A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 55

Төрийн ордон, Улаанбаатар хот

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг энэ тогтоол батлагдсанаас хойш 3 сарын хугацаанд авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын геологи, уул уурхай, газрын кадастрын бүртгэл, мэдээллийг шинэчлэн гаргасны үндсэн дээр эдгээр газрын хилийн заагийг тогтоож, олон нийтэд мэдээлэх;

2/ гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн дотор үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашигт малтмалын тухай болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/, болон Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ