Хэвлэх DOC Татаж авах
ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ


2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 135



Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт орших Эргэлийн зоон палеонтологийн дурсгалт газар, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт орших Өнгөтийн цогцолбор дурсгал, Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт орших Их Хөшөөтийн цогцолбор дурсгал, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт орших Өглөгчийн хэрэм, Рашаан хад, Үзүүр цохионы цогцолбор дурсгал, мөн аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт орших Балдан Бэрээвэн хийд, түүний орчмын хадны зургийн дурсгал, Дунд Жаргалантын цогцолбор дурсгал, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт орших Цэцэн ханы ордны цогцолбор, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Өндөр хоршоо” хэмээх түүхт барилга (Дүрслэх урлагийн музей), Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Ардын Намын Төв Хороо, Ардын Засгийн газар түр байрлаж байсан түүхт барилгын (Улаанбаатар хотын түүх, шинэчлэн байгуулалтын музей) хамгаалалтын бүсийг хавсралт ёсоор тогтоосугай.


2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих зэрэг хамгаалалтын дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дээрх аймгийн болон нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


3. Засгийн газрын тогтоолоор баталсан нийслэлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байдлыг судалж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, гаргасан захирамжийг хүчингүй болгох, цаашид түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсэд газар олгохыг таслан зогсоох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгосугай.


                            Монгол Улсын Ерөнхий сайд                                            С.БАЯР


                          Боловсрол,соёл,шинжлэх


                                    ухааны сайд                                                                  Ё.ОТГОНБАЯР