Хэвлэх DOC Татаж авах
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай


2010 оны 01 сарын 14 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 06



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Цэцэн-Уул, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын нутгийн зарим хэсэг болох Улаагчины хар нуур орчмын газар нутгийг, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын болон Завхан аймгийн Алдархаан сумын нутгийн зарим хэсгийг хамруулан Монгол элсний орчмын газар нутгийг тус тус байгалийн цогцолборт газрын ангиллаар, Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь сумдын зааг нутагт орших Алтан Хөхий уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших Хүрэн бэлчир орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.


2.“Улаагчины хар нуур орчмын байгалийн цогцолборт газрын хилийн зааг”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол элсний орчмын байгалийн цогцолборт газрын хилийн зааг”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ