A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2000 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тэнцлийг хадгалах, түүх, соёлын үнэт зүйлсийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай:

1/ Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумдын зарим нутгийг хамарсан Тарвагатайн нуруу; Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Завхан, Малчин, Наранбулаг сумдын зарим газар нутгийг хамарсан Хан Хөхийн нуруу, Хяргас нуур; Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын хилийн зааг орчмын газар нутгийг хамарсан Цамбагарав уул; Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын зарим газар нутгийг хамарсан Сийлхэмийн нурууг Байгалийн цогцолборт газрын ангиллаар;

/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2/ Баян-Өлгий аймгийн Ногоон нуур, Алтанцөгц; Увс аймгийн Ховд сумдын хилийн заагт орших Дэвэлийн арал орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2. Тарвагатай, Сийлхэмийн нуруу, Хан Хөхий-Хяргас нуур, Цамбагарав уул байгалийн цогцолборт газрын хилийн заагийг хавсралтын ёсоор баталсугай.

/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэжинст, Баянговь сумдын нутгийн зарим хэсгийг хамарсан Гурилын хоолой, Их баян уул орчмын газар нутгийг "Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4 өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хилийн заагт хамруулан улсын тусгай хамгаалалтад авч, тус байгалийн цогцолборт газрын хилийн заагийн Өмнөговь, Баянхонгор аймгийн хилийн зааг дахь Үзүүр уснаас Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хилийн заагийн уулзвар хүртэлх хэсгийг хүчингүй болгож, дор дурдсанаар өөрчлөн тогтоосугай:

1/ Өмнөговь, Баянхонгор аймгийн хилийн заагийн Үзүүр ус, түүнээс зүүн хойш орших Модотын хөх уул (1941.0), Хотогчин уул (2005.0), түүнээс зүүн урагш орших Хулгар уул (1687.7), Халзан майлаа уул (1482.7), түүнээс зүүн тийш орших Зургаан худаг (1129.0), түүнээс зүүн урагш Бүгтээ улаан (1113.0), Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын хилийн заагийн уулзвар Хонгор уул (1156.4).

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ