Хэвлэх DOC Татаж авах
Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай


2011 оны 10 сарын 06 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 43



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:


1/Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий автотээвэр, төрийн захиргааны байгууллагын ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, холбогдох сургалтад хамруулах, эдгээр байгууллагын бүтэц, орон тоог хянаж зохицуулах асуудлыг шийдвэрлэх;


2/жолоочийн даатгалд хамруулах ажлыг жил бүрийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг явуулах, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажилтай нэгтгэн сум, дүүрэг бүрд зохион байгуулж байх;


3/Жолоочийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан мэдээллийн санд автотээвэр, цагдаа, татвар, гааль, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон даатгалын байгууллагад байгаа тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, техникийн хяналтын улсын үзлэг, тээврийн хэрэгслийн жолооч, зам тээврийн осол, зөрчлийн тухай мэдээллийг оруулах;


4/Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтыг аймаг, нийслэлд 2011 онд багтаан зохион байгуулах, сургалт, сурталчилгааны зориулалттай танилцуулга, гарын авлага, богино хэмжээний кино хийх, олон нийтийн радио, телевизийн сувгаар үнэ төлбөргүй сурталчлах.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ