A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 379

Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛЫН БАНКНЫ/-НЫ ТУХАЙ ХУУЛЬ, БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хууль, Банкны тухай хуулийн зарим зүйл, хэсэг,заалтыг нэг мөр ойлгож,зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ нь:

Нэг.Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

1.Төв банк /Монгол банк/-ны тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "…Монголбанкнаас тогтоосон банкны бусад пассив…" гэдэгт Монгол банкнаас тогтоосон журмаар тодорхойлсон банкны тэнцлийн "бусад пассив" гэсэн бүлэгт багтаж буй дансуудыг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "…төрийн мөнгөний бодлогын зорилт, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал" гэдэгт Төв банк /Монгол банк/, Засгийн газрын өрийн бичгийг худалдан авах, худалдах нь УИХ-аас тодорхойлсон төрийн мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тус дөхөм үзүүлж,өрийн бичгийн нөхцөл болон түүний хүү нь тухайн үеийн зах зээлийн байдалд зохицож,улмаар үнэт цаасны зах зээлд борлогдох боломжтой байхыг ойлгоно.

3.Хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "…Монгол банкин дахь тухайн банкны харилцах дансаар дамжуулан гүйцэтгэнэ" гэдгийг Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсноор ойлгох бөгөөд "Монголбанкин дахь харилцах данс нь" банк хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэхэд ашиглах, Банкны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан заавал байлгах нөөцийн тодорхой хэсгийг төвлөрүүлэх зориулалттай данс гэж ойлговол зохино.Монголбанкин дахь харилцах данс аливаа харилцагч /хуулийн этгээд,иргэн/-тай харилцах данс биш учир тэдгээрийн хариуцах өр төлбөрийн тооцоог гүйцэтгэхгүй,харин тухайн банк өөрөө төлбөр хариуцагч байх тохиолдолд уул данснаас зөвхөн шүүхийн шийдвэрээр төлбөр гаргуулж болно.

4.Хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "Өөрийн ажилтанд хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тусламж үзүүлэх, зардлыг гаргах" гэдэгт Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу урьдчилан байгуулсан сангаас Монголбанкны ажилтнуудын эрхэлж буй ажлын онцлогоос хамаарч тэднийг эдийн засаг, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байлгах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор урьдчилан байгуулсан,дүрэм нь батлагдсан сангаас уул дүрэмд заасан зориулалт, журмын дагуу тусламж үзүүлэх, зардал гаргахыг ойлгоно.

5.Хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "…Засгийн газраас хараат бус байна" гэдгийг Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд бие даан явуулж, төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн биелэлт, мөнгө зээлийн байдал, тайлангаа УИХ-д танилцуулдаг, Засгийн газрын үндсэн ба дэд бүтцэд хамаарахгүйгээр түүнтэй зөвхөн хуульд заасан асуудлаар харилцдаг байхыг ойлгоно.

6.Хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэсэн заалт нь Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх гэсэн 24 дүгээр зүйл, Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрх гэсэн 25 дугаар зүйл, Банкны тухай хуулийн "Хууль тогтоомж зөрчсөн банкны талаар авах албадлагын арга хэмжээ" гэсэн 31 дүгээр зүйлийн заалтын дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамаарахгүй.

Хоёр.Банкны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

1.Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын "дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох" гэдэг нь банк дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо давуу байдал бий болгох үйл ажиллагаанаас гадна мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу банкууд хамтран тодорхой төслийг санхүүжүүлсний үр дүнд төсөл хэрэгжүүлэгч гуравдагч этгээдэд шударга бус, давуу байдал бий болгох тохиолдол нэгэн адил хамаарна.

2.Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын "өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх" гэдгийг хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон журмын дагуу гаргавал зохих тайлан, тэнцэл болон бусад мэдээ,түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа,түүний дотор хадгаламж,зээлийн хүү,зээлийн чанартай холбогдсон асуудлаар буруу ташаа сурталчилгаа,мэдээллийг холбогдох байгууллагад өгөх,олон нийтэд тараахыг хамааруулан ойлгоно.

3.Банкны хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын "төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно" гэдэгт тухайн банкнаас явуулж байгаа нийтэд мэдээлэх,ажил үйлчилгээний үнэ тарифыг тухай банкны удирдах төв байгууллагаас албан ёсоор батлан гаргахыг ойлгоно.

4.Банкны хуулийн 11 дүгээр зүйлийн "…төлбөрийн баталгаа гаргаж болно" гэдгийг тухайн банк өөрийн харилцагчдаас бусад этгээдэд банкны өөрийн хөрөнгөөр батлан даалт гаргахыг ойлгоно. Энэ батлан даалт нь Монгол Улсын Иргэний хуулийн 184 дүгээр зүйл, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хэмжээ, хязгаарт багтсан байвал зохино.

5.Банкны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "банк дампуурсан тухай эрх бүхий байгууллага зарласан" гэдгийг банкыг дампууруулах тухай шийдвэрийг шүүх болон хуульд заасан эрх бүхий бусад байгууллага гаргаж зарлахыг ойлгох бөгөөд үүнийг мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан албадлагын арга хэмжээтэй адилтгаж болохгүй. Энэ тохиолдолд Монголбанк банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгож нийтэд зарлана.

6.Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн "Банкны гишүүн дүрмийн санд оруулсан хөрөнгөө Монголбанкны зөвшөөрлөөр бусдад худалдахаас өөрөөр буцаан авахыг хориглоно" гэдгийн "банкны гишүүн" гэдэгт Банкны дүрмийн санд хувь оруулсан иргэн,хуулийн этгээдийг, "Монголбанкны зөвшөөрлөөр бусдад худалдахаас өөрөөр буцаан авахыг хориглоно" гэдгийг банкны гишүүн дүрмийн санд оруулсан хөрөнгөө бусдад худалдах тухайгаа Монголбанкинд мэдэгдэж түүнээс албан ёсны зөвшөөрөл авсны дараа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан худалдахыг тус тус ойлгоно.Энэ тохиолдолд худалдан авсан этгээд,худалдагчаас банкны дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийн зах зээлийн үнэтэй тэнцүү хэмжээний төлбөрийг худалдагчид төлж, хөрөнгийг нь худалдан авсан гишүүний оронд тухайн банкны гишүүн болсонд тооцогдоно.

7.Банкны хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "Банкны гишүүн дүрмийн санд оруулсан өөрийн хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээнэ" гэдгийг тухайн банк дампуурах,татан буугдах зэрэг тохиолдолд бий болсон алдагдлыг дүрмийн санд иргэд,аж ахуйн нэгж,байгууллагаас хувь нийлүүлсэн хөрөнгөөр хаахыг хэлнэ. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу гишүүдэд шилжүүлнэ.

8.Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно" гэдгийг Монголбанк, Сангийн яамны хамтран тогтоосон журмын дагуу зөвхөн тухайн банкны орлогоос Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн дагуу тооцсон орлогоос зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн зардлыг хасч,үлдэх орлогод татвар ногдуулна гэж ойлгоно.

9.Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Онцгой дэглэм тогтоосон банкыг удирдах бүрэн эрхт төлөөлөгч,банкны эрх хүлээн авагчаар Монголбанк өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг томилж болно" гэсний "бусад этгээд" гэдэгт Монголбанкны ажилтан бус эдийн засаг,санхүү,банк,хуулийн мэргэжилтэй, дадлага туршлагатай бусад этгээдийг ойлгоно.

10.Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтооно", 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсийг Монголбанк тогтооно" гэдгийг Монголбанк бүрэн эрхт төлөөлөгч,банкны эрх хүлээн авагчаар томилогдсон этгээдтэй харилцан тохиролцож онцгой дэглэм, татан буулгах үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж уул гэрээнд бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсний хэмжээг тогтоож олгохыг ойлгоно.

11.Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 5 дахь заалтын "…Банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол" гэдэгт банкны эрх хүлээн авагчийн гэм буруутай үйл ажиллагаатай холбоогүйгээр гарсан алдагдал, давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол, төрөөс авч хэрэгжүүлж байгаа эдийн засаг, санхүүгийн арга хэмжээг тухайн банкинд хэрэгжүүлэх болон бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаагаа явуулахтай холбогдон гарсан төлөвлөгдөөгүй нэмэгдэл зардлууд хамаарна.

12.Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн", 2 дахь заалтын "банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч", 3 дахь заалтын "банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч" гэдгийг тэдгээрийг эзэмшигч нэг субъектэд хамааруулан ойлгоно.

13.Банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "худалдаж борлуулах актив хөрөнгийн жагсаалт…" гэдэгт мөн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкнаас тодорхойлсон бүртгэлийн зарчим, жишгийн дагуу гаргасан банкны тэнцлийн актив талд бүртгэгдсэн борлогдох бүх хөрөнгийн жагсаалтыг хамруулан ойлговол зохино.

14.Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "банкны эрх хүлээн авах үйл ажиллагаатай холбогдож гарсан зардал" гэдэгт тухайн банкинд эрх хүлээн авагч томилогдсон үеэс эхлэн түүний үйл ажиллагаа дуусгавар болох хүртэлх хугацаанд гарсан Банкны эрх хүлээн авагчаас хууль тогтоомжийн дагуу явуулсан үйл ажиллагаатай холбогдох нийт зардлыг ойлгоно.

15.Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр" гэдэгт банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш Монголбанкнаас олгосон зээл, Засгийн газраас гаргасан үнэт цаас тэдгээрийн хүүгийн төлбөрийг ойлгоно. Үүнд банкны эрх хүлээн авагч томилохоос өмнө авсан зээлийн төлбөр хамаарахгүй.

16.Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "Банкийг татан буулгасны дараа төлөх боломжтой хэмжээнээс багагүйгээр тооцож банкны өр, хадгаламжийн төлбөрийг бууруулна" гэдгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу гаргасан худалдан борлуулсан актив хөрөнгөөс Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан ээлж дарааллын дагуу банкны өр, хадгаламжийг хувь тэнцүүлэн олгож байхыг ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ