A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 01

Төрийн ордон, Улаанбаатар хот

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/газрын тос боловсруулах бага болон дунд хүчин чадлын үйлдвэрийг газрын тосны ордод түшиглэсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах ажлыг түргэтгэх;

2/дотоодын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих санаачилга гаргаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих замаар бензин, түлш шатахууныхаа хэрэгцээг хангах зорилтыг хэрэгжүүлэх;

3/Засгийн газрын холбогдох байгууллагад хэлэлцэгдэж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийг 2012 оны 02 дугаар сарын 10-ны дотор шалгаруулж, шалгарсан төслийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

2.Энэ тогтоолын явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-нд тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ