A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

              МӨНГӨНИЙ ХУВААРЬ /МАСШТАБ/ ӨӨРЧЛӨГДСӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

Хэвлэх

БНМАУ-ын Бага Хурлын  1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, БНМАУ-ын хууль тогтоомжийн мөнгөний хэмжээ заасан заалтыг нэг мөр ойлгон хэрэглэх явдлыг хангах зорилгоор Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1."Мөнгөний хуваарь /масштаб/ өөрчлөгдсөнтэй холбогдуулан хууль, зарлиг, тогтоолын зарим заалтыг хэрэглэх журмын тухай" Бага хурлын 1991 оны 14 дүгээр тогтоолын заалтад хүчин төгөлдөр болох үеийг харгалзахгүйгээр 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00 цагаас өмнө батлагдсан хууль, зарлиг, тогтоол хамаарна. 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00 цагаас өмнө батлагдсан Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоолд заасан төгрөг, мөнгөний хэмжээг дээрх тогтоолд зааснаар хоёр дахин нэмэгдүүлж тооцож хэрэглэнэ.

2.БНМАУ-ын хууль, Бага хурал, Засгийн газрын тогтоолоор эрх бүхий салбарын болон салбар хоорондын удирдлагын төв байгууллагын шийдвэрээр 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө батлагдсан хууль тогтоомжид заасан төгрөг, мөнгөний хэмжээг өөрөөр хэрэглэхээр энэ өдрөөс хойш шинээр тогтоосон бол түүнийг хэрэглэвэл зохино./ УДШ-ийн 1997.10.15-ны өдрийн 399-р тогтоолоор өөрчилсөн/

3.Засгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоолд зааснаар байгууллага хоорондын болон иргэд байгууллага хоорондын өр авлагыг тухайн үеийн мөрдөж байсан үнэ, тарифаар тооцож дүнг өөрчлөхгүйгээр /мөнгөний хуучин хуваариар/ тооцоо хийж барагдуулна.

4.1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө иргэдийн хооронд үүссэн өр төлбөрийн тухай асуудлыг гэрээ хэлцлийн талууд тохиролцож эвлэрэн шийдвэрлэх ёстой. Хэрэв иргэд хоорондын гэрээ хэлцлийн талууд тохиролцон эвлэрч чадаагүйгээс гарсан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч гэрээ, хэлцэлд заасан төгрөг, мөнгөний хэмжээг үндэс болгон дараахь журмыг баримтлан шийдвэрлэж байна.

5.1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө байгуулсан иргэд хоорондын гэрээ, хэлцэлд заасан үүрэг түүнийг биелүүлэхтэй холбогдсон төлбөрийн мөнгөний дүнг хуучин хуваариар тооцож төлүүлнэ.

6.1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэргийг түүнээс хойш таслан шийдвэрлэж байгаа бол хуульд заасан торгох ял, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг мөнгөний хуучин хуваариар тооцож төлүүлж байвал зохино.

7.1991 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэргийг түүнээс хойш илрүүлбэл уг хэргийн улмаас учирсан хохирол, түүний төлбөрийн хэмжээг мөнгөний хуучин хуваариар тогтоон, зүйлчлэн ангилж, шийдвэрлэж байна.

8.1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө гарсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүгчийн тогтоолоор оногдуулсан торгууль, гаргуулсан төлбөр, тэдгээрийн үлдэгдлийг тогтоол гүйцэтгэлийн журмаар биелүүлэхдээ уг таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүгчийн тогтоолд заасан төгрөг мөнгөний хэмжээг /мөнгөний хуучин хуваарийг/ баримтална./ УДШ-ийн 1997.10.15-ны өдрийн 399-р тогтоолоор өөрчилсөн/

9.Шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэвэр, гэм хор учруулсны улмаас олгож байгаа нөхөх олговор зэрэг тогтмол төлөгдөх тодорхой төгрөгөөр тогтоосон төлбөрийн хэмжээг 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш хоёр дахин нэмэгдүүлж тооцно.

10.1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үнэ, хөлсийг уг бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ хэзээ нийлүүлэх буюу гүйцэтгэхээр аж ахуйн гэрээнд заасныг харгалзахгүйгээр үнэ тарифыг хоёр дахин нэмэгдүүлж /мөнгөний шинэ хуваариар/ төлнө.

11.Худалдан авагч нь нийлүүлэгчтэй тохиролцсон /нэхэмжлэл/-ны үндсэн дээр бараа, бүтээгдэхүүний үнийг 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө шилжүүлсэн бол бараа, бүтээгдэхүүн хэзээ нийлүүлэгдсэнийг харгалзахгүйгээр мөнгөний хуучин хуваариар тооцно.

12.1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө нийлүүлэх ёстой бараа бүтээгдэхүүн, гүйцэтгэх ёстой ажил үйлчилгээний нийлүүлээгүй, гүйцэтгээгүйн торгуулийг тооцохдоо 16-ны өдрөөс өмнөх хугацааныхыг хуучин үнэ, тарифаар бодсон үнийн дүнгээс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойшхи хугацааныхыг шинэ үнэ, тарифаар бодсон үнийн дүнгээс тооцно.

13.Аж ахуйн гэрээг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тооцохдоо 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө учирсан хохирлыг хуучин үнэ, тарифын дүнгээс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш учирсан хохирлыг шинэ үнэ тарифын дүнгээр тооцож тодорхойлно.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ТӨРБАТ, Ц.ШАРАВДОРЖ