Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2007 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 29-ний өдөр                                                                                                          Дугаар 44                                                                                                                            хот

 

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Нийгмийн халамжийн тухай /цаашид хууль гэх/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т заасан “олон хүүхэдтэй” гэдгийг 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байхыг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-д заасан “тодорхой шалгуур, болзол” гэж хуулийн 19 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх бүхий этгээдийн асрамжилж буй өндөр настан, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Өрхийн амьжиргааны түвшинг үнэлэх аргачлал”-ын дагуу “нэн ядуу”, “ядуу” гэсэн ангилалд багтдаг, мөн хуулийн 21, 22 дугаар зүйлд заасны дагуу эмч, эмнэлгийн байгууллагын байнгын хяналтанд байдаг, бусдын асрамжгүйгээр бие даан амьдрах чадваргүй болох нь энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.-т зааснаар Засгийн газраас тогтоосон журмаар тогтоогдсон байхыг хэлнэ.

3.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т заасан Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн “сум, хорооны нутгийн захиргааны төлөөлөл” гэдэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10.-т заасан “…сум…, хорооны Засаг дарга”, мөн зүйлийн 4.1.13.-т заасан “…сум…, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид”, иргэний нийгмийн төлөөлөгч” гэдэгт тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг тус тус хамааруулна.

4.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан “нийгмийн ажилтны боловсрол эзэмшсэн” гэдгийг “нийгмийн ажилтан” мэргэжлээр Боловсролын болон Дээд боловсролын тухай хуулиудад зааснаар дипломын буюу бакалаврын сургалтаар дээд боловсрол эзэмшсэн байхыг ойлгоно.

5.Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-т заасан “дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй” гэж тэжээн тэтгэх үүрэг бүхий эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55-аас дээш нас хүрэх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болох буюу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох зэргээр хөдөлмөрийн чадваргүй болсны улмаас “нэн ядуу” гэсэн ангилалд багтдаг тэжээн тэтгүүлэгч өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тэжээн тэтгэх, асран хамгаалах бололцоогүй болохыг хэлнэ.

 Дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй байдал нь оршин суугаа газрын Засаг дарга, эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон байвал зохино.

6.Мөн зүйлийн 18.1.5.-д заасан “4 ба түүнээс дээш хүүхэдтэй” гэдэгт эх /эцэг/-ийн төрүүлсэн буюу үрчилсэн, түүний шууд асрамжид байгаа 0 – 16 насны 4 ба түүнээс дээш хүүхэд хамаарна.

Хүүхэд 16 насанд хүрэх, эсхүл бусдад үрчлэгдсэн тохиолдолд тэдгээрийг дээрх хүүхдийн тоонд оруулахгүй бөгөөд эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр эцэг эхээс нь өөр хүнийг шүүхийн

болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бол хуулийн энэ зохицуулалт эдгээр эцэг, эхэд хамаарахгүй.

7.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2., 19.1.3.-т заасан “асарч буй иргэн” гэдэгт шүүхийн болон захиргааны байгууллагаас асран хамгаалагчаар албан ёсоор тогтоогдсон этгээдийг ойлгоно. Түүнчлэн бусдын асрамжгүйгээр бие даан амьдрах чадваргүйн улмаас хүний амьдралын хэвшилд байнгын давтагдах, зайлшгүй хийгдвэл зохих үйлдлүүдийг хийж чадахгүй болсон нөхцөлд түүнд туслаж, дээрх үйлдлийг нөхөн гүйцэлдүүлэх үүрэг хүлээж, гүйцэтгэж байгаа нь энэ хуульд заасан журмын дагуу тогтоогдсон гэр бүлийн гишүүн, төрлийн болон садангийн, эсхүл хөндлөнгийн хүн, мөн өөрийн гэр бүлдээ авч асрамжилж буй аливаа иргэн үүнд нэгэн адил хамаарна.

8.Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4.-т заасан “түр байрлуулан асрамжлах” гэж энэ зүйлийн 26.2.-т заасан этгээдийг хооллох, хонуулах, эмнэлгийн үзлэгт хамруулах, бусдын хүчирхийлэл, дарамтаас хамгаалах зэргээр түр хугацаагаар орон байраар хангаж, халамжлахыг хэлнэ.

9.Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5.-д заасан “гэрийн асрамжийн үйлчилгээнд хамруулах” гэдэгт энэ хуульд заасан халамжийн болон бусад үйлчилгээг мөн зүйлийн 26.2.-т заасан этгээдэд түүний өөрийнх нь, эсхүл асрамжиндаа байлгаж байгаа этгээдийн орон гэрт үзүүлэхийг ойлгоно.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С. БАТДЭЛГЭР

 

                                                 ШҮҮГЧ                        Л. БЯМБАА