A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШУУДАНГИЙН ШИНЭ НЭР ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 99

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Сангийн сайд П.Цагаан нарт даалгах нь:

а/улсын төсвийн орлого, зарлага, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл, татварын төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж болон гуйвуулгыг шуудангийн уламжлалт үйлчилгээтэй нэгтгэн, холбогдох төлбөр тооцооны дансыг "Монгол шуудан" компани, түүний харъяа алба, салбаруудад байршуулан гүйцэтгүүлэх ажлын бэлтгэлийг хангаж 1997 оны 6 дугаар сарын 1-нээс Ховд аймагт эхлэн туршиж үр дүнг энэ оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулсугай;

б/шинээр нэвтрүүлж буй үйлчилгээг иргэдэд сурталчилах, тэнд ажиллагчдыг сургалтад хамруулах, маягт, материал хэвлүүлэх, зарим ажлын байрыг зориулалтын техник хэрэгслээр тоноглох зэрэг арга хэмжээ авсугай.

2. Шуудангийн шинэ үйлчилгээнээс хуримтлагдсан бэлэн мөнгийг найдвартай хамгаалж, гүйлгээний мэдээг өдөр бүр, тэтгэвэр тэтгэмж тавьж олгосон тухай мэдээг тухай бүр нь тус тус гаргаж Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд ирүүлж байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад даалгасугай.

3. "Монгол шуудан" компани, Ховд аймаг болон түүний сумдын Засаг даргын Тамгын газрын зарим ажил, үйлчилгээ, орон тоог нэгтгэн нягтруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Ховд аймгийн Засаг дарга Л.Галбадрах нарт даалгасугай. /2, 3 дахь заалтыг Засгийн газрын 2002 оны 30 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

4. Шууданд нэвтэрч байгаа шинэ нэр төрлийн үйлчилгээг хүн амд улам ойртуулах, хөнгөн шуурхай болгох зорилгоор шуудангийн хаягийн системийг боловсронгуй болгож /индексжүүлэн коджуулах/ мөрдүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Гэрээний үндсэн дээр төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаанд нь хүргэж үйлчилсний төлбөрийг "Монгол шуудан" компанид тухай бүр нь төлж, шуудангийн шинэ нэр төрлийн үйлчилгээгээр хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, ашиглалтыг удирдан зохицуулж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА