A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1999 оны 03 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 79

Улаанбаатар хот

                                  ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /цаашид "хууль" гэх/ 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар тайлбарласугай.

1.Хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Түрээслэсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ" гэдгийн "тэргүүн ээлжинд худалдан авах эрх" гэдэгт түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг түрээслэгч нь уг эд хөрөнгийг түрээслүүлэгчээс санал болгосон худалдах нөхцөл, үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй гэж ойлгоно. Хэрэв түрээслэгч түрээслүүлэгчийн санал болгосон худалдах нөхцөл болон үнийг хүлээн зөвшөөрөөгүй бол тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ алдах бөгөөд худалдааг хуульд заасан нийтийн журмаар явуулна.

2.Хууль буюу түрээсийн гэрээнд түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгөө тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлэхгүй байхаар заасан бол тухайн хууль буюу гэрээнд заасан журмыг баримтлана.

3."Хуулийн мөн зүйл, хэсгийн "Түрээслэсэн эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ" гэдгийг төрийн өмчийн түрээслүүлсэн эд хөрөнгийг хувьчлах журмаар буюу хувьчлалаас гадуур худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлэхээр түрээсийн гэрээнд заагаагүй түрээслэгч нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах тухай хүсэлт гаргавал түүнд түрээслүүлсэн эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо тухай бүрт нь шийдвэрлэх эрхтэй гэж ойлгоно.

4.Эд хөрөнгө түрээслэх гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулсан бөгөөд гэрээндээ уул эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлэхээр заасан, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг түрээслэгч нь гэрээний нөхцлийн дагуу түүнийг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Хэрэв ийм тохиолдолд түрээслүүлэгч нь гэрээнийхээ заалтыг зөрчиж уг эд хөрөнгийг өөр этгээдэд худалдах гэрээ байгуулсан байвал түрээслэгч уул эд хөрөнгийн гэрээнд заасан нөхцөл болон үнээр эд хөрөнгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

5.Хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн төрийн өмчийн эд хөрөнгийг "хувьчлалаас гадуур худалдах" гэдэгт нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасны дагуу тухайн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгийг хувьчлах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй, түүнийг хувьчлалд хамаарах эд хөрөнгийн жагсаалтад оруулаагүй бөгөөд хувьчлах арга, хэлбэр, нөхцөлийг урьдчилан тодорхойлоогүй тохиолдолд төрийн өмчийн хөрөнгийг худалдах ажиллагааг хамааруулах бөгөөд төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахдаа үл хөдлөх хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын, Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн албан ёсны шийдвэрийг үндэслэн худалдана.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ