Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ


1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 43



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Байгалийн бүс бүслүүрийн хэв шинжийг төлөөлж, шим мандлын тэнцвэрийг хангах ач холбогдолтой, үзэсгэлэн төгөлдөр, өвөрмөц тогтоцтой, ховор амьтан, ургамлын байршил нутаг болох дараахь газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай:


1/Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн хилийн заагт орших Борзонгийн говь, Зээмгэний говь, Хармагтайн говийг хамарсан газар нутгийг "Говийн бага дархан цаазат газар";


2/Баян-өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул, Өвчүү, Ёлт уул, Хотон, Хурган, Даян нуурын орчмыг хамарсан газар нутгийг "Алтай таван богдын байгалийн цогцолборт газар"; Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Архангай аймгийн Булган, Их тамир, Чулуут, Цэнхэр, Хотонт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин сумын хилийн зааг нутаг дахь Гурван Анагийн нуруу, Хөх нуур, Эрхэт хайрхан, Суварга хайрхан, Орхоны эх, Улаанцутгалан орчмыг хамарсан газар нутгийг "Хангайн нурууны байгалийн цогцолборт газар";


3/Дундговь аймгийн Өлзийт, Өмнөговь аймгийн Манлай, Дорноговь аймгийн Мандах сумын хилийн заагт орших Загийн усны хоолой, Модон овооны говийн хэсгийг хамарсан газар нутгийг "Загийн усны байгалийн нөөц газар"; Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны дунд хэсэгт орших Алаг хайрхан уулын орчны газар нутгийг "Алаг Хайрханы байгалийн нөөц газар"; Говь-Алтай аймгийн Цогт, Бигэр, Халиун сумын хилийн заагийн Монгол Алтайн нурууны төгсгөл хэсэгт орших Бурхан буудай уулын орчныг "Бурхан буудайн байгалийн нөөц газар"; Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоо орчмын газар нутгийг "Эргэлийн зооны байгалийн нөөц газар"; мөн аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийн хилийн заагт орших Их Нарт, Хэцүү тээг орчмыг хамарсан газар нутгийг "Их нартын байгалийн нөөц газар";


4/Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнт уул орчмыг "Сүйхэнтийн дурсгалт газар" тус тус болгох.


2.Говийн бага дархан цаазат газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтын ёсоор, Алтан таван богд, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1/Загийн ус, Алаг хайрхан, Бурхан буудай уул, Эргэлийн зоо, Их нартын байгалийн нөөц газар, Сүйхэнтийн дурсгалт газрын хилийн заагийг тогтоох;


2/шинээр улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг дахь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 1996 оны Ш улиралд багтаан Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн зохицуулах.


ДАРГА Н.БАГАБАНДИ