Хэвлэх DOC Татаж авах
ХОХИРЛЫГ ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХОХИРЛЫГ ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛӨӨР БАРАГДУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хадгаламж, зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах, үлдэгдэл хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

2 дугаар зүйл. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль тогтоомж

2.1.Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлынх нь бодит хэмжээг тогтоосон хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хамаарна.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан бодит хохиролд хадгаламжийн хүү үл тооцно.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хохирол барагдуулах хэмжээ

4.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тогтоогдсон хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулна.

4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаар барагдуулснаас үлдсэн 50 хувийн хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

5 дугаар зүйл. Хохирол барагдуулах эх үүсвэр, түүнийг нөхөн бүрдүүлэх

5.1.Энэ хуулийн 4.1-д заасан хохирлыг улсын төсвийн хөрөнгөөр барагдуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөс барагдуулсан хохирлыг тухайн хоршооны дараахь орлого, мөнгөн хөрөнгөөс түүнд оногдох хэмжээгээр нь нөхөн төлүүлнэ:

5.2.1.төлбөр төлөгчөөс гаргуулан авсан бэлэн мөнгө;

5.2.2.харилцах дансан дахь төгрөг, гадаад валют;

5.2.3.төлбөр төлөгчөөс хураан авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлого;

5.2.4.үнэт цаас борлуулсны орлого;

5.2.5.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг худалдан борлуулснаас олсон орлого;

5.2.6.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу худалдан борлуулснаас олсон орлого;

5.2.7.хоршооны үйл ажиллагааны орлого;

5.2.8.бусад орлого.

5.3.Энэ хуулийн 5.2-т заасан орлого, мөнгөн хөрөнгийг нэгдсэн байдлаар төвлөрүүлж хадгаламж, зээлийн хоршооны нийт хохирогчдын үлдэгдэл 50 хувьд хувь тэнцүүлэн олгох бөгөөд хохирогчдын төлбөрийг барагдуулсны дараа энэ хуулийн 4.1-д заасан төлбөрийг улсын төсөвт буцаан төлж дуусгана.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.4.Энэ хуулийн 5.3-т заасан орлого, мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

6 дугаар зүйл. Хохирол барагдуулах журам

6.1.Хохирол барагдуулах журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

7.1.Энэ хуулийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН