A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШАРЫН ГОЛ СУМ БОЛОН "ШАРЫН ГОЛ" ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 180

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шарын гол" ХК-ийн дулааны станц, ус хангамжийн худаг, ус хуримтлуулах сангууд, цэвэрлэх байгууламж, тэдгээрийн дагалдах шугам сүлжээ, мах, ногооны зоорь зэрэг 2648,0 (хоёр тэрбум зургаан зуун дөчин найман сая) сая төгрөгийн үндсэн хөрөнгийг Шарын гол сумын орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд, Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа нарт даалгасугай.

2. Шарын гол сумын дулааны станц, шугам сүлжээг засварлах, шинэчлэх, цэвэр усны эх үүсвэрийг сайжруулах төсөл боловсруулан 2003 оноос аймгийн төсвийн санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дархан-уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа нарт даалгасугай.

3. Уулын ажлын технологийн зориулалтаар "Шарын гол" ХК-ийн ашигласан талбайг нөхөн сэргээхэд шаардагдах тоног төхөөрөмж авах хөрөнгийн эх үүсвэрийн талаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудад санал тавьж шийдвэрлүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.

4. "Шарын гол" ХК-ийн үйл ажиллагааг санхүүгийн хувьд дэмжих зорилгоор Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн үнийг "Тусламжийн орлогын сан"-д төвлөрүүлэх хугацааг 10 жилээр сунгах боломжийг судлан, шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт зөвшөөрсүгэй.

5. "Шарын гол" ХК-ийн хөрс хуулалтыг эрчимтэй явуулж, нүүрс гаргалтын хэмжээг өнөөгийн түвшингээс бууруулахгүй байхад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж авах болон ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор компанийн хөрөнгөөр барьцаалан үнэт цаас гарган зах зээлд борлуулах боломжийг судалж хэрэгжүүлэхэд арга зүй, мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/ болон Үнэт цаасны хороо /С.ГҮНДЭНБАЛ/-нд тус тус үүрэг болгосугай.

6. Шарын гол суманд нэгэнт бий болсон дэд бүтэц, ажиллах хүчний нөөцийг цаашид үр дүнтэй ашиглаж, Дархан, Эрдэнэтийн бүс нутгийн нүүрсний хангамжийг сайжруулахын тулд уурхайн орчимд хийх нүүрс болон бусад ашигт малтмалын эрэл, үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг 2003-2004 оны улсын төсвийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.

7. "Шарын гол" ХК-ийн уул, геологийн нөхцөл хүндэрч үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаатай холбогдуулан хийх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх ажилтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгох, мэргэжлийн дагуу ажлын байраар хангах, шинээр мэргэжил эзэмшүүлэх болон давтан сургах, сумын дэд бүтцийг түшиглүүлэн ажлын байр шинээр бий болгох зэрэг арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа нарт тус тус үүрэг болгосугай.

8. "Шарын гол" ХК-ийн зарим нэгжийг бие даасан салбар компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг зохих журмын дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлэх, компанийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах арга хэмжээ авч, компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах талаар санал боловсруулж 2003 оны эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД