Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 38



Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн "Байгаль орчны төлөв байдал"-ын 1999 оны тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Дор дурдсан арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:


1/газар хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох чиглэлээр газрын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2000 оны намрын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх;


2/байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, орчны бохирдлыг багасгах, байгалийн нөөцийн ашиглалтыг сайжруулах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Байгаль орчны, Ашигт малтмалын, Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;


3/байгаль орчны салбарын төв, орон нутгийн болон аж ахуйн нэгж, байгууллагын оновчтой бүтцийг бүрдүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, материаллаг баазыг бэхжүүлэх, бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох, байгаль орчны сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах;


4/нийслэл, томоохон суурин газрын орчны бохирдлыг багасгах, хог хаягдлыг цэвэрлэх, дахин ашиглах, заган ой, говийн бут сөөгийг хамгаалах зорилгоор шахмал, бусад төрлийн түлш, шаталт сайтай зуухаар хангах арга хэмжээг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр авч хэрэгжүүлэх;


5/ой, бэлчээрийн хөнөөлт шавьж, мэрэгчтэй тэмцэх ажлыг байгаль орчинд халгүй аргаар зохион байгуулж, үр дүнг сайжруулах;


6/усны хайгуул, судалгаа хийж, уст цэгийн тооллого явуулан бэлчээрийг усжуулах, усалгаатай газар тариаланг өргөжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх;


7/бэлчээрийн даац чадавхийг тодорхойлох, тариалангийн талбайн бүртгэл, тооллого явуулах, бэлчээрийн талхагдлыг бууруулах, тариалангийн талбайн эзэмшилтийг сайжруулах ажлыг зохион байгуулах;


8/"Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай" хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төв, орон нутагт байгалийн нөөцийг нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгаж хэрэгжүүлэх;


9/нийслэл, зарим аймагт газар, газрын хэвлий, ой, ан амьтны талаархи хууль тогтооомжийн хэрэгжилтэд 2001 оны эхний хагас жилд багтаан улсын үзлэг явуулж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ