Хэвлэх DOC Татаж авах
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай


2011 оны 05 сарын 05 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 18 



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалт, Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай:


1/Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар;


2/Улаан тайгын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумын нутгийн зарим хэсгийг хамруулан ангилал дээшлүүлэн дархан цаазат газрын ангиллаар;


3/Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт орших Тэнгис-Шишгэдийн голын ай савыг байгалийн цогцолборт газрын ангиллаар;


4/Ховд аймгийн Булган сумын Булган голын байгалийн нөөц газрыг мөн сумын Их Онгог орчмын зарим газар нутгаар өргөтгөж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар.


2.Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтай зарим газар нутгийн хилийн заагийг дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай:


1/Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Ханх сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар;


2/Мянган-Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралтаар;


3/Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Үенч сумын нутгийн зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 3 дугаар хавсралтаар;


4/Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хэнтий аймгийн Дадал сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлөн уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 4 дүгээр хавсралтаар.


3.Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хилийн заагийг 5 дугаар, Улаан Тайгын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоолын 6 дугаар, Тэнгис-Шишгэдийн голын ай савын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоолын 7 дугаар, Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтын “Сийлхэмийн нуруу; Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Биндэр, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын Онон-Балж голын сав нутагт хамрагдах нутгийн зарим хэсгийг” гэснийг “Сийлхэмийн нурууг” гэж өөрчилсүгэй.


5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “, Онон-Балжийн” гэснийг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган угалзатын нурууны зарим хэсгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус” гэснийг, мөн тогтоолын 2 дахь заалтын “газар, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт” гэснийг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолын 3 дахь заалтын “Улаан тайгын болон” гэснийг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дэх заалтын “Ховд аймгийн Мөнххайрхан сум, Баян-Өлгий аймгийн Булган сумын хил залгаа нутагт орших Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутгийг Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын ангиллаар,” гэснийг, мөн тогтоолын 2 дахь заалтын “Мөнххайрханы ба” гэснийг тус тус хассугай.


6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дахь заалтын 2 дахь дэд заалт, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг” гэсэн 2 дахь хэсгийг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтын “Онон-балжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг” гэсэн 5 дахь хэсгийг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр тогтоолын хавсралтын “Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар” гэсэн 2 дахь хэсгийг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалт, мөн тогтоолын хавсралтын “Улаан тайгын байгалийн цогцолборт газрын хилийн зааг” гэсэн 1 дэх хэсгийг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 3.4 дэх дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ