Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ


2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 270



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:


1. Аймгийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжээч, аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх-шинжээч эмч нарыг нэгтгэн аймгийн Шүүхийн шинжилгээний алба, нийслэлийн дүүрэг, Төмөр замын цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газрын криминалистикийн шинжээч, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн  шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг нэгтгэж Нийслэлийн шүүхийн шинжилгээний албыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  харьяанд тус тус байгуулсугай.


(Энэ зүйлд 2009 оны 1 дүгээр сарын 21 ний өдрийн 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон).


2. Дээрх байгууллагуудын криминалистикийн шинжээч, шүүх-шинжээч эмч, шинжээч эмч нарын орон тоо, төсөв болон криминалистикийн шинжээчдийн эзэмшиж, ашиглаж байгаа шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжийг тус тус балансаас балансад энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор багтаан Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлж, тухайн аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн лаборатори, ажлын контор, нэгдсэн эмнэлгийн задлан шинжилгээ, цогцос хадгалах өрөөг Шүүхийн шинжилгээний албыг ажлын байртай болох хүртэл төлбөргүй эзэмшүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Сангийн сайд Н.Баяртсайхан, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Шүүхийн шинжилгээний албаны дүрэм, орон тооны хязгаар, төлбөрт үйлчилгээ, урамшуулалт цалингийн журмыг баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.


4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  зүгээс Шүүхийн шинжилгээний албыг шууд удирдлагаар хангаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж байх арга хэмжээ авч, тус албыг техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт, энэ ажилд байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад тус тус үүрэг болгосугай.


(Энэ зүйлд 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 д үгээр тогтоолоор өөрчлөлт орсон).


5. Шүүхийн шинжилгээний албыг ажлын байртай болгох асуудлыг судалж, саналаа энэ оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд тус тус даалгасугай.


6. Шүүхийн шинжилгээний албыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мэргэшил, ур чадварыг нь дээшлүүлэх талаар хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                              М.ЭНХБОЛД


Хууль зүй, дотоод хэргийн сайд                                                                           Д.ОДБАЯР