A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ХОХИРОГЧИД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч /цаашид "төрийн тусгай албан хаагч" гэх/, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль тогтоомж нь Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь мөн хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, төрийн тусгай албан хаагч, хуулийн этгээд /цаашид "хохирогч" гэх/-д хамаарна.

3.2.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуунд оролцож, шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн гэм буруутай этгээдэд мөн хуульд заасан нөхөх олговрыг олгохгүй.

4 дүгээр зүйл. Нөхөх олговрын хэмжээ

Хэвлэх

4.1.Дараахь хохирогчид дор дурдсан хэмжээгээр төрөөс нэг удаа нөхөх олговор олгоно:

4.1.1.амь насаа алдсан иргэний ар гэрт тус бүр 50 сая төгрөгийн;

4.1.2.албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон төрийн тусгай албан хаагчид шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн зэргийг нь харгалзан тухайн албан хаагчийн албан тушаалын нэг сарын цалинг дор дурдсан хэмжээгээр өсгөж:

Д/д

Гэмтлийн зэрэг

Албан тушаалын нэг сарын цалинг өсгөх хэмжээ /дахинаар/

1

Хүнд

36

2

Хүндэвтэр

12

3

Хөнгөн

3

4.1.3.эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн зэргийг нь харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дор дурдсан хэмжээгээр өсгөж:

Д/д

Гэмтлийн зэрэг

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх хэмжээ /дахинаар/

1

Хүнд

112

2

Хүндэвтэр

37

3

Хөнгөн

9

4.1.4.эд хөрөнгөд нь хохирол учирсан хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бодит хохирлын хэмжээгээр.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2.Энэ хуулийн 4.1.1-4.1.3-т заасан хохирогчийн нэхэмжилсэн эдийн бус хохиролд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлын хэмжээгээр нөхөх олговрыг олгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл.Нөхөх олговрын эх үүсвэр

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан нөхөх олговрыг улсын төсвөөс олгоно.

6 дугаар зүйл.Нөхөх олговор олгох журам

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан нөхөх олговор олгох журмыг Засгийн газар батална.

6.2.Энэ хуулийн 4.1.2-т заасан төрийн тусгай албан хаагчид урьд нь улсын болон орон нутгийн төсвөөс нөхөх олговор олгосон, эсхүл тусламж үзүүлсэн бол тэдгээрийг энэ хуулийн дагуу олговол зохих нөхөх олговрын нийт дүнд оруулж тооцно.

6.3.Даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр авах эрх бүхий энэ хуулийн 4.1.4-т заасан хохирогч хохирлоо уг эх үүсвэрээс барагдуулсан буюу барагдуулах боломжтой бол түүнд олгох нөхөх олговрыг мөн хэмжээгээр суутган хасч тооцох бөгөөд даатгалын байгууллага гаргасан даатгалын нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

7 дугаар зүйл.Нөхөх олговрыг буцаан төлүүлэх

Хэвлэх

7.1.Хохирогчид учирсан хохирлыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуунд оролцож, ял шийтгүүлсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн бол уг төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ