A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2003 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

                                           ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Хуулийн 12.2.3-т заасан "…хэргийн материалыг нийтэд мэдээлэх…" гэдгийг хэргийн материалыг зөвхөн прокурорын зөвшөөрөлтэйгөөр нийтэд мэдээлнэ гэж ойлгоно. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр нийтэд мэдээлэгдэж байгаа хэргийн материал нь хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан байж болохгүйгээс гадна төр, байгууллага, хувь хүний болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх хэмжээгээр нийтлэгдэнэ.

2.Хуулийн 12.2.11, 14.2.5-д заасан "…нэн даруй…" гэдгийг 24 цагийн дотор гэж ойлгоно.

3.Хуулийн 14.2.4 дэх заалтын "шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар хуульд тусгайлан заасан тохиолдолд дүгнэлт гаргах…" гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334, 335, 336 дугаар зүйлүүдэд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг хянаж, прокурор дүгнэлт гаргахыг,

"…шинжээч томилох" гэдгийг мөн хуулийн 333.1-д заасан ял эдэлж байгаа этгээд сэтгэцийн болон бусад хүнд өвчний учир ял биечлэн эдлэх боломжгүй болсон гэж прокурор үзвэл гурваас доошгүй их эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг тус тус ойлгоно.

4.Хуулийн 14.2.6-д заасан дүгнэлтийг прокурор урьдчилан бичгээр гаргаж шүүхэд хүргүүлсэн байна. Уг дүгнэлтийг прокурор дэмжиж, өөрчилж, татан авч болно.

5.Хуулийн 15.3-т заасан "Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн гэм буруу нь нотлогдоогүй гэж улсын яллагч үзвэл яллахаас татгалзана…" гэдэг нь шүүгдэгчийн гэм буруу нотлогдоогүй учир Эрүүгийн хуулийн аль нэг зүйл, хэсгээр огт яллахгүй байхыг хэлнэ. Яллахаас татгалзана гэсэн ойлголтод яллагч шүүх хуралдааны явцад яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээс хөнгөн зүйл, хэсгээр шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдсон гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал тавихыг хамааруулж болохгүй.

Улсын яллагч хэргийн зүйлчлэлийг өөрчилж дүгнэлт гаргасан тохиолдолд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг зүйлчлэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон уг хэргийг шийдвэрлэх эсэхийг шийддэг бол улсын яллагч яллахаас татгалзсан тохиолдолд шүүх хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно.

6.Хуулийн 16.1-ийн "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцож…" гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс хэргийн оролцогчоор оролцоно гэж ойлгоно.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5.3-т өөрөө иргэнийхээ хувьд түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар буюу ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд … прокурор… хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглосон тул прокурор төлөөлөгчөөр оролцохгүй.

Прокурорын байгууллагын тухай хуулийн мөн зүйлийн "…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ" гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийн эрхийг эдэлнэ гэж ойлгоно. Харин Өмгөөллийн тухай хуулийн 16.3 дугаар зүйлд прокурор ажлаасаа өөрчлөгдсөнөөс хойш 3 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тул прокуророор ажиллаж байх үедээ Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийн бүрэн эрхийг эдлэхгүй.

7.Хуулийн 16.3-т заасан "Прокурор иргэний хэрэгт оролцохдоо нотлох баримтыг шаардаж авах эрхтэй" гэдгийг энэ хуулийн 16.4-т зааснаар прокурорыг иргэний хэрэгт оролцуулахаар хүсэлт гаргасан тухайн төрийн байгууллага нь нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.3-т зааснаар нотлох баримтыг прокурорын хүсэлтээр холбогдох иргэн, хуулийн этгээд түүний албан тушаалтан гаргаж өгөх үүрэгтэй гэж ойлгоно.

Харин хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа, прокурор тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг прокурорын хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

8.Хуулийн 16.7-д заасан "…бусад төрлийн хэргийн…" гэдэгт захиргааны хэргийг хамааруулан ойлгоно.

9.Хуулийн 16.8-д заасан"…прокурор давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно" гэснийг энэ хуулийн 16.1, 16.7-д заасан хэрэгт оролцсон прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан эрхийн дагуу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахыг хэлнэ.

10.Хуулийн 23.1-д заасан "Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл санал гаргана" гэдгийг хяналтын журмаар эрүүгийн хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж гаргасан тогтоолын талаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр дээр санал гаргахыг хэлнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347.2-т заасны дагуу саналыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг Улсын Дээд шүүх нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэнэ.

11.Хуулийн 33.4-т заасан хязгаарлалтыг Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулиас бусад сонгуульд хамааруулан хэрэглэж болохгүй.

12.Хуулийн 36.7-д заасан "Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна" гэдгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт зааснаар шийдвэрлэнэ гэж ойлгоно.

13.Хуулийн 39.1-д заасан "…ял шийтгүүлж байгаагүй…" гэсэн ойлголтод Эрүүгийн хуулийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа хамаарахгүй бөгөөд урьд өмнө нь шүүхээр огт ял шийтгүүлж байгаагүйг хэлнэ.

14.Хуулийн 45.3-т заасан "…цагдаагийн адилтгах алба хаагчийн адил хэмжээний цалин хангамж, цол, нэмэгдэлийг…" гэдэгт Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан цагдаагийн цол, цагдаагийн байгууллага, түүний алба хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа болон цагдаагийн алба хаагчид үзүүлэх бусад тусламж, хөнгөлөлт, амралт, цалингийн нэмэгдэл зэргийг нэг адил хамааруулж ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ О.ЗАНДРАА