжийн Засаг дарга үүрэг хүлээхээр тусгагдсан тохиолдолд уг шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Засаг дарга түдгэлзүүлж болно.

4.Хот, тосгоны захирагч нь эдийн засаг, аж ахуйн асуудлаар Засаг даргатай харилцан ажиллах бөгөөд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улсын зэрэглэлтэй хотын захирагч, аймгийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг Ерөнхий сайд, аймгийн зэрэглэлтэй хот, тосгоны захирагч, сум, багийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг харьяалах дээд шатны Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

33 дугаар зүйл. Хотын бэлгэдэл, нэрэмжит цол цол, бусад шагнал

1.Хот нь өөрийн түүх, уламжлал, байгалийн онцлог зэргийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болох бөгөөд бэлгэдлийн хэв загварыг тухайн хотын оршин суугчдын саналыг харгалзан хотын захирагч батална.

2.Хотын хүндэт иргэний болзол хангасан болон хотыг хөгжүүлэх ажилд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүндэт иргэн цол олгох, байгууллага, хамт олон, хүмүүсийг хүндэт тэмдэг, нэрэмжит болон бусад шагналаар шагнах, хүндэт дэвтэрт бичин алдаршуулах асуудлыг захирагч шийдвэрлэнэ.

Хэвлэх

34 дүгээр зүйл. Хотын хэвлэл, мэдээлэл

Хот сонин, сэтгүүл, радио, телевизтэй байж болно.
Хэвлэх

35 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н.БАГАБАНДИ