A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2000 оны 05 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 151

Улаанбаатар хот

                                            "АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ" ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Улсын Их Хурлаар 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан "Архидан согтуурахтай тэмцэх тухай" шинэчлэн найруулсан хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх нөхцөлийг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн зургаа дахь хэсгийн 6 дугаар заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1."Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 3 дугаар зүйлийн "…2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс" гэдэгт үйлдвэрлэлийн технологиор болон гэрийн нөхцөлд ердийн аргаар исгэсэн, найрлагадаа 2 хувиас дээш этилийн спирт агуулсан бүх төрлийн ундааг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-ийн "Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уул зөвшөөрлийг бусдад шижлүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж өөрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглуулахаар бусдад худалдах, бэлэглэх, төлбөрт өгөх, өв залгамжлуулахдаа согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлөө шинэ өмчлөгчид шижлүүлэхгүй, харин шинэ өмчлөгч нь энэ хуульд заасан журмын дагуу шинээр зөвшөөрөл авна гэж ойлгож хэрэглэнэ.

3.Хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн "Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн болон шөнийн цэнгээний газрыг …орон сууц, түүний суурийн давхар /зориудаар тохижуулснаас бусад/-т ажиллуулахыг хориглоно" гэсэн заалтын "зориудаар тохижуулсан" гэдэгт барилгын зураг төслийг өөрчлөх буюу батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилгын зохион байгуулалтыг өөрчлөх зөвшөөрлийг зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагаас урьдчилан авсан, тухайн орон сууцанд амьдарч буй оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, гэрэл чимэглэлийг байршуулсан, нийтийн эзэмшлийн орц хонгилоос бүрэн тусгаарласан орц, байршилтай байхыг хэлнэ.

4.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан "Согтууруулах ундаа худалдах, борлуулах, хэрэглэх талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийхийг хориглоно" гэснийг бүх төрлийн сонин, сэтгүүл, радио, телевизээр болон зурагт ухуулах хуудсаар энэ хуулинд нэр заагдсан согтууруулах ундааг худалдан авах, хэрэглэхийг уриалсан, ухуулсан зар сурталчилгаа, рекламыг хамааруулан ойлгоно.

5.Дээрхи хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "Ууж согтууран өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон этгээд" гэдгийг согтууруулах ундааг тохируулан хэрэглээгүйн улмаас биеэ зөв авч явах чадваргүй болж гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, эсхүл хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй, овог нэр, хаягаа тодорхой зөв хэлж чадахгүй, харгалзах хүнгүй, түүнчлэн агсам согтуу тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, мөн өөрөө осол, гэмтэл, гэмт хэрэгт өртөж, осгож болзошгүй хүнийг хэлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Б.ЦОГНЯМ