Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮНСНИЙ БУУДАЙН НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮНСНИЙ БУУДАЙН НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛАХ ТУХАЙ


2008 оны 12 сарын 11 өдөр 


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 42



Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Гурилын хангамжийг сайжруулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:


1/ 2008 оны дотоодын ургацаас 100 мянган тонн хүнсний буудайг худалдан авч, Монгол Улсыг хөгжүүлэх санд буудайн нөөц хэлбэрээр байршуулах ажлыг зохион байгуулах;


2/Монгол Улсыг хөгжүүлэх санд байршуулсан хүнсний буудайг 2009 оноос эхлэн жил бүрийн 2, 3 дугаар улиралд борлуулж, тухайн жилийн намрын ургацаас худалдан авч дахин байршуулах арга хэмжээг зохион байгуулж байх;


3/Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулах хүнсний буудайг хадгалах байршил, түүнд байршуулах хүнсний буудайн хэмжээг тогтоох, түүнчлэн худалдан авах, борлуулах, хадгалах үйл ажиллагааг зохицуулах журам баталж, мөрдүүлэх.


2.Монгол Улсыг хөгжүүлэх санд хүнсний буудайн нөөц хэлбэрээр байршуулах 100 мянган тонн хүнсний буудайг худалдан авах, тээвэрлэх, хадгалах зардалд шаардагдах 40 тэрбум төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлсүгэй.


3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц. Баярсайхан/-нд даалгасугай.


4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД