A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

                                                                    ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Төрийн албаны тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон этгээдэд хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалт нэгэн адил хамаарна.

Энэ хэсэгт заасан "...орон тооны албан тушаал..." гэдгийг аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагын бүтцэд багтдаг, цалин хөлстэй, тодорхой чиг үүрэг бүхий, байнгын шинжтэй ажлын байр гэж ойлгоно.

2.Хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т заасан "...аливаа хэлбэр…"-т сонгуулийн сурталчилгааны бүхий л үйл ажиллагааг хамааруулж үзнэ.

3.Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т заасан "... албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах…" гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, эсхүл ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн албан тушаалтны удирдлагын дор үүрэг гүйцэтгэх, түүнд ажлын гүйцэтгэлээ хянуулж, дүгнүүлэхийг хэлнэ.

Мөн хэсэгт заасан "...гэр бүл...", "...төрөл, садан..." гэдгийг "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 10-т зааснаар ойлгож хэрэглэнэ.

4.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан "...сул орон тоо гарсан..." гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ.

Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг "сул орон тоо гарсан" гэдэгт хамааруулж үзнэ.

Мөн хэсэгт заасан "...сонгон шалгаруулах..." гэж төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан, өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулахыг ойлгоно.

Ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтайг анхаарвал зохино.

5. Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан "...эзгүй байгаа албан хаагч..." гэдэгт хууль тогтоомжид заасны дагуу ээлжийн амралт эдлэж байгаа, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, албан томилолтоор ажилласан, түр хугацаагаар сургалтад хамрагдсан, эдгээртэй адилтгах бусад шалтгааны улмаас албан үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй этгээд хамаарна.

Хуульд заасан үндэслэлээр ажлын байрны сул орон тоо гарсныг "эзгүй байгаа албан хаагч"-д хамааруулж үзэхгүй.

6. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан "... зөвшөөрсөн ..." гэдгийг албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байна.

Мөн хэсэгт заасан "...сэлгэн ажиллуулж..." гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох гэж ойлгоно.

7.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "...хангалтгүй биелүүлсэн..." гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан "…албан үүргээ биелүүлээгүй…" гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ.

8.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан "үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон" гэдэгт хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгоно.

9.Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн", "төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн" эсэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр тодорхойлно.

10.Мөн зүйлийн 24.1.3-т заасан "өөрийн санаачилгаар…хүсэлт гаргасан" гэснийг "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-т зааснаар ойлгоно.

11.Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно.

Энэ хэсэгт заасан "…зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн..." гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно.

12.Мөн зүйлийн 26.6-д заасан "... сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс нэг жилийн дотор..." гэж сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш хуанлийн нэг жил бүтэн өнгөрснийг хэлнэ.

13.Эрх бүхий албан тушаалтан мөн зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар холбогдох этгээдэд заавал мэдэгдэж, баримтжуулах бөгөөд ийнхүү мэдэгдсэн хугацаанаас хойш энэ зүйлийн 26.8-д заасан хугацааг тоолно.

14.Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т заасан "гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн 1 хүүхэд..." гэдэгт төрийн албан тушаал эрхэлж байгаа иргэний төрсөн буюу үрчилж авсан хүүхдүүдээс боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан өмчийн аль ч хэлбэрийн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуульд элсэн суралцах эрхийг тогтоосон журмын дагуу олж авсан зөвхөн нэг хүүхэд хамаарна.

15.Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..." гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.

Энэ хэсэгт заасан "...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн..." гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.

Мөн хэсэгт заасан "...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн..." гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ.

Энэ хэсэгт заасан "...орон тоо цөөрсөн...", мөн зүйлийн 27.2.4-т заасан "...орон тоо хасагдсан ..." гэдгийг "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.

Мөн хэсэгт заасан "...шалгаруулж авна" гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.

16.Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан "төрийн байгууллага татан буугдсан..." гэдгийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ойлгоно.

Төрийн байгууллага татан буугдсаныг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ.

17.Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан "…биеэр эдэлж чадаагүй…" гэдэгт албан ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа огт эдлээгүй, эсвэл ээлжийн амралттай байх үедээ байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр дуудагдан ажиллаж, нөхөн амраагүй зэргийг хамааруулж үзнэ.

18.Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан "...хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр..."-т төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч болон төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, дэвшүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, зэрэг дэв олгох, сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зэрэг хүний нөөцөд холбогдох асуудлаар гаргасан эрх зүйн актууд хамаарна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй.

19. Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан асуудлаар гаргасан Төрийн албаны төв байгууллагын шийдвэрт зөвхөн маргаан бүхий асуудалтай холбогдох төрийн жинхэнэ албан хаагч гомдол гаргах эрхтэй.

20.Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь заалтыг дараах байдлаар ойлгож хэрэгжүүлнэ.

20.1 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан журмын дагуу гаргасан гомдлыг Төрийн албаны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянах бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийнхээ хувьд шүүхэд хариуцагч болохгүй.

20.2 Энэ зүйл, хэсэгт заасан 30 хоногийн хугацааг шийдвэр гарсан талаар холбогдох этгээд мэдсэн үеэс эхэлж тоолно.

Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ талаар холбогдох этгээдэд мэдэгдэж, энэ талаар баримтжуулсан байвал зохино.

21.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 1995 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 245, 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 153, 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Ц.СУМЪЯА