Хэвлэх DOC Татаж авах
ЧӨЛӨӨТ ҮНИЙН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЧӨЛӨӨТ ҮНИЙН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 34



Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл,хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Гурил, үндсэн нэрийн талх болон хүн амын ахуйн хэрэгцээний цахилгаан эрчим хүч, хотын доторхи зорчигч тээврийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөт үнэ, тарифын тогтолцоонд шилжүүлсүгэй.


2.Монополь өндөр үнэ тогтоон хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох явдлыг гаргуулахгүй байх зорилгоор төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоо бүхий аж ахуйн нэгжүүдээс үйлдвэрлэж нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний үнийн үндэслэлд хяналт тавьж, тэдгээрээс худалдааны байгууллагатай үнийн хэлцэл байгуулах, бөөнөөр худалдан авсан бүтээгдэхүүний үнэ дээр хийх нэмэгдлийн хэмжээг зохицуулах арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Дархан, Эрдэнэт, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд үүрэг болгосугай.


3.Малын арьс, ширийг дотооддоо хаягдал, үрэгдэлгүй бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг харгалзан арьс ширний бэлтгэлийн чөлөөт үнийн доод хязгаарыг нэмэгдүүлэхийг Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай.


4.Хүн амын ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчний үнийн дээд хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам, Түлш, эрчим хүчний яаманд зөвшөөрсүгэй.


5.Үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын өөрчлөлт болон хүн амын амьжиргааны түвшинг харгалзан хотын доторхи зорчигч тээврийн үйлчилгээний (автобус, троллейбусны) тарифыг тогтоон мөрдүүлж байхыг аймаг, хотын Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.



6.Хүн амын амьжиргааны өртөг өндөржиж байгаатай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч 1992 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхийн хамт цаашид цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлгийг үнийн индексийн дагуу өөрчлөх санал боловсруулан шийдвэрлүүлж байхыг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн


яаманд даалгасугай:

а/төсөвт байгууллагад ажиллагчдын сарын цалинг (тэжээгдэгч хүний нь дундаж тоог харгалзан) 450 төгрөгөөр нэмэгдүүлэх; /а- хэсгийг 1993 оны 77-р тогтоолоор хүчингүй болгосон/


б)улсаас оюутан, сурагчдад сард олгох тэтгэлгийн хэмжээг 200 төгрөгөөр нэмэгдүүлэх;


в)бүх төрлийн тэтгэвэр авагчдад сард олгох нөхвөрийн хэмжээг 225 төгрөгөөр, хүүхдээ асарсны тэтгэмж авч байгаа иргэдэд сард олгох нөхвөрийн хэмжээг 200 төгрөгөөр тус тус тогтоох.


7.Хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан хаврын бэлтгэлээр нийлүүлсэн махны үнийн зөрүүг тооцож "Махимпэкс" компани болон мах боловсруулах үйлдвэрүүдэд нөхөж олгохыг Сангийн яаманд даалгасугай.


8.Үнэ, тарифын өсөлттэй уялдуулан зарим төсөвт байгууллагуудад нэмэгдэх зардлыг нөхөх, түүнчлэн хэмнэлтиийн арга хэмжээ авч зохицуулахыг Сангийн сайд, аймаг,Ннийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.


9.Амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдийн амьжиргааны баталгааг хангах, тэдэнд хөдөлмөр хийж амьдралаа сайжруулах нөхцөл бүрдүүлэхэд туслах сан бий болгож,түүнд хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулахыг аймаг,нийслэлийн Засаг дарга нарт; уг санд улсаас нэг удаагийн хандив болгон 150 сая төгрөг оруулж, түүнийг аймаг, хотод зохистой хуваарилан хүргүүлэхийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд даалгасугай.


Үүнтэй холбогдуулан амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдэд туслах сангаас хөрөнгө зарцуулах журмыг 1992 оны 10 дугаар сарын 5-ны дотор боловсруулж мөрдүүлэхийг Хүн амын бодлого, Хөдөлмөрийн яам, Сангийн яаманд даалгасугай.


10.Өөрийн сум, дүүрэг, баг, хорооны харьяат амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, тэдэнд тусламж олгох ажлыг олон түмний хяналтын дор ил тод зохион байгуулж ажиллахыг сум, дүүрэг,баг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.


11.Худалдааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, хэрэглээний хоршоо, агентуудад улсын төвлөрсөн сангаас хуваарилагдсан мах,гурил, үндсэн нэрийн талх, архины үлдэгдлийн тооллогыг 1992 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар явуулахыг Худалдаа, үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох бүх байгууллагад; эдгээр барааны үнийн зөрүүг тооцож төсвийн орлогод оруулахыг Сангийн сайд, Худалдаа, үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус хариуцуулсугай.


12.Хүн амын амьжиргааны өртөг өндөржиж байгаатай холбогдуулан ажиллагчдынхаа амьдралын нөхцөлийг баталгаажуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн эрх баригчдад зөвлөсүгэй.


13.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "г" заалт;


"Хөдөө аж ахуйн байгууллагын хүсэлтийн тухай" Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 77 дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйл; "Чөлөөт үнийн тогтолцоонд шилжих нэмэлт арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 240 дүгээр тогтоолын хавсралтын "в"-гийн "цахилгаан,", "хүн тээврийн тариф", "г"-гийн "гурил", "талх (үндсэн нэрийн)" гэснийг; "Үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалт; 9 дүгээр зүйлийн"цахилгаан...", "хотын доторхи хүн тээврийн тариф", "гурил", "талх (үндсэн нэрийн)" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ