A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 63

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийн 44 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн яамны харьяа Шүүх эмнэлгийн магадлах төв, Сангийн сайдын дэргэдэх Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, Цагдаагийн ерөнхий газрын Шинжилгээний хүрээлэнг нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн байгуулсугай

(Энэ зүйлд 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон).

2.Аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх-шинжээч эмч, Засаг даргын дэргэдэх шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх орон тооны бус комисс, Цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн лабораторийн шинжээч нарыг нэгдсэн удирдлагаар хангаж мэргэжил, арга зүйн байнгын туслалцаа үзүүлж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үүрэг болгосугай

3.Шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэнтэй холбогдуулан дээрх байгууллагуудын эзэмшиж, ашиглаж байгаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг балансаас балансад орон тоо, төсвийн хамт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд энэ оны 4 дүгээр сард багтаан шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Т.Ганди, Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд даалгасугай

(2,3 дугаар зүйлд 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон.)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэн Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх дүрмийг шинэчлэн боловсруулж 2005 оны 6 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

(Энэ зүйлд 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дзгээр тогтоолоор өөрчлөлт орсон).

5. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх ажилд байнгын дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Т.Ганди, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлах албаны тухай" Засгийн газрын 1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 9 дүгээр тогтоол, "Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, орон тоог батлах тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "ж" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын 51.5, 51.9 дэх хэсэг, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгуулсугай.

2.Шүүх шинжилгээний ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн орон тоо, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

3.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсвийн багцын хүрээнд шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

4."3асгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсгийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганад "121.Шүүх шинжилгээний ерөнхий газар" гэж нэмсүгэй.

5.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 34 дэх заалт нэмсүгэй:

34.

Шүүх шинжилгээний ерөнхий газар

118

6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Шүүхийн шинжилгээний үндэсний төв байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР