Хэвлэх DOC Татаж авах
ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХОТ, ТОСГОДЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХОТ, ТОСГОДЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ТУХАЙ


1994 оны 7 дугаар сарын 14-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 128



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1-4 дэх хэсэг Засгийн газрын 1996 оны 264 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.


5.Аймгийн төв болон Хэнтий аймгийн Бэрх, Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хөтөл, Өвөрхангай аймгийн Хархорин хотуудыг аймгийн зэрэглэлтэй хот байхаар тогтоосугай.


6.Дархан-уул, Орхон, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь тухайн аймгийн төв-хотын захирагч байхаар, бусад аймгийн төв-хотуудын хувьд түүний оршин байгаа сумын Засаг дарга нь хотын захирагч байхаар тогтоосугай.


7.Тогтоосон орон тоо, цалингийн сангаас дулаан, цахилгаан, ус, хот байгуулалт, инженерийн шугам сүлжээний ажил хариуцуулахаар 6 хүртэл ажилтны орон тоо, цалингийн санг аймгийн төв, хотуудын захирагчийн ажлын албанд шилжүүлэн ажиллуулахыг нийт аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.


8.Хүн амын тоо, байршил, иргэдэд үйлчлэх ажлын хэмжээ, онцлогийг харгалзан Дархан-уул аймгийн Дархан, Орхон аймгийн Баян-өндөр сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог урьд нь ажиллаж байсан хороодын захиргааны орон тоог хямдруулах чиглэлээр тусгайлан хянаж тогтоохыг Дархан-уул, Орхон аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.


9.Сум, багийн төв болж байгаа тосгоны хувьд түүний оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга тосгоны захирагч байх нь зүйтэй гэж үзсүгэй.


10."Зарим хот, хороодыг сумдад нэгтгэх тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 36 дугаар тогтоолыг үндэслэн дор дурдсан арга хэмжээ авсугай:


а)зарим хот, хороодыг засаг захиргааны хувьд тухайн сумдад нэгтгэн харъяалуулсантай холбогдуулан тэдгээр хот, хороодын одоогийн орон тоо, цалингийн санг хядмруулах замаар тухайн багийн Засаг даргын болон хот, тосгоны захирагчийн ажлын албыг зохион байгуулахыг Баян-өлгий, Булган, Говь-алтай, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.


б)хот, тосгодын оршин суугчдад үзүүлэх нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийгэм, соёлын байгууллагын санхүүжилт, барилга, хот байгуулалтын асуудал, барилга байгууламжийн ашиглалт, эзэмшилтийн байдалд хяналт тавих ажлыг тухайн хот, тосгоны захирагчид хариуцуулсугай;


в)Хөтөл хот, Хялганат тосгоны иргэдийн санал, хүсэлтэд анхааралтай хандаж эмнэлэг, сургууль, соёлын үйлчилгээг тасалдуулахгүй явуулах, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллахыг Булган, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


11.Энэ тогтоол болон "Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 4, 6 дугаар зүйлийг үндэслэн аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг зохион байгуулахыг шинээр томилогдох Засаг дарга нарт даалгасугай.


12.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дархан, Эрдэнэт, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 144 дүгээр тогтоол, "Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 1994 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийн "Дархан, Эрдэнэт хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож; "Хүн амын нийгмийн баталгааг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт (Төсөвт байгууллагын ажилтны хөдөлмөрийн хөлсний сүлжээг хэрэглэх журам)-ын 2 дугаар зүйлийн "Б-1" гэсэн хэсгийн "баг, хорооны Засаг дарга," гэсний дараа "тосгоны захирагч,", "Б-4" гэсэн хэсгийн "сумын Засаг дарга," гэсний дараа "аймгийн зэрэглэлтэй хотын захирагч," гэсэн нэмэлт тус тус оруулсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ