Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай


2011 оны 11 сарын 03 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 47



Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд тусган баталсан хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Cонгогчдын бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүнг дамжуулах ажиллагааг автоматжуулах цахим техник, технологийн шийдлийг боловсруулж, шаардлагатай зөвлөх үйлчилгээ, программ хангамж, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Сонгуулийн ерөнхий хороо /Н.Лувсанжав/-нд зөвшөөрсүгэй.


2.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдон техник, тоног төхөөрөмжийг хүлээн авч хадгалах, сонгуульд бэлтгэн баталгаажуулахад шаардлагатай агуулах, байраар хангах, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах холбоо, мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, автоматжуулах техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай цахилгаан эрчим хүч, холбоо, мэдээллийн сүлжээний нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.


3.Энэ тогтоолыг 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ