A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 4

Улаанбаатар хот

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ,АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнсний тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай зэрэг хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.4-ийг хэрэгжүүлэх зорилгоор Үйлдвэр, худалдааны яамнаас баталсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тооны нормативийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хүнсний аюулгүй байдлыг хангах, аюулгүй хүнс хэрэглэх дадал, заншлыг хэвшүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллага, үйлдвэрлэгчдийн холбоодын дэмжлэгийг авч хамтран ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Архидан согтуурахтай тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдах хүртэлх хугацаанд Архины үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан 7 хоногийн дараа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт даалгасугай.

6. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 14 хоногийн дотор боловсруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай.

7. Эрх бүхий байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрлэгчийн тухай мэдээллийг саадгүй хүлээн авч, нийтэд шуурхай мэдээлж байхыг хэвлэл, мэдээллийн бүх байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД