Хэвлэх DOC Татаж авах
ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТЭСРЭХ, ДЭЛБЭРЭХ ЗҮЙЛ, ХОРДУУЛАХ БОДИСЫН ХАЙГУУЛ ХИЙХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТЭСРЭХ, ДЭЛБЭРЭХ ЗҮЙЛ, ХОРДУУЛАХ БОДИСЫН ХАЙГУУЛ ХИЙХ ТУХАЙ


1993 оны 6 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 99



Цэргийн анги, салбарууд байрлаж байсан болон цэргийн сургууль хийж байсан нутаг дэвсгэрт тэсэрч дэлбэрэх зүйл, хордуулах бодис орхигдсоны улмаас хүн, мал осолдох явдал удаа дараа гарч байсныг харгалзан аюул осолоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодис орхигдсон байж болзошгүй нутаг дэвсгэрт тэдгээрийг хайж илрүүлэх, аюулгүй болгох, устгах мэргэжлийн хэсгийг зохион байгуулж нутгийн засаг захиргааны байгууллагын хүсэлт, захиалгаар ажиллуулж байхыг Батлан хамгаалахын сайд /Ш.Жадамбаа/-д даалгасугай.


2.Цэргийн анги, салбарын байрлаж байсан болон цэргийн сургууль хийж байсан нутаг дэвсгэрт тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодисыг хайж илруулэн аюулгүй болгох, устгах ажил гүйцэтгэх журам боловсруулан холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд /Ш.Жадамбаа/, Хууль зүйн сайд /Н.Лувсанжав/ нарт даалгасугай.


3. Оросын Холбооны Улсын цэргийн анги, салбаруудын байрлаж байсан буюу цэргийн сургууль хийдэг байсан нутаг дэвсгэрт тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодисын хайгуул хийж шалган аюулгүй болгон баталгаажуулах, түүнчлэн Оросын Холбооны Улсын цэрэг тус улсын нутгаас гарсанаас хойш тэдний байрлаж байсан нутаг дэвсгэрт тэсрэх, дэлбэрэх зүйл, хордуулах бодис орхигдсоны улмаас аливаа осол эндэгдэл гарсан тохиолдолд учирсан хохирлыг хэрхэн нөхөх тухай асуудлыг Оросын Холбооны Улсын холбогдох байгууллагатай тохиролцож шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд /Ш.Жадамбаа/ , Гадаад харилцааны сайд /Ц.Гомбосүрэн/, Байгаль орчны сайд /З.Батжаргал нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай


Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа