A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 12 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7, 26.2, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 115 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 34 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Цагдаагийн байгууллагад нэн шаардлагатай зарим техник, тусгай хэрэгсэл худалдан авахад шаардагдах 3.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, уг хөрөнгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

3. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлэхэд шаардагдах зардлыг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

4. Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив батлагдсантай холбогдуулан цаашид шаардагдах зардлыг Монгол Улсын жил бүрийн төсөвт тусгаж, үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.

5. Тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 115 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)