A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 7

Төрийн ордон. Улаанбаатар хот

АЛБАН ЁСНЫ СТАТИСТИКИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2. Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар/ М.Энхболд/-т даалгасугай:

1/ хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгаж байх;

2/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг хуваарилах ажлыг зохион байгуулах;

3/ хөтөлбөрт нийцүүлэн Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн байгууллагын захиргааны статистик мэдээллийг сайжруулах арга хэмжээ авах.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үндэсний статистикийн газар/ П.Бямбацэрэн/-т даалгасугай:

1/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Үндэсний статистикийн газрын зөвлөлөөр батлуулах;

2/ хөтөлбөрийн биелэлтийг Улсын Их Хуралд жил тутам тайлагнаж байх.

4. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Л.Гантөмөр/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ