A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 208

"Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хот, суурин газрын дулааны жижиг уурын зуух, айл өрх болон нийтийн тээврийн зориулалт бүхий автомашинуудыг шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээнд шилжүүлэх ажлыг 2003-2005 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Байгаль орчны сайд У.Барсболд, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа, Орхон аймгийн Засаг дарга К.Даулетбай нарт үүрэг болгосугай.

2. Хийн хангамж, тээвэрлэлт, хадгалалт, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд аюулгүй байдлыг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, журмыг боловсруулж батлуулах, тэдгээрийг мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т үүрэг болгосугай.

3. Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгах нь:

а/шингэрүүлсэн шатдаг хийг энэ тогтоолд заасан зориулалтаар ашиглах, энэ чиглэлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд удаан хугацаагаар шатдаг хий нийлүүлэх гэрээ байгуулан ажиллуулах талаар холбогдох арга хэмжээ авсугай;

б/шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, хэрэглээтэй холбоотой үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх аваар, осол гаргах өндөр магадлалтайг харгалзан аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглах болон аюулгүй ажиллагааны онцгой шаардлагуудыг хангахуйц санхүүгийн чадвартай аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой нөхцөлтэйгээр сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож байх арга хэмжээ авсугай.

4. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 140 дүгээр тогтоолын хавсралтын "Е.40" гэсний "4010" гэсэн заалтын дараа "4020.Шатах хий үйлдвэрлэл, хуваарилалт (шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ, хэрэглээ)" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД