A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 ОНЫГ МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 257

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2003 оныг Монголд зочлох жил болгон зарласугай.

2. Монголд зочлох жилийн хүрээнд хийх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Б.Жигжидэд даалгасугай:

а/Монголд зочлох жилийн ажлын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;

б/2003 оны зуны улиралд нислэгийн тоог нэмэгдүүлэх, жуулчдыг тойрог маршрутаар аялуулах, гадаадын жуулчдыг зохион байгуулалттай ирүүлдэг аялал жуулчлалын аж ахуйн нэгж, байгууллагыг аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн, яармагт оролцуулах, тэдэнд нисэх онгоцны тийзийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах;

в/урсгал засварын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар жуулчны гол аяллын дагуух Улаанбаатар-Тэрэлж,Улаанбаатар-Мөрөн,Улаанбаатар-Хархорин,Улаанбаатар-Даланзадгадын чиглэлийн авто замыг 2003 оны П улиралд багтаан засаж сайжруулах;

г/аялал жуулчлалын гол бүс нутгийн жуулчны баазыг холбоожуулах төслийг боловсруулан, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж санхүүжүүлэн 2003 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэх;

д/жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зохих зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар гадаадын жуулчдад үйлчлэх ажлыг зохион байгуулах.

4. Гадаадын жуулчдын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор жуулчны бааз, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон нийтийн хоолны газрын эрүүл ахуй, ариун цэврийн талаар гарсан журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газар /Д.БАТБААТАР/-т даалгасугай.

5. Гадаадын жуулчдыг эрүүл мэндийн давхар даатгалд хамруулж, тэдгээрт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт тус тус үүрэг болгосугай.

6.Улаанбаатар хотын жуулчны гудамжинд жуулчдыг мэдээллээр хангах, тэдэнд үндэсний онцлогийг агуулсан гар урлал, бэлэг дурсгалын зүйл худалдах төв болон бусад үйлчилгээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.

7. "Монгол Улсын виз олгох журам"-д Монгол Улсын хилийн олон улсын боомт дээр нэг удаагийн орох, гарах виз олгож байх болон групп жуулчны визийн талаар зохих нэмэлт, өөрчлөлт оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

8. Дараахь арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай:

а/2003 онд Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын зорчигч тээврийн нэмэлт галт тэрэг аялуулах асуудлыг Хятадын талтай тохирч шийдвэрлэх;

б/Монгол Улсын гадаад сурталчилгааг эрчимжүүлж, гадаадын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулах.

9. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөг 2003 оны I улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэхийг Байгаль, орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД