A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (нэн ховор, ховор амьтдыг хамгаалах)


2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 277



Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.


2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.


3. “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтын 8 дахь заалтад “Монголын ховор амьтныг хамгаалах үндэсний комисс” гэснийг “Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороо” гэж өөрчилсүгэй.


4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардал, Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хорооны нарийн бичгийн даргын цалингийн сан болон үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.


5. Цөөвөр чоно, соргог бөхөнг сэргээн өсгөх боломжийг тогтоох, арга технологийг боловсруулах чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.


6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 269 дүгээр тогтоол, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 121 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                             С.БАТБОЛД


Байгаль орчин,аялал


   жуулчлалын сайд                                                               Л.ГАНСҮХ