A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 100

Төрийн ордон, Улаанбаатар хот

Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай

Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 оны 10 дугаар сард багтаан явуулах, үүнтэй холбогдуулан иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгох, иргэнд хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2/дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, программ хангамж худалдан авах ажиллагааг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 6,755.0 сая /зургаан тэрбум долоон зуун тавин таван сая/ төгрөгт багтаан гүйцэтгүүлэх;

3/өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлсэн иргэний шинэчилсэн бүртгэл явуулах үйл ажиллагааны санхүүжилтийг бүртгэл дууссан хугацаанаас эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлэх.

2.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ