A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 03

Төрийн ордон. Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчны төлөв байдлын 2003 оны тайлангийн тухай хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дор дурдсан арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар / Ц.Элбэгдорж /-т даалгасугай :

1/Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний хууль бус үйл ажиллагааны улмаас тархац, нөөц нь эрс багассан зарим амьтан, ургамал, ялангуяа мазаалай баавгай, хавтгай тэмээ, цоохор ирвэс, халиун буга, баданга хүдэр, монгол бөхөн болон экосистемд онцгой үүрэг бүхий тарвага, цагаан зээр зэрэг амьтад, эдийн засгийн өндөр ашигтай, ховордсон ургамлыг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэ чиглэлээр олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаанд хамрагдах арга хэмжээ авах;

2/Түймэр, ойн хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн болон зүй бус ашиглалтад хүчтэй өртсөн ойг нөхөн сэргээх, ой модны хулгайг таслан зогсооход чиглэгдсэн төрийн нэгдсэн бодлого, эрх зүйн зохицуулалтын асуудлыг боловсруулан шийдвэрлэж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

. 3/Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, гүний усны хайгуул, судалгаа, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг тусгасан мастер төлөвлөгөө боловсруулж,

шийдвэрлэн хэрэгжүүлэх;

4/Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, тэдгээрийн хамгаалалтын захиргаадыг бэхжүүлэх, уг бүс нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох арга хэмжээ авч, энэ чиглэлээр төв, орон нутгийн байгууллага, иргэдийн ажлын уялдааг хангах;

5/Байгаль орчны чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн орчныг цогц байдлаар боловсронгуй болгох, ялангуяа агаар, усыг бохирдуулсны, байгалийн бусад нөөц баялгийг ашигласны орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах болон байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон хууль эрх зүйн орчныг эхний ээлжинд буй болгож мөрдүүлэх;

6/ Улс орны хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагад байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг урьдчилан тогтоож, байгалийн нөөц, даацтай уялдуулсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг 2006 оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд танилцуулсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР