- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэрэгт 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас нь чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай.
3 дугаар зүйл.2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн заалтад нийцүүлэх арга хэмжээг авсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар ялаас чөлөөлөгдсөн, түүнчлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэрэгт шийтгүүлж ялаа эдэлж дууссан, хугацаанаас өмнө суллагдсан хүмүүсийг ялгүйд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан ажиллагааг 2002 оны 10 дугаар сарын 1-ний дотор, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 12 дугаар сарын 1-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Монгол Улсын дээд шүүх / Ч.Ганбат/, Улсын ерөнхий прокурор /М.Алтанхуяг/, Хууль зүй, дотоод хэргийн яам /Ц.Нямдорж/-д даалгасугай.
6 дугаар зүйл.Бусад хууль тогтоомжийг Эрүүгийн хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар / Н.Энхбаяр/-т даалгасугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A